Хохирогч хүүгийн аав Д.Дашзэвэг: Хүү минь хавсарсан олон хэмхрэл гэмтэлтэй тул өнөөдөр гадаад улс руу эмчилгээнд явууллаа

Aдмин / Эрүүл мэнд

Яллагдагч Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нар 2025 оны долдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд хохирогч Д.С-ын нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь бүлэглэн халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Шүүхээс хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн сэжигтэн Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл нар “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл бий” гэх үндэслэл тогтоогдож байх тул сэжигтнийг баривчлах саналыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн.

Дээрх сэжигтнүүдийг шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулсан хугацаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 48 цагаас хэтрэхгүй. Эрдэнэбатын Тэмүүлэнг 2025 оны долдугаар сарын 20-ны өдрийн 21:40 цагт, Цэрэнпунцагийн Санжаачойпэлийг мөн өдрийн 22:00 цагт сэжигтнээр тус тус баривчилж, 2025 оны долдугаар сарын 22-ны өдрийн 22:00 цагт саатуулах хугацаа дуусахаар шийдвэрлэсэн.

Энэ дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн өчигдөр (2025.07.22) яллагдагч Э.Тэмүүлэн, Ц.Санжаачойпэл нарт хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Дээрх зодооны улмаас Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Дашзэвэгийн Саяннямбуу өнөөдөр өглөө гэмтлийн эмнэлгээс гарчээ. Түүнээс хар тамхины хяналтын шинжилгээ авсан мэдээлэл байгаа юм.

Бусдад зодуулж, маш хүнд гэмтэл авсан тул хохирогч Д.Саяннямбууг эмнэлгээс гарсан тухай мэдээлэлд олон хүн эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Энэ талаар хохирогч хүүгийн аав Д.Дашзэвэг "Хүүгээ өнөөдөр эмчилгээнд гадаад улс руу явууллаа. Гэмт хэргийн улмаас авсан гэмтэл нь хавсарсан олон хэмхрэл гэмтэлтэй, маш хүнд хагалгаа эмчилгээ шаардлагатай байсан тул ар гэрийн зүгээс хүсэлт гарган, Гэмтлийн эмнэлгийн эмчлэгч эмч нараас зөвлөгөө, зөвшөөрөл авч, эмчилгээнд явууллаа.

Хүүг минь хүлээн авч, яаралтай тусламж эмчилгээ үзүүлэн эмчилж өгсөн Гэмтлийн эмнэлгийн эрдэмт эмч нартаа талархал илэрхийлье. Мөн энэ хугацаанд миний хүүгийн төлөө санаа зовж, залбирч байсан бүх хүнд баярлалаа" хэмээн мэдээлэв.

Тэрбээр өмнө нь "Хүүгийн минь нүүрэнд гэмтээгүй, хугараагүй яс байхгүй. Нүдний цаад талын аяганы яс нь уначихсан. Энэ хамгийн том асуудал болоод байна. Хар тамхи хэрэглэсэн баян айлын хүүхдүүд та нарын хүүхдүүдийг хонь гаргаж байгаа юм шиг төхөөрдөг үе ирнэ" хэмээн хэлж байсан билээ.

Баячуудын хүүхдүүд дураар авирлаж, бусдын эрдэнэт биед аймшигтайгаар халдаж, хүнд гэмтэл бэртэл учруулсан талаар иргэд байр сууриа илэрхийлж буй юм.

Гитарчин Өөжгий сэтгэгдлээ илэрхийлэхдээ "Баахан баячууд, мяндагтнуудын хүүхдүүд нийлж хүн зодсон юм аа даа. Зарим нь бүр хил гараад талийсан гэх шив. Харж л сууя. Монгол Улсад баячуудад тусгайлан зориулсан хууль уг нь байхгүй. Шударга ёс, хууль дүрэм үйлчилдэг үгүйг одоо л үзье.

Дэлхий жижигхэн болсон шүү. Интерпол ч гэж бий. Халхын хавтгайгаас хаашаа зайлдаг юм гэж томордог Равсал панзын үе аль хэдийн өнгөрсөн. Дэлхийн бөмбөрцгөөс зайлаагүй бол олдож л таараа. Гагцхүү энэ цаг үед ус агаар мэт дутагдаж буй шударга ёс л бидэнд яг одоо хэрэгтэй байна.

Тэрбум тэрбумаар нь зальдаад, луйвардаад, идээд наранд явж бидний дээрээс хээв нэг өтгөн шингэнээ асгаж суудаг дээдсийн давхаргатай болсон нь үнэн ш дээ. Нэг л өдөр хувьсгал гарна шүү. Карма гэж 1 юм бий дээ, уг нь…" хэмээсэн.

Хохирогчийн эгч "Миний дүү 2025 оны долдугаар сарын 18-ны шөнө 03:30 цагийн орчимд Cante club-ын гадаа утсаар яриад зогсож байхад нь Цэрэнпунцаг гишүүний хүү Санжаачойпэл түрүүлж тархин тус газар нь цохиж унагаан, араас нь "Эрэл"-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, өөр хоёр залуу (тэднийг хайж байгаа) бүлэглэн зодож танхайрсан.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” , 6.4 дүгээр зүйлд “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.” гэж тус тус хуульд заасан байдаг.

Мминий дүү маргаан огтоос үүсгээгүй болох нь бичлэгээс харагдаж байна. Харин хамт явсан найзууд нь салгаад, бужигнаж байсныг 40-50 хүний зодоон болгохгүй шүү. Ямар ч маргаан үүсэх шалтгаан байлаа гээд хүнийг бүлэглэн зодох нь өөрөө эрүүгийн гэмт хэрэг.

Монгол Улсын иргэн зүгээр гудманд зогсож байгаад цохиулдаг нийгэмд бид амьдрах нь зөв үү? Одооноос эхлээд бидний буруу болгох тактик барьж, нөгөө талаас ажиллаад эхэлж. Уучлаарай, хүний биед түрүүлж гар хүрчихээд, дээрээс нь дөрвүүлээ тал талаас нь нийлж хүний хамгийн чухал эрхтэн болох нүүр, нүд рүү дэвсэлж зодоод, эрүүл мэндээр нь хохироочихоод, хуулиас гадуур зүгээр өнгөрөөхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. Монгол Улсын хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой.

Хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулж, бүлэглэн зодсон хүмүүс та нар хуулийн хариуцлагаа үүр! Монголын төрийн цагдаа, шүүх хэрхэн үнэн зөв шийдвэрлэхийг ард түмэн хараад сууж байгаа шүү" хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.

Хуульч П.Ундрах-Эрдэнэ "Дундговь аймагт 6 ширхэг зