Бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон 198 хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байна

Aдмин / Хууль

Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг. Хүүхдийг хүчирхийлэхтэй холбоотой 108 дугаарт дуудлага ирэх, гэмт хэргийн шинжтэй мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд тухайн хүүхдийг хэрхэн хамгаалах талаар нэн даруй арга хэмжээ авч эхэлдэг.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд хүүхэд хамгааллын хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээг 2022 онд 369, 2023 онд 452 хүүхдэд, 2024 онд 198 хүүхдэд үзүүлж байгаа ажээ.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дэргэд 2023 оны аравдугаар сард "Гэрэлт нар" хүүхэд хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээний төв байгуулсан байна. 2024 оны аравдугаар сарын байдлаар бэлгийн хүчирхийллийн 34 хохирогч, хүн худалдаалах гэмт хэргийн зургаан хохирогчид үйлчилгээ үзүүлжээ.

Нэн түрүүнд хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх нь чухал тул түр хамгаалах байр, эсвэл гэр бүлд нь хүүхэд хамгаалах үйлчилгээг үзүүлэх шийдвэрийг хүүхэд хамгааллын байгууллагууд гаргадаг аж.

Хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөл байдлын үнэлгээ хийж, гэр бүлийн дэмжлэг сайн, аюул эрсдэлгүй бол гэр бүлд нь, харин гэр бүлийн орчинд эрсдэлтэй, хүүхдийг төрсөн эцэг, ах, хамаарал бүхий хүн үйлдсэн бол, мөн гэр бүлийн дэмжлэг муу, эцэг эх асран хамгаалагч хүүхдийг буруутгасан зэрэг эрсдэлүүд байвал гэр бүлээс нь тусгаарлаж үйлчилгээ үзүүлдэг байна.

Түр хамгаалах байранд байрлуулахдаа аюулгүй байдлыг нь хангаж, сэтгэл зүйн үйлчилгээ, сэтгэл заслын үйлчилгээ, нийгэмшүүлэх хөтөлбөрт хамруулах, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэнд боловсролын үйлчилгээнд холбон зуучлах, зарим тохиолдолд эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргадаг аж.

Мөн хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, хууль ёсны төлөөлөгч томилон ажиллуулж, өмгөөлөгчийн зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргаж буй юм байна.

2022 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамтай хамтран баталсан "Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын аргачлал, норматив"-д бэлгийн хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх дундаж хоногийг 182 хоног гэж тогтоожээ.

Тэр дундаа бэлгийн хүчирхийллийн хохирогчийн хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ 6 сараас 1.7 жил хүртэлх хугацаанд үргэлжилдэг байна.

Манай улс 2016 онд анх удаа “Хүүхэд хамгааллын тухай хууль”-тай болж 2024 оны нэгдүгээр сарын 17-нд шинэчлэн баталсан. Шинэчлэн найруулсан хуулийг өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж буй юм.

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс “Гэр бүл төвтэй, хүүхдийн хөгжил хамгаалал”-ын үйлчилгээ үзүүлэхээр сум бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн нийт 927 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах ажээ.

Мөн Зөрчлийн хуулийн 6.20-рт зааснаар хүүхдийн эрхийг зөрчсөн хүнд арга хэмжээ авах Хүүхдийн эрхийн байцаагч ажиллана. Засгийн газраас 16 мянган хүүхэд тутамд нэг Хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллах орон тоог тогтоож, 2026 оны нэгдүгээр сараас тогтоол хэрэгжих юм байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.