Зеленский: Путин, Шольц нар утсаар ярьж, “Пандорагийн хайрцаг”-ийг нээлээ
Германы канцлер Олаф Шольц, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар бараг хоёр жилийн дараа анх удаа утсаар ярьжээ. Германы хэвлэлд бичсэнээр, үүнээс өмнө Орос, Германы удирдагчид 2022 оны арванхоёрдугаар сард утсаар ярьсан байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч рүү утас цохисныг эсэргүүцжээ.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, Путин, Шольц нарын яриа нэг цаг орчим үргэлжилсэн байна. Германы Засгийн газар Путин Шольцтой ярилцсаныг баталжээ.
Германы канцлер Украины эсрэг Оросын түрэмгийллийг буруушааж, Украин дахь дайныг зогсоож, цэргээ тэндээс гаргахыг ОХУ-ын Ерөнхийлөгчид уриалсан талаар Берлин онцолсон байна.
Шольц Путинтэй ярилцахдаа Германы тал Украинд Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд нь цаашид ч дэмжлэг үзүүлэхдээ тууштай байхаа илэрхийлж, “Берлин "шаардлагатай үед" Украиныг дэмжинэ” гэжээ.
Германы канцлер мөн ярилцагчдаа хандаж, "шударга бөгөөд энх тайвныг тогтоох" зорилгоор Киевтэй хэлэлцээ хийхийг уриалсан байна.
Кремлиэс мэдээлснээр, Путин Шольцтой ярилцахдаа Украины асуудлаарх өмнөх байр суурь хэвээр байгааг баталж, Германыг хоёр орны харилцааг "гутаан доромжилж байна" гэж буруутгажээ.
Кремлийн хэвлэлийн мэдээнд “Путин ‘Украины өнөөгийн байдал "НАТО-гийн олон жилийн түрэмгий бодлого"-оос үүдэлтэй бөгөөд энхийн хэлэлцээг "нутаг дэвсгэрийн шинэ бодит байдалд үндэслэн’ явуулах ёстой” гэж хэлснийг дурдсан талаар ОХУ-ын агентлагууд мэдээлсэн байна.
Путин “Орос улс хэлэлцээрээс хэзээ ч татгалзаж байгаагүй бөгөөд хэлэлцээр хийхэд одоо ч бэлэн байна” гэж мэдэгджээ. Үүнээс гадна Кремлийн мэдэгдэлд дурдсанаар, ОХУ Германтай хамтран ажиллахад нээлттэйг Оросын ерөнхийлөгч онцолсон байна.
Кремлийн мэдэгдэлд "Орос улс эрчим хүчний салбарын гэрээ болон гэрээгээр хүлээсэн үүргээ үргэлж чанд биелүүлсээр ирсэн бөгөөд Германы тал үүнийг сонирхвол харилцан ашигтай хамтран ажиллахад бэлэн байна" гэж дурджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Путин, Шольц нарын яриа Германы санаачилгаар болсон” гэж онцолсон байна.
Германы канцлер ийнхүү 2022 оноос хойш Украины холбоотон орнуудаас Оросын ерөнхийлөгчтэй шууд, зуучлагчгүйгээр ярилцсан анхны удирдагч болжээ.
“CNN” агентлагийн мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ХБНГУ-ын канцлер, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьж, “Пандорагийн хайрцгийг” нээсэн нь Оросын удирдагчийг тусгаарлах хүчин чармайлтыг сулруулж байна” гэж шүүмжиллээ.
Киевийн дэглэмийн удирдагч Владимир Зеленский “Дональд Трамп Цагаан ордонд байх үед мөргөлдөөн илүү хурдан дуусна гэдэгт итгэлтэй байна” гэж “Telegram” сувгийн "Улс орны бодлого" мэдээлснийг "РИА Новости" уламжлав.
Тэрбээр “Дайн дуусна. Одоо Цагаан ордныг удирдаж байгаа энэ багийн бодлогоор дайн илүү хурдан дуусна. Энэ бол тэдний нийгэмд өгсөн амлалт. Энэ нь тэдний хувьд маш чухал юм" гэж хэлсэн байна. Зеленский “Трамп Украины байр суурийг мэддэг” гэжээ.
Эх сурвалж: CNN, REUTERS, RIA NOVOSTI
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл