Meta-г 798 сая еврогоор торгоно
Цахим зар сурталчилгааны зах зээл дэх өрсөлдөөний тухай дүрэм журмыг зөрчсөн гэх үндэслэлээр Америкийн Meta корпорацыг 798 сая еврогоор торгох шийдвэрийг Европын Комисс гаргажээ.
Тус компани өөрийн зар сурталчилгааны Facebook Marketplace үйлчилгээг Facebook-тэй шууд холбосноор Европын монополийн эсрэг дүрмийг зөрчиж байгаа бөгөөд энэ нь ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг бусад компанийн хувьд шударга бус үйлдэл гэж Европын Комисс мэдэгдсэн байна.
Marketplace худалдааны талбар дээр хэрэглэгчид хуучин бараануудаа зарах боломжтой. Энэ үйлчилгээнд нэвтрэх эрхийг Facebook хаягаар дамжуулан олгодог. Ингэснээр Meta өөрийн платформыг "зар сурталчилгааны бусад үйлчилгээгээр нөхөх боломжгүй давуу талуудаар хангадаг" гэж Европын Холбооны өрсөлдөөний асуудал хариуцсан комиссар Маргарет Вестагер тайлбарлав.
Мөн Facebook-ээс гадна Instagram болон бусад хэд хэдэн үйлчилгээг эзэмшдэг Мета нь янз бүрийн платформ дээр зар сурталчилгаа явуулдаг өрсөлдөгчдийнхөө мэдээлэлд хандах боломжтой байгаад санаа зовниж байгаагаа Европын Комисс илэрхийлжээ.
Европын Комисс 2021 оны зургаадугаар сараас хойш үргэлжилсэн шалгалтын дараа ийм шийдвэр гаргасан байна.
Meta компанийн удирдлага Европын Комиссын шийдвэрийг шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгджээ. Тус комисс ийм шийдвэр гаргаснаараа "Европын цэцэглэн хөгжиж байгаа цахим зар сурталчилгааны зах зээлийн бодит байдлыг үл тоомсорлож байна" гэж Мета үзэж байгаа аж. Шүүхийн шийдвэр гарах хүртэл тус компани Европын Комиссын зааврыг дагаж мөрдөнө гэж мэдэгдэлд дурджээ.
Сэтгэгдэл