"Иргэдийн халааснаас хэдэн төгрөг гарах, гарахгүйг нэг агентлагийн дарга хувийн компанитай яриад шийддэг байж болохгүй"

Д.Тулга / Хууль

Хуульч О.Батхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Та Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарын батлуулсан “Үл хөдлөх хөрөнгөө өмнө авсан үнээс нь бууруулж зарж болохгүй гэх хууль” нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд олон нийтэд хандсан. Юугаараа энэ хууль буруу вэ?

-Өмч хөрөнгийн үнэ үргэлж өснө гэж байхгүй. Өсөх, буурах үе аль аль нь бий. Жишээ нь, би 200 саяар шинэ байр авлаа гэхэд 10 жилийн дараа хуучирч, муудаж, элэгдэл, хорогдолд орно. Өөрөөр хэлбэл, 10 жилийн дараа зах зээлийн үнэд нийцүүлэн 150 сая төгрөгөөр заръя гэхээр улсаас зөвшөөрөхгүй ийм асуудал үүсээд байгаа юм.

Нэр шилжүүлэх үйл ажиллагаа хийж өгөхгүй гэсэн үг. Улс “Чи заавал 200 сая эсвэл түүнээс дээш мөнгөн дүнгээр өмчөө зарах ёстой” гэж тулгасан хууль баталсан байна. Бүхэл бүтэн 10 жилийн элэгдэл хорогдолд орсон байрыг хэн ч өндөр үнээр авахгүй. Тиймээс иргэд өмчөө зарахын тулд хуурамч гэрээ хийх асуудал давхар үүссэн. Хэнд ч мөнгөний яаралтай хэрэг гардаг шүү дээ.

200 сая төгрөгөөр байраа зарсан гэх хуурамч гэрээ хийгээд үүнээсээ татвар төлнө. Ингээд ч хамаагүй иргэд өмчөө зарж байна. Харин төрийн гол зорилго бол аль болох иргэдээсээ их татвар авах юм. Хоёрдугаарт, Өмч хөрөнгө гэдэг бол бүрэн таны мэдэлд байдаг зүйл. Түүнийг үнэгүй өгнө үү, үнэтэй зарна уу, хэн нэгэнд өгнө үү гэдэг зөвхөн таны дурын асуудал шүү дээ. Гэтэл төр дундуур нь орж ирээд таны эрхэнд халдаж байна.

Жишээ нь, үйлдвэр, оффисын барилга бол угаасаа хуучирдаг. Тиймээс бодит үнээр нь зараад түүнтэй дүйцэхүйц татвар төлье гэхээр төрөөс заавал өндөр үнээр зар гээд байдаг. Энэ нь иргэдээс гадна аж ахуйн нэгжүүдэд ч хүнд тусаж байгаа.

Бид бартер буюу өөр эд зүйлс оролцуулан наймаа хийхэд үнэ нь заавал буурдаг. Мөн зар тавьж бас өмчөө зардаг арга бий. Ийм нөхцөлд үнээ жаахан бууруулах уу гэх зүйл хоёр хүний дунд яригддаг шүү дээ. Энэ чинь амьдрал дээр байдаг л жишээ. Харин одоо иймэрхүү аргаар өмчөө зарах гэхээр Улсын бүртгэл дээр хүлээж авахгүй. Дахиад л өндөр үнээр зарсан тохиолдолд нэр шилжүүлэх үйл ажиллагаа явагдана гэх хариу өгдөг. Ингэж иргэдээ хааж, боох маш буруу.

Би ганцхан энэ журмыг буруу гэж байгаа юм биш. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан бүтэн өдөр энэ асуудлыг олон талаас нь авч үзэж, хуралдсан. Тэгээд энэ бол хүний өмчлөх эрхэд халдсан, Үндсэн хуулийн эсрэг хууль болжээ. Тийм учраас энэ хуулийг хүчингүй болгох нь зүйтэй гэх дүгнэлт гаргасан. Цэцийн дүгнэлт гарснаараа уг хууль түдгэлзсэн. Үйлчилгээ нь зогсоно гэсэн үг. Одоо УИХ хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээгээд авах юм бол энэ хууль хүчингүй болно.

-Хэрвээ хүлээж авахгүй бол яах вэ?

-Дахин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно. Энэ үед Үндсэн хуулийн цэцийн бага суудлын дүгнэлтийг хэвээр нь үлдээвэл хүчингүй болох юм.

