2026 оноос элсэлтийн шалгалтын журамд өөрчлөлт оруулна

Aдмин / Улстөр

УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын байнгын хорооны өчигдөр (2024.12.18)-ийн хуралдаанаар боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, түүнчлэн боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонсов.

Боловсролын сайд П.Наранбаяр боловсролын засаглал, удирдлагыг илүү мэргэшсэн, бодлогын тогтвортой хэрэгжилтийг хангах, олон талын оролцоог хангах зорилгоор үндэсний болон мэргэжлийн зөвлөлийг байгуулсан тухай танилцуулаад тэгш хамруулах сургалтын үр дүнд Монгол Улсын болон гадаад оронд сүм хийдэд шавилан сууж буй 500 гаруй хүүхдийг нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуульд төвлөрүүлэн ерөнхий боловсрол эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрт тохируулга хийсэн.

Эрх нь хязгаарлагдсан залуучууд анх удаа элсэлтийн шалгалт өгч, дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн цахимаар суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 2-18 насны хүүхдийн 78.9 хувь нь сургуулийн өмнөх, ерөнхий боловсролд хамрагдаж байна.

Түүнчлэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд заасны дагуу энэ хичээлийн жилд суралцагчийн эрүүл мэндийн үзлэгийг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулж, 6 настнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрууллаа гэв.

Мөн тэрбээр Боловсролын багц хуулийн хамгийн чухал шинэчлэлийн нэг болох “Багшийн 3 тулгуурт бодлого”-ын хэрэгжилтийн талаар онцоллоо. Түүний дараа боловсролын цахим шилжилт, санхүүжилтийн болон үнэлгээний шинэчлэлийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар болон Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай, Дээд боловсролын тухай хуулиудын хэрэгжилтийг танилцуулсан.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Алтаншагай, Ч.Ундрам, Ш.Бямбасүрэн, Д.Бум-Очир, С.Эрдэнэбат нар сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хэрхэн хэрэгжиж буйг, боловсролын байгууллагын аж ахуй, үйлчилгээг хариуцдаг ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хангамж ямар байгаа талаар, хотын төвийн ачаалал ихтэй багш нарт нэмэлт урамшуулал өгөх боломж буй эсэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын болон орон нутагт буй их, дээд сургуулиудын чанарыг сайжруулах бодлогын талаар асуув.

Боловсролын сайд П.Наранбаяр, сургууль, цэцэрлэг зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдыг бусдаар гүйцэтгүүлэх ажил албанд шилжүүлэх бодлогыг баримталж байна. Гэхдээ боловсролын салбарын үйлчилгээний албан хаагчдын асуудлыг сайн ярилцах шаардлагатай.

Алслагдсан аймаг, сумдад ажиллаж буй багш нарт нэмэгдэл цалин хөлс өгч байна. Гэхдээ хотын төвийн сургуулиудын ачааллыг тооцож багш нарт нэмэгдэл өгөх боломжийг цаашдаа тооцож үзэх нь зөв. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын чанарын асуудал 61 хувьтай буюу хангалттай бус байгааг дээшлүүлэх шаардлагатай гэж үзэж, арга хэмжээ авна.

Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын бодлогын дагуу хөдөө, орон нутагт буй их, дээд сургуулийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрам, элсэлтийн ерөнхий шалгалт бол хүүхдийн хувь заяаг нэг өдөр л шийддэг. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн шалгалтад тэнцээгүй бол хасагдаад хүссэн сургуульдаа орох боломжгүй болдог. Тиймээс хүүхэд өөрийн хүссэн хэмжээндээ хүртэл шалгалтыг хэдэн ч удаа өгөх боломжийг бүрдүүлэх ёстой.

Эцэст нь, тухайн хүүхэд зорилгодоо хүрсэн үедээ дараагийн шатны боловсрол эзэмших сургуульдаа элсдэг олон улсын жишгийг хэрэгжүүлэх боломж буй эсэх талаар асуув. Ажлын хэсгээс, 2026 оноос элсэлтийн шалгалтын журамд өөрчлөлт оруулна.

Элсэлтийн шалгалтад суралцах ур чадварын шалгалт нэмээд олон удаа өгдөг байхаар төлөвлөж байна гэж хариуллаа. Байнгын хорооны гишүүд танилцуулгатай холбогдуулан байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [178.51.216.46] 2024-12-19 18:39:42

Ulsad shaardlagatai mergejiltenguudee tolovloj beltgevel yaasan um be, sonirholtoi durtai geed baahan ajilgui, chanargui deed diplomtoi baigaad mongol ulsiin ireeduig beltgeh uu? Odoo huuhdiin durtai sonirholtoi gedeg jurmaar olon udaa shalgalt oguulne gedeg utgagui asuudal ! Ih deed gesen olon chanargui surguuliin toog bagasgachih, mergejil olgoh surguulia nemchih said aa.

Зочин [178.51.216.46] 2024-12-19 18:26:57

Ih deed surguulid shalgaltgui oroh erhtei baih heregtei, harin surgaltiin chanar tuvshin deed hemjeend baij chaddag surdag ne uldej togsoh bolomj olgovol shigshigdene shuu dee. Elseltiin shalgalt olon udaa ogch unjruulsanaaraa huuhdiin huvi zayag shiidehgui baihaa.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.