Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гал гарч, эрчим хүч нийлүүлэх ажил хойшиллоо
Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 мBт хүчин чадалтай барихаар төлөвлөж, эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн.
Гэвч уг цахилгаан станцад осол гарчээ.
Тодруулбал, "Цэцэнс Майнинг Энд Энержи" ХХК буюу “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд "Монгол улсын эрчим хүчний шинэ эх үүсвэр болох 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны анхны галлагааг 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр амжилттай эхлүүлсэн.
Харамсалтай нь 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05:00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэгт галын осол гарлаа. Галыг богино хугацаанд бүрэн унтраасан бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Энэхүү ослын улмаас төвийн бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх хугацаа хойшилж байгаад хүлцэл өчье. Галын ослоос гарсан хохирлыг богино хугацаанд засварлаж хэвийн үйл ажиллагаанд оруулахаар захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч Синостийл компанийн инженер техникийн ажилтнууд шуурхай ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл