Р.Болд: Нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүр тавих соёлыг төр нь үлгэрлэх ёстой

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан, түүхийн ухааны доктор, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болдтой ярилцлаа.


-Сүүлийн үед нийтийн эрх ашиг гэх нэршлийг хэн хүнгүй ярьдаг болж. Ер нь нийтийн эрх ашгийн ойлголтыг хэрхэн тодорхойлох вэ. Энэ нь төрийн бодлого боловсруулахад ямар байр суурь эзэлдэг гэж үздэг вэ?

-Нийтийн эрх ашиг гэдгийг гол төлөв эрх зүйн хүрээнд томьёолоод байдаг шиг. Гэхдээ үүнээс илүү өргөн хүрээтэй ойлголт. Ер нь ашиг сонирхол гурав бий. Төрийн, нийгмийн, иргэн хувь хүний гэж. Миний зүгээс нийгмийн ашиг сонирхлын хүрээнд нийтийн эрх ашгийг хамруулан ойлгодог. Дээр дурдсан гурван ашиг сонирхол нийлэх нь бий. Гэхдээ гол төлөв хоорондоо зөрчилдөж байдаг л даа. Төрийн бодлого бол иргэдийн ашиг сонирхлыг л дээдэлж боловсрогддог, нийтийн эрх ашиг иргэдийнхээ төлөө л байдаг. Үүгээрээ нийтлэг, гэхдээ төрийн ашиг сонирхол нь нийтийнхээс илүү өргөн хүрээтэй ч гэсэн төрийн бодлого бол нийтийн эрх ашигт л тулгуурлана.

Манайд тэгвэл нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавих соёл бүрэн төлөвшиж чадсан уу?

-Нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавьдаг соёл, хүмүүжил, төлөвшил манайд нэг үе байсан. Гэхдээ уг эрх ашгийг илэрхийлдэг улс төрийн соёл нь өөр байв. Зүй нь өнөөдөр олон ургальч үзлийг хүндэлсэн, нийтийн эрх ашгийг дээдэлсэн улс төрийн соёл тогтох байтал энэ нь төлөвшиж чадахгүй байна. Уг нь нийтийн эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос дээгүүр тавих соёлыг бий болгоход төр өөрөө үлгэрлэх ёстой юм. Харамсалтай нь нөхцөл байдал эсрэгээр байна.

-Нийтийн эрх ашгийг зөрчсөн жишээнүүд олон байгаа. Гол нь хариуцлага тооцох тогтолцоо сул байгаагаас болж асуудал үүсдэг болов уу?

-Төрийн үүрэг улаан шугамнаасаа давж, Монгол Улс бүхэлдээ төр гэсэн эмээл дээр сандайлах болсноос харин ч тэр хэмжээгээрээ иргэний нийгмийг шахан гаргаж, төр өөрөө хүчтэй болсонгүй. Бүр төрийн албыг улам сулруулахад хүргэж байна. Томорсон ч суларсан төр нийтийн эрх ашгийг тэр болгон харгалздаггүй. Ингээд ёстой тэнцвэр нь алдагдсан учраас нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэх үү дээ.

-Орчин үеийн аюулгүй байдлын ойлголт улам бүр өргөжиж байна. Таны бодлоор үндэсний аюулгүй байдлын хүрээнд иргэдийн эрх, эрх чөлөөг хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Үндэсний аюулгүй байдлын ойлголт өргөжиж байгаа ч гэсэн юм бүрийг аюулгүй байдалд нялзааж болохгүй. Уг нь үндэсний аюулгүй байдлыг хамгаална, хангана гэдэг маань угтаа иргэдийн эрх, эрх чөлөөг хангаж, аюулгүй байдлыг нь л хамгаалахыг хэлээд байгаа юм. Хэвлэлийн хатуу цензуртэй хоёр хөршийн дунд иргэдийн эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах зүй нь манай аюулгүй байдлын бодлогын нэг хэрэгсэл баймаар.

-Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх аюулгүй байдалтай зөрчилдөх тохиолдолд аль эрх нь давамгайлах ёстой вэ. Тэнцвэрийг хэрхэн хангах вэ?

-Хэрэв хэт даварсан, экстремист, террор, үндэсний эв нэгдлийг бусниулахыг даллан дуудаагүй л бол иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулна гэж би хувьдаа үздэггүй. Гэхдээ аюулгүй байдлыг хангахад баримталдаг нэг том зарчим бий. Таны аюулгүй байдал бусдын аюулгүй байдлаар хязгаарлагдана гэдэг үг хэлэх эрх чөлөөг эдлэхдээ үүнийг бас санаж байх ёстой. Манайд бол иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь харин ч иргэдийн аюулгүй байдлын нэг баталгаа болох учиртай. Төр нь иргэнээ дээдэлнэ, иргэн нь төрөө хүндэтгэнэ, иймд хүндийн жин нь иргэний талд л байна.

-Тагнуулын байгууллага болон бусад хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн оролцоо байх ёстой гэж үздэг үү?

-Ер нь бол аюулгүй байдлын салбарт иргэний чанд цэгцтэй хяналт байх ёстой. Энэ асуудлыг бид нэлээд хүчтэй тавьж байсан боловч харамсалтай нь ерөнхийдөө суларсан. Хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт, иргэний нийгмийн оролцоо зайлшгүй байх шаардлагатай ч тэдгээр байгууллагууд ч иргэний нийгэмтэй хамтран ажиллах ёстой. Хууль сахиулах байгууллагууд бол цэргийн байгууллага биш. Иймд зүй нь тэдгээрт байгууллагын нууц үйлчлэхээс биш, төрийн болон цэргийн нууцаар өөрсдийгөө хэрэмлэх учиргүй юм. Тэдэнд цэргийн цол хэргэм олгодог нь ч ардчилсан тогтолцоонд нийцэхгүй. Зүй нь төрийн тусгай алба бол зөвхөн зэвсэгт хүчин, хилийн цэргийн албан хаагчдад л хамаарна, тагнуулын байгууллага бол хаана ч онцгой алба гэгддэг. Энэхүү гурван салбараас бусад нь төрийн тусгай алба уг нь биш. Цаашилбал зэвсэгт хүчинд тавих иргэний хяналт бол цэргийн байгуулалтын үндсэн зарчим байх ёстой. Гэвч үүнээс бага зэрэг ухарсан. Манайд төрийн цэргийн байгууллага нэртэй олон давхардсан бүтэц, төрийн албаны хуулиар дүрэмт хувцастай төрийн тусгай албыг хэтэрхий хавтгайруулсан нь иргэний хяналт сул, тэд маань юуг хянахаа сайн ойлгохгүй байгаатай холбоотой байна гэж хэлж болно. Харин тагнуул бол хууль сахиулах байгууллага биш хаалттай байгууллага хэдий ч боломжоороо тухайлбал тагнуул судлалын хэлбэрээр түүхэн сургамж талаасаа аль болох нээлттэй байхыг эрмэлзэх нь чухал.

-Нээлттэй нийгэм ба хаалттай, мэдээллийн хяналтад суурилсан аюулгүй байдлын тогтолцооны хооронд Монгол Улс хэрхэн тэнцвэр олох ёстой вэ?

-Нээлттэй нийгэм, хаалттай байдаг аюулгүй байдлыг хангах салбар, байгууллага хоёр нь угаас эсрэг тэсрэг шинжтэй.Уг нь бол ардчилсан тогтолцоот нийгэм нь иргэдийнхээ эрх чөлөө, аюулгүй байдлыг эн тэргүүнд тавьдаг. Манай Үндсэн хуулийн зарчим ч тийм. Харин аюулгүй байдлыг хангах салбарт бараг бүрэн хаалттай нь тагнуулын байгууллага. Аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бусад байгууллагууд бол эдүгээ хаалттай биш гэж хэлж болно. Иргэний нийгэм төр, засгаасаа ил тод, нээлттэй хариуцлагыг шаарддаг. Гэхдээ ардчилсан тогтолцоондоо ч, нийгэмдээ ч үйлчлэхийн тулд тагнуулын байгууллага хаалттай үйл ажиллагаа явуулж, нууц арга ажиллагааг ашигладаг. Өөрөөр хэлбэл, тагнуулын байгууллагын арга ажиллагаа нь нээлттэй, эрх чөлөөт нийгмийн зарчимтай нийцэхгүй. Энэ зарчмын зөрүүтэй байдал нь төр засагт ч тэр, тагнуулын байгууллагад ч тэр, үүний нэгэн адил иргэний нийгэмд адилхан хүндрэл учруулдаг. Учир нь тагнуулын байгууллага бол төрийн онцгой ганцхан салбар. Иймд хамгийн ардчилсан тогтолцоот гэгдэх улсууд хүртэл тагнуулын байгууллагынхаа энэхүү эсрэг тэсрэг байдлыг шийдвэрлэхэд мухардалд орсоор ирсэн. Энэхүү хаалттай салбарын ажлыг амжилттай явуулахын тулд нууцлалын зарчмыг өөрчлөх боломжгүй. Иймд энэ асуудалд харамсалтай нь одоогоор тэнцвэр олно гэсэн ойлголт байхгүй. Нэгэнт Монгол байтугай ардчилсан гэгдэх улсуудад ч шийдвэрлэгдээгүй уг асуудал цаашдаа үргэлжийн мэтгэлцээн, зөрөлдөөнд умбаж байх биз.

