Утаанд төөрсөн ирээдүй

Утааг зөвхөн өвлийн улиралд ярьдаг зуршлаасаа бид салах цаг хэдийнэ болсон. Учир нь агаарын бохирдол бол нэг улиралд хязгаарлагдах үзэгдэл биш. Нар гарсан зун, салхилах намар, хуртай хаврын өдөр ч бид хорт бодисоор дүүрсэн агаараар амьсгалж байна.
Энэ бол зүгээр нэг эвгүй үнэр, харагдахгүй манан биш. Бидний уушги руу нэвчин орж, цусаар дамжиж, зүрх, уушги, тархийг гэмтээж байгаа “чимээгүй алуурчин” юм.
Улаанбаатар хотод амьдарч буй хүн бүр өдөр бүр амьсгалах бүртээ эрүүл мэндээ аажмаар алдаж байна. Ийм нөхцөлд утааг зөвхөн өвлийн асуудал мэт хүлээж авах биш, бүх улиралд ярьж, бүх түвшний оролцоотойгоор шийдвэрлэх шаардлага бий. Агаарын бохирдол бол бидний ирээдүйг бүрхэж буй хар үүл юм.
Агаарын бохирдлын шалтгааныг нэг бүрчлэн судалбал, асуудал олон салаа угтай нь тодорхой болно. Улаанбаатар хотын гэр хорооллын түүхий түлш хэрэглээ, автомашины хэт ачаалал, үйлдвэрийн утаа, дулааны цахилгаан станцуудын үр ашиггүй ажиллагаа зэрэг нь бүгд нийлээд нэг том гамшиг үүсгэж байна.
2022 оны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээлснээр, өвлийн улиралд Улаанбаатар хотын хүүхдийн амьсгалын замын өвчлөл 2–3 дахин нэмэгддэг байна.
Гэвч бид өвөл л ярьдаг, зун хаашаа ч явалгүй гэртээ үлддэг хүүхдүүд тэр бохир агаартай өдрүүдэд ч амьсгалж байдаг гэдгийг мартах ёсгүй. Агаарын бохирдол зөвхөн ханиад томууны үеэр биш, жилийн дөрвөн улиралд нөлөөлж байдаг.
2024 онд Монгол Улсад жилд 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас бардгийн 240 нь тав хүртэлх насны хүүхэд хэмээн мэдээ гарчээ.Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэл биш.
Энэ бол нийгмийн хариуцлага, төрийн бодлогын бодит үр дүн. Энэ бол бидний ирээдүйг хэрхэн аажмаар устгаж байгаагийн тод жишээ. Агаарын бохирдлын сөрөг нөлөө зөвхөн эрүүл мэндээр хязгаарлагдахгүй.
2024 оны судалгаагаар гадаад орчны агаарын бохирдлын улмаас Монгол Улсад жил бүр 905 тэрбум төгрөгийн эдийн засгийн алдагдал үүсэж байгааг тогтоосон байна. Ажиллах хүчний бүтээмж буурч, өвлийн улиралд сургуулиудын хичээл тасалдаж, аялал жуулчлалын салбар ч мөн хохирол амссаар байна.
Гэтэл төрөөс авсан арга хэмжээнүүд бодит амьдрал дээр үр дүнтэй хэрэгжиж чадаагүй хэвээр. 2017-2020 онд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 456.1тэрбум төгрөг төсөвлөсөн ч төслийн ил тод байдал, хяналт шалгалт сул, хөрөнгө зарцуулалтын үр өгөөж тодорхой бус хэвээр үлдсэн.
Иргэд “цаасан дээрх хөтөлбөрүүд” гэж шүүмжилсэн нь ч үндэслэлтэй. Шахмал түлш нэвтрүүлсэн ч, түүний хүрэлцээ, логистик, утаа ялгаруулалтын талаарх тодорхой шинжилгээ дутмаг хэвээр байгаа юм.
Түүгээр ч барахгүй нийтийн тээврийг цахилгаанд шилжүүлнэ гэсэн олон жилийн амлалт бүрхэг хэвээр байж, эсрэгээрээ хуучин автобус дахин оруулж ирсэн нь үнэхээр ойлгомжгүй шийдвэр байсан. Энэ бүхнээс харахад төрийн бодлого бодит хэрэгжилттэйгээ зөрж байгаа нь хамгийн том асуудал юм.
Гадаад улс орны жишээ бидэнд суралцах том боломж байсаар байна. Бээжин хот 2013 оноос эхлэн "Цэнхэр тэнгэр" хөтөлбөр хэрэгжүүлж, нүүрснээс татгалзан, цахилгаан болон байгалийн хийг түлш болгон ашиглаж эхэлсэн. Үүний үр дүнд 2020 он гэхэд тэдний агаар дахь PM2.5 хэмжээ 35 хувиар буурсан байна.
Солонгос улс нийтийн тээврээ цахилгаанд шилжүүлж, автомашины татварыг нэмэгдүүлэн, хувийн унааны хэрэглээг бууруулсан. Японд 1960-аад онд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байсан ч, өнөөдөр Токио хот дэлхийн хамгийн цэвэр агаартай хотуудын нэгболсон нь иргэд ба төр хамтдаа хөдөлсөний илрэл юм.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд зөвхөн төрийн шийдвэр хангалтгүй. Иргэн бүрийн оролцоо, ухамсар маш чухал. Жишээлбэл, бүх улиралд амны хаалт тогтмол хэрэглэх, гэртээ агаар шүүгч, агааржуулагч суурилуулах, машиныг дэмий ажиллуулахгүй байх, цахилгаан дугуй ашиглах, хог шатаахгүй байх, хөрс хамгаалах, мод тарих, ногоон байгууламж нэмэх зэргийг өдөр тутмын дадал болгох шаардлагатай.
Төрөөс хийх дараагийн алхам илүү зоримог, үр дүнтэй, шинжлэх ухаанд суурилсан байх хэрэгтэй. Цахилгаан халаалтад шилжих дэд бүтцийг хөгжүүлэх, агаар шүүгч төхөөрөмжүүдийг хөнгөлөлттэй олгох, олон нийтийн тээврийн шинэчлэл, хуучин автомашины импортыг хязгаарлах, байгаль орчны хяналтын тогтолцоог бэхжүүлэх, сургуулийн боловсролын хөтөлбөрт экологийн хичээл оруулах гээд олон чухал бодлого бий. Гагцхүү эдгээрийг бодит амьдралд уялдуулан төлөвлөгөө гаргах, хариуцлагатай хэрэгжилт л хэрэгтэй.
Агаарын бохирдол бол Монгол Улсын ирээдүйг бүрхэж буй хамгийн томсорилт юм. Энэ бол улирлын шинжтэй асуудал биш жилийн 365 хоногийн турш нөлөөлж байгаа үндэсний хэмжээний аюул.
Иргэд өөрсдийн хандлагаа өөрчилж, маск зүүх, гэртээ агаар шүүгч ашиглах, ногоон байгууламж нэмэх зэргээр оролцох ёстой. Харин төр засаг үр дүнтэй, шинжлэх ухаанд тулгуурласан шийдвэрүүд гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд тууштай байж чадвал бид утаагдаж гарч чадна. Утааг өнөөдөр үл тоовол, маргааш ирээдүйгээ алдана. Иймд амьсгалах эрхийнхээ төлөө бид бүгд нэгдэх шаардлагатай.
ХИС сэтгүүл зүйн 3-р курс Н.НОМИН
Сэтгэгдэл