ТОЙМ: “Үхлийн хөндий”-н өрөвдөм иргэд
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдал гамшгийн түвшинд хүрснийг бүх нийтээрээ өнгөрч буй долоо хоногт хүлээн зөвшөөрлөө.
Цагтаа “Азийн цагаан дагина” хэмээн нэрлэгдэж явсан энэ хотыг “үхлийн хөндий” гэчихвэл үнэнээс хол зөрөхгүй биз. Цөөхөн монголчууд бид утаа, угаар, агаарын бохирдлын улмаас олон төрлийн өвчин эмгэгт баригдаж, цаашлаад хорт хавдар тусан, цаг бусаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр байна.
Орон нутагт ажиллаад, хар саарал өнгө төрхтэй нийслэл рүү яваад ормогц “Ийм байхад яаж эрүүл аж төрөх вэ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байв. Үнэхээр бухимдаад ч баршгүй.
Аливааг тартагт нь тулгаж байж арга хэмжээ авдаг муухай монгол зан арилаагүй л байна. Бид өчнөөн хүнээ агаар, хөрс, орчны бохирдлын улмаас нөгөө ертөнц рүү илгээсэн хойноо, амьсгалахад ч бэрх болуут сая нэг “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж арга хэмжээ авах шийдвэр гаргаж байх жишээтэй.
Засгийн газар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг УИХ-тай хамтарч шийдэхийн тулд эрх зүйн тусгай орчин шаардлагатай гэж үзэж, ирэх долоо хоногийн Даваа гарагт УИХ-д танилцуулахаа мэдэгдэв.
Өөрөөс нь өөр мундаг, ухаантай хүн байхгүй мэт аашлах болсон Хотын дарга Х.Нямбаатар “Яндангүй бүсийг зарлана” гэж мэдэгдсэн. Бага тойруу орчим дахь Дөлгөөн нуур, 32, Гандан гэх зэргээр төвийн бүсийг хамруулах гэнэ.
Энэ бүсэд 20 мянган айл байх бөгөөд бүгд LPG буюу газаар халаалтаа шийдэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг энэ сар шинийн баяраас өмнө байгуулахаар ажиллаж байгаагаа дуулгав. Барилгын ажил 3 сард эхэлж, 2025 оны аравдугаар сар гэхэд 20 мянган айлыг LPG хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Нэмээд нефтийн дайвар бүтээгдэхүүн болох газын үйлдвэр байгуулж, 80 мянган айлыг уг шугам сүлжээнд холбох боломжтой дундын станцыг байгуулахаар гаднын мэргэжилтнүүдийг урьж ажиллуулна" гэв.
Хотын дарга ер нь “пээдийгээд” байх шаардлагагүй л дээ. Оройн оргил цагаар цахилгаанаа урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэт тасалчихдаг Улаанбаатар шиг хот дэлхийд бараг байхгүй биз. Асуудлуудаа оновчтой шийдэж чадсан цагтаа "гэдийх" хэрэгтэй л дээ.
Энэ долоо хоногт анхаарал эрхгүй татсан хоёр дахь асуудал бол Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан явдал байлаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нарын санаачилсан тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ.
Гадаадын ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй гэдэг “аюул” болохыг судлаачид анхааруулж байна. Тиймээс ирэх долоо хоногт энэ хуулийн төслийн талаар нам эсвэл, иргэний нийгмийн байгууллагууд байр суурь илэрхийлж, зөв шийдэл олно гэж найдъя.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаас энэ долоо хоногт Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах асуудал олны анхаарлын төвд байлаа.
Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс-Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын дарга С.Амарсайханы мэдээлснээр ямартаа ч гүйцэтгэх засаглал энэ асуудлыг бизнес эрхлэгчид, холбогдох албаны хүмүүстэй сайтар ярилцаж, зөвшилцсөний эцэст байгуулахаар гэрээ үзэглэх хугацааг түр хугацаагаар хойшлуулсныг мэдэгдсэн юм.
Зарим үндэсний үйлдвэрлэгчид 10 гаруй жилийн хугацаанд энэ холбоонд гэрээ байгуулъя гэж гуйж гувшиж байж арайхийн зөвшөөрүүлснийхээ дараа гэнэт болилоо гэсэн шийдвэр гаргах вий гэдгээс болгоомжилж буйгаа илэрхийллээ. Учир нь, хүнс, барааны хувьд дан ганц Хятадын бараа бүтээгдэхүүн “ноёлох” байдлыг халах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Бас бодох л асуудал.
Засгийн газрын ээлжит бусаар хуралдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.
"Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.
"Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байгааг дуулгав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийхдээ “Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Хувьцаа эзэмшигч иргэн бүрд дунджаар 350 орчим мянган төгрөгийн ногдол ашиг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан, ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно” гэж хэлэв.
Асар их баялаг, нөөцтэй улс атал баячуудын нэг хоол тавагны үнэ хүрэхгүй мөнгөөр иргэдээ “хуурч” байна гэж үзэх хүн олон байна. “Чамлахаар чанга атга” гэж хүртэж байгаа бид ч бас хөөрхийлөлтэй шүү.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар мөн Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэсэн. Тус тогтоолоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн Сан, Ирээдүйн өв санд хуваарилж, 2025 оны зорилтот түвшинг хангуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
Мөн Үндэсний баялгийн санг Их Эзэн Чингис хааны нэрээр “Чингис сан” гэж нэрлэхээр тогтлоо. Хөгжлийн сангаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар судалж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгосон юм.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.57] 2024-12-23 08:25:40
Иргэдээ 121 мянгаар хуураад дарга нар өөрсдөө 100 сая авч байна гэнэ. Энэ тэгээд шудрага уу?
Иргэн [66.181.191.102] 2024-12-23 07:28:51
Хотын утаа 1990, 2000 оноос хойш УБ хотод дураараа нүүж ирж хотын захаар суурьшин гал түлж утаа гаргаж байгаа айлуудаасс үүсэлтэй. Тиймээс утааг багасгах ганц арга бол тэдэнтэй тэмцэх хэрэгтэй. Жагсагчид гэр хороололд очиж эсэргүүцлээ илэрхийлцгээ. Төв төлбайд утаа гаргагчид байхгүй. Тэд нэг бол энэ олон орон сууцнаас аваад орох хэрэгтэй. Чадахгүй бол нутаг буцах хэрэгтэй. Хотын уугуул иргэд тэдэнтэй хатуу тэмцлийг явуулавал таарна. Тэд хотынхныг утсаар, мөнгө нэхсээр л суугаад байх тул хүчээр хөөж гарга. Утаа гаргарж байгаа яндан бүрийг устгавал зохилтой.
Zochin [212.95.5.129] 2024-12-23 02:04:28
Uhernuudee. Naad olon hog bolson buruu jolootoi Auto nuudaa zailuulaacheee!!!! Zugeer l yawuulahaan bolchihoochee! Ene ih zarzuulaad baigaa zawchaanii munguu Ger horoololdoo ded butez bas halaalt bohiriin shugam tawihad zarzuulaachee! Malnuudaa!!!! Uherteigee adilhan boddog Uher Mongolchuudaa!!!!
Toli [195.123.31.122] 2024-12-23 00:05:17
Mongolin erönhiilögch, erönhii said, said darga nar, tom geh kompany ezed geh ulsin höröngö hulgailahaa boliood l, zöwhön bairnuud barihad l ene utaani asuudal shiidegdene. Öör jamrch arga baihgui.
Зочин [66.181.188.123] 2024-12-23 00:02:15
Үхлийн хөндий аймшигтай геноцид!
Ганц арга - ядуурлыг үгүй хийх. [66.181.188.85] 2024-12-23 00:00:44
Баянхонгор, Даланзадгад хар тортог бас болчихсон байна гэсэн биздээ? Улаан баатарт ядуу айлс олноор төвлөрөөд л ийн утаатай болчихсон. Тэднийг ядуурлаас нь гаргамаар байна ш дээ. Тэгвэл л утааны асуудал шийдэгднэ.
Зочин [66.181.178.140] 2024-12-22 19:06:00
Зүгээр салхин дээрх гэр хорооллоо нүүлгэх хэрэгтэй өөр ямар ч гарцгүй
Зочин [59.153.112.13] 2024-12-22 18:41:35
Бид өөрсдийгөө азийн цагаан дагина гэж донгодсон байх шүү. Өөр гаднаас ингэж магтсан явдал бол байхгүй. Одоо бол хар хэрээ гэхэд болж баына даа
зочин [66.181.188.100] 2024-12-22 17:02:09
Өргөн уудам нутаг оронтой хүн ам цөөн улс талаас илүү нийслэлд суурьшин бөөгнөрч түгжрэл утаанд өөрсдийгөө хордуулж өвчин эмгэг тусч бурууг бусдад тохон бухимпах нь эмэгнэлэл
Зочин [202.9.46.90] 2024-12-22 15:14:34
Ямар ч дайн цэрэг зэвсэггүйгээр утаагаар хордуулаад алчихаж болох юм байна.
Царайчлагч [103.212.117.66] 2024-12-22 12:28:29
Үгүүллэг санаа нь туйлын зөв чухал юм. Илэрхийлж буй нь арай л байна. Дээхэн үед боловсолын сайд нэг нөхөр их сургуулийг аргалдаг шавьтай, аргалуулдаг газар гэж тодохойлсон. Түүнээс хойш багш нар солонгос явж ажиллах их түрлэг үүссэн. Үүнийг хэлсэн нь замбараагүйдлээс сэргийлэхэд нэмэр болж мэднэ. Нийтлэгч хүн гэгээрлийн талыг илүү өаривал саын гэж мунхагла. Уучлаарай.