-Сүүлийн жилүүдэд олон улсын харилцаа, геополитикийн нөхцөл байдал хурцдаж байна. Монгол Улс энэ орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах ёстой вэ?

-Албан ёсоор бол яахав бид аюулгүй байдлаа улс төр дипломатын үндсэн аргаар хангах, эл хүрээнд хоёр хөрштэйгөө бүхэлдээ тэнцвэртэй харилцах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх явдал. Гуравдагч хөршийн бодлого гэхээр хэдэн улстай харилцаа хөгжүүлэхийг хэлэх биш, энэ бол аюулгүй байдлын баталгааны асуудал юм. Энд тэндхийн хурцадмал байдлыг анхааралгүй яахав, гэхдээ бидэнд нөлөөлөх нь хязгаартай. Бидний санаа зовох аюулгүй байдлын тулгамдсан асуудал маань хоёр хөршийн зүгээс бидний талаар явуулж байгаа хоорондоо уялдсан өөрсдийн нөлөөнд байлгах бодлого улам л чангарч буй явдал. Хориод жилийн өмнө Монгол Улс ДНБ-ий бараг 80 хувийг хувийн хэвшил бүтээдэг, иргэний нийгэм төрийн бус байгууллагууд хүчтэй, шашны болон иргэний эрх чөлөөг дээдэлдэг, парламентын засаглал нөлөөтэй гэдгээр бид бахархдаг, бусдын анхаарлыг татдаг. Харин эдгээр үзүүлэлтээс хоёр хөршүүд маань болгоомжилдог байв. Эдүгээ дээрх үзүүлэлтүүд ямар болсныг бид мэднэ. Иймд бусдын нөлөөг хаах тэнцвэржүүлэх нэг хэрэгсэл маань төрийн хэлж чадахгүй зүйлийг дуугардаг иргэний хүчтэй нийгэм Монголд хэрэгтэй байна. Энэ бол аюулгүй байдлаа хангах хамгийн хямд бас нөлөөтэй аргын нэг.

-Монголын төр, нийгэмд ирээдүйд тулгарах аюулгүй байдлын хамгийн том сорилт юу байх бол?

-Төрийн хувьд томоохон сорилт нь төрийн ой санамж суларч бүдгэрч байна. Хоёр хөршийн их гүрний дээрэнгүй даралт шахалт өдөр ирэх тусам улам нэмэгдэж, бидний дунд авторитар дэглэмүүдийн өмнө “бууж өгөх, аргагүйдэх” үзэл санаа эхнээсээ цухалзаад ирсэн. Хөгжлийн асуудлаа шийдвэрлэхийн тулд улаан шугамыг арайчиг давалгүй “бууж өгөх” байдлаар нэг хэсэгтээ явах л байх. Нөгөө талаар нийгэмд мэдээлэлжүүлэлт хэрэгтэй байна. Төрийн мэдээллээс гадна төрийн бус байгууллагуудын зүгээс өрсөлдсөн өөр хувилбарыг дэвшүүлсэн мэдээлэл нийгэмд маш их хэрэгтэй. Энэхүү асуудлыг зарим талаар шийдвэрлэхэд, ирээдүйд тулгарах сорилтоос сэрэмжлэхэд чухамхүү боловсролын салбар тэмцлийн талбар болно гэж хэлж болно. Боловсрол л гагцхүү иргэний нийгэмд ус, агаар шиг хэрэгтэй гэдгийг ойлгосон үеийг л бэлтгэх учиртай болов уу.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Э.МӨНХТҮВШИН


Сэтгэгдэл

Зочин [104.28.71.89] 2025-05-23 12:10:02

Mundag shyy. Iimerhyy hymyysiig hugshin hovoo gej yavuulchihaad heden mangar “ment” strategi sudalgaa hiih baiguullagad shurgachihaar hetsyy l boloh ni tsaashdaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000