-Даатгалын журмын асуудал хурцаар тавигдаж байна. Жишээ нь, 100 сая төгрөгийн ипотекийн зээл төлдөг иргэн 25 сая төгрөгийн даатгал төлөх журмыг СЗХ гаргасан. Наймдугаар сарын 1-нээс ипотекийн зээлтэй 115 мянган өрх үүнийг төлж эхлэхээр болсноо бараг мэдээгүй. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Нэгдүгээрт, Санхүүгийн зохицуулах хороо олон мянган хүнд хамааралтай шийдвэр гаргах гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн дагуу тухайн хүмүүстээ танилцуулж, саналыг нь авах ёстой юм. Үүний дараа журмаа батлаад Хууль зүйн яаманд бүртгүүлэх ёстой.

Хуулиараа бол ийм үе шат дараалалтай ажил. Гэтэл энэ журмыг зүгээр л нэг даатгалын компанид хамааралтай гэж хэлээд баталсан байх жишээтэй. Тэгэхээр иргэдийн халааснаас хэдэн төгрөг гарах, гарахгүйг зөвхөн нэг агентлагийн дарга хувийн компанитай яриад шийддэг байж болохгүй. Процессын хувьд буруу. Хоёрдугаарт, 100 сая төгрөгийн зээлтэй хүмүүс наснаасаа шалт гаалаад 10, 15, 20, 25 сая төгрөгийн даатгалын шимтгэл төлж байгаа. Ер нь бол тогтмол цалинтай хүмүүс зээл авдаг.

Хэмжээндээ тааруулаад бүх зүйлээ төлөвлөнө. Цалингийнхаа тэдэн хувийг зээл, хүүхдийнхээ сургалтын төлбөр, түрээс, ус цахилгаан, урсгал зардалдаа зарцуулна гээд төлөвлөсөн байгаа. Гэтэл жилд 800, 500 мянган төгрөгийн ачаалал гэнэт ороод ирэхээр цочирдоно шүү дээ. Яагаад ийм өндөр ачаалал иргэдийн нуруун дээр буух ёстой юм. Дээр нь энэ салбарт өрсөлдөөн гэж бий юу.

Би энэ журмыг Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж баталсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 2016 оноос “Надтай холбоотой шийдвэр гаргах гэж байгаа дарга заавал надад мэдэгдэж, миний саналыг авах ёстой” гэх агуулга Захиргааны ерөнхий хуульд тусгагдсан. Тухайн шийдвэр гаргах гэж байгаа асуудал их, бага байна уу ямар ч хамаагүй. Гэтэл энэ журмыг огт мэдэгдэлгүйгээр баталсан.

Хоёр долоо хоногийн өмнөөс яриад эхлэхээр л хүмүүс зах зухаас нь мэдэж байна. Одоо наймдугаар сарын 1-нээс зээлийн төлбөр дээр нэмээд даатгалын хураамж гээд нэмэгдэнэ. Ингэж санхүүгийн хувьд иргэдэд шууд дарамт үзүүлэхээ болих хэрэгтэй. Санхүүгийн зохицуулах хороо үүнийгээ сайн дурын даатгал гэж яриад байгаа юм. Одоо ч гэсэн хүн өөрөө хүсвэл даатгуулж болдог сайн дурын даатгал бий.

-Нэг талаасаа энэ асуудлыг даатгалын компаниудын лобби гэж харж болох уу?

-Лобби байх магадлалтай. Яагаад гэвэл 100 сая төгрөгийн зээлтэй хүнээс 25 сая төгрөг авна гэдэг чинь маш их ашиг олох боломжтой журам юм. Монгол бол дайн байлдаантай өдөр бүр хүний амь нас эрсддэг орон биш. Нэг талаараа орон сууцны зээл өөрөө хамгийн найдвартай зээл юм. Үргэлж төлөгддөг, давхар барьцаатай. Тухайн хүн нас барсан ч гэсэн ард нь үлдэж байгаа хүмүүс байраа түрээслүүлээд ашиглаад явах боломжтой. Би бол даатгалыг зөв гэж үздэг. Гэхдээ энэ журмаа олон нийтэд тайлагнаж, тэдний дэмжлэгийг аваад хуулийн дагуу батлах ёстой. Хамгийн гол нь даатгалын хувь хэмжээг нь шударгаар тогтоо гэж хэлмээр байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000