Ши Жиньпин Байдентай уулзахдаа “Трампын багтай хамтран ажиллана” гэжээ
Перугийн нийслэл Лимад болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн Бямба гарагт АНУ-ын удахгүй халаагаа өгөх Ерөнхийлөгч Жо Байдентай кибер гэмт хэрэг, худалдаа, Тайвань, Өмнөд Хятадын тэнгис, Оросын зөрчилдөөн зэрэг асуудлаар хэлэлцээ хийжээ. Энэ үеэр тэрбээр АНУ-ын шинэ засаг захиргаатай хамтран ажиллахаа амалсан байна.
Байден Ши, Жиньпин нарын уулзалт Хятадын удирдагчийн байрлаж байсан зочид буудалд хоёр цаг орчим үргэлжилсэн бөгөөд сүүлийн долоон сарын дараа тэд ийнхүү дахин хэлэлцээ хийжээ.
Ши Жиньпин Байдентай уулзах үеэрээ Трампыг сонгогдсон ч "Хятадын эрүүл, тогтвортой харилцаа тогтоох зорилго өөрчлөгдөөгүй хэвээр байна" гэж хэлсэн байна.
Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Байден албан тушаалаасаа буусан ч Америк, Хятадын удирдагчид хоорондын яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх нь амин чухал юм” гэж хэлжээ.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Трамп "Америк нэгдүгээрт" худалдааны арга хэмжээний хүрээнд Хятад импортын бараа, бүтээгдэхүүнд 60 хувийн татвар ногдуулахаа амалсан. Бээжин эдгээр алхмуудыг эсэргүүцэж буй юм.
Мөн Бүгд найрамдах нам Хятадын талаар хатуу байр суурь илэрхийлдэг АНУ-ын сенатор Марко Рубиог Төрийн нарийн бичгийн даргаар, төлөөлөгч Майк Вальцыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллуулахаар төлөвлөж байгаа билээ.
Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл