Тайгын иргэд нэн ховордсон вансэмбэрүү цэцгийг нохойгоор түүлгэж байна гэв

Д.Тулга / Технологи

wansemberuu

-НЭГ КГ ВАНСЭМБЭРҮҮ ЦЭЦГИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДДАГ-

Олон нийтийн сүлжээгээр дэлхийд нэн ховорт тооцогдох ургамлын төрөл зүйл болох вансэмбэрүү цэцэг худалдах тухай зар түгсээр буй юм. Энэ нь вансэмбэрүү цэцгийг уушгины хавдар, хатгалгаа, хүндэрсэн ханиад томууны үед хэрэглэдэг гэсэн яриа олон нийтийн дунд тарсантай холбоотой аж.

Сүүлийн жилүүдэд нийслэл хот төдийгүй томоохон суурин газруудад агаарын бохирдол эрчимтэй нэмэгдэж, тэр чинээгээр иргэд, ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд уушги, амьсгалын замын өвчлөл нэмэгдсэн нь энэхүү ургамлыг худалдан борлуулах зах зээл өргөжжээ.

Вансэмбэрүү цэцэг нь манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховор тархан, ихэвчлэн 3000 метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо 15 см-ээс нэг метр хүртэл өндөр ургадаг. Энэ ургамалд эм, эр бэлэг хамтдаа байрладаг бөгөөд өөрөөр хэлбэл, хос бэлэгтэй нэг гэрт ургамал юм. Иймээс энэ цэцгийг эрт дээр үеэс аз жаргалын бэлэг тэмдэг хэмээн нэрлэж, хосоороо ургасан вансэмбэрүүг харсан хүн аз жаргалтай амьдардаг гэж домогт өгүүлдэг билээ.

Сүүлийн жилүүдэд энэхүү цэцгийг иргэд арилжааны зориулалтаар түүж бэлтгэн, өндөр үнээр худалдаалах болсноор нэн ховордож устах аюулд хүрээд байгааг ургамал судлаачид хэлж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тайгад ургадаг вансэмбэрүү цэцгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд нутгийн иргэд их хэмжээгээр түүж бэлтгэн борлуулах болжээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн Ар-Булаг сумын иргэн А-гаас тодрууллаа.

wansemberuu

-НОХОЙГООР ТАСДУУЛВАЛ ЦЭЭРГҮЙ ГЭХ ЮМ БИЛЭЭ-

-Танай аймагт нэн ховордсон вансэмбэрүү цэцгийг их хэмжээгээр худалдах болсон тухай дууллаа. Ямар учиртай юм бол?

-Вансэмбэрүүг уушгины өвчинд маш сайн гэж дуулаад хүмүүс их хэрэглэж, асууж сураглах болсон юм билээ. Тайгад их өндөр ууланд ургадаг. Тайгынхан очиж түүж авч ирдэг. Тэрнээс жирийн хүмүүс очоод, тэр цэцгийг таньж мэдэн, түүж чаддаггүй юм гэсэн.

-Түүх домогт энэ цэцгийг тэнгэрийн цэцэг хэмээгээд таслаж болдоггүй гэдэг. Ямар хүмүүс түүдэг юм бэ?

-Өмнө нь хөгшчүүд тэнгэрийн цэцэг тасалвал цээртэй гэж ярьдаг байсан. Аргагүй болвол дээр нь гэр барьж аргадаж байж түүдэг гэлцэж байсан. Сүүлийн жилүүдэд тайгынхан майхантай очиж хоноод түүдэг байсан. Өнгөрсөн зунаас тайгын хэдэн айл нохой сургаж түүлгэдэг болсон. Гэрийн гөлгөн нохойг сургаад, хүний явж хүрэхгүй газраас тасдуулж авдаг. Манай нутгийнхны яриагаар нохойгоор тасдуулвал цээргүй гэх юм билээ.

-Вансэмбэрүүг хэдэн төгрөгөөр худалддаг юм бол? Нутгийнхан нь энэ ургамлыг юунд хэрэглэдэг вэ?

-Цэцгээ хатааж хорт хавдар, уушгиний өвчин, ханиадны үед хэрэглэдэг. Нутгийнхан түүсэн хүмүүсээс худалдаж аваад, Улаанбаатар руу хүмүүст нэг кг-ыг нь 100 мянган төгрөгөөр зардаг. Хотоос хүмүүс одоо хүртэл сурж асууж байна.

wansemberuu-ВАНСЭМБЭРҮҮ ЦЭЦЭГ МӨХЛИЙН ШАТАНД ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ОРЧИХСОН-

Иргэдийн дунд үүсээд байгаа эрэлт хэрэгцээний улмаас нэн ховордоод буй ургамлын ашиглалт, нөөцийн талаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х.Алтанзулаас тодрууллаа.

-Нэн ховор, “Улаан ном”-д орсон ургамлууд, мөн бусад эмийн ургамлуудын устаж, ховордож буйн гол шалтгаан юу вэ?

-Ерөнхийд нь хоёр хувааж байгаа. Нэгдүгээрт, хүний хүчин зүйл буюу хүнээс шууд болон шууд бус хамааралтайгаар устаж байгаа. Хоёрдугаарт, байгалийн хүчин зүйл болох цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэргийн нөлөөлөлтэй холбоотой. Гэвч байгалийнхаас илүүтэй хүний хүчин зүйлийн хор нөлөө их байна. Адаглаад эмчилгээний зориулалтаар ашиглах гэж хулгайгаар ухаж малтаж авах нь их байна. Мөн ховор эмийн ургамлын наймаа газар авсан болохоор хэдэн тонноор нь хил давуулан наймаалах нь ихэсчээ. Жишээ нь, нутгийн иргэд хятад, солонгосчуудад худалдаалах нь их. Ялангуяа үндсийг нь ашигладаг ургамал энэ талын наймаанд их нэрвэгддэг юм.

-Манай улсад ховор эмийн ургамлуудаа гадаадад экспортлох, худалдан борлуулах ямар тохиолдол байдаг вэ?

-Яг ховор, ховордсон, нэн ховор ургамлуудыг гадагш нь гаргах, ашиглах, худалдаалах нь хуулиар хориотой. Ялангуяа худалдан борлуулах тухайд. Харин судалгаа шинжилгээний зориулалтаар албан ёсны зөвшөөрлөөр, тодорхой заасан хэмжээний ургамлыг гаргадаг. Жишээ нь, буржгар сараана гэх ургамлыг жилд 5 кг-аас дээшгүйг гаргана гэхчилэн зааж өгсөн байдаг. Яах вэ, өөрсдөө тарьж, ургуулаад гарган худалдаалж болох байх л даа. Байгаль дээрх, онгон зэрлэгээрээ ургамлыг дээр хэлснээр ашиглахыг хуулиар хориглосон байгаа.

-Сүүлийн жилүүдэд вансэмбэрүү цэцгийг түүж худалдах болсноор устаж буй ургамлын төрөлд орсон гэх юм. Үрслүүлж ургуулах боломж хэр байдаг вэ?

-Нэн ховор төрлийн ургамлуудыг үрийн аргаар тариалж болох арга тал бий. Гэвч вансэмбэрүүг туршиж үзэхэд үр дүн нь муу байсан. Зарим ургамал бүр түүхэн хөгжлийнхөө явцад угаасаа мөхөж байгаа гэх юм уу даа. Мөхлийнхөө шатанд эргэлт буцалтгүй орчихсон ургамлыг яаж ч сэргээх гээд болдоггүй тийм ховор тохиолдол бий л дээ. Вансэмбэрүү ийм ургамлын тоонд ордог учир бид ургуулах гэж үзсэн ч нэг их үр дүнд хүрээгүй. Бидний ажил асар их хөрөнгө шаарддаг учир энэ мэт үр дүнгүй ургамал барьж аваад байх боломжгүй. Дараа нь тайлан тооцоогоо тавихад ч бэрх учраас шүү дээ.

-Нэн ховор эмийн ургамлуудыг хорт хавдрын үед хэрэглэхэд үр дүнтэй гэдэг. Энэ төрлийн нарийвчилсан судалгаа шинжилгээ байдаг болов уу?

-Ер нь байгалийн гаралтай гэхээр илүү эрсдэл багатай байдаг. Химийн гаралтай нь нэгийг дарангуйлж чаддаг ч нөгөөд нь сөрөг нөлөөтэй байх нь их. Тиймээс хүнд хор нөлөө бага учир ургамлын гаралтайг нь илүү сонирхож байгаа болов уу. Гэхдээ ургамал сайн гээд л хамаагүй хэрэглээд байж болохгүй. Тухайн өвчлөлд хэр нийцэх, ямар үйлчлэлтэй вэ гэхчилэн нарийн судалж шинжлэх нь чухал. Мөн аль ч эм бэлдмэлд тун тааруулах гэж чухал юм бий. Иймээс анагаах ухаан, шинжлэх ухааны ул үндэстэй, өндөр түвшний судалгааны үр дүнг анхаарах нь зөв.

Б.ЦОГ


Сэтгэгдэл

зочин [66.181.160.94] 2022-08-04 04:36:32

Үр дүнгүй ургамал барьж аваад байх боломжгүй, Тайлан тооцоогоо тавихад ч бэрх гэхээр амарыг нь харж судалдаг гэж ойлгож болох уу. Уг нь ийм мөхөж буй өвс ургамлаа сэргээхэд ОУлсын эрдэмтэдтэй хамтраад ажиллаад аваад үлддэг бол сайхан сан даа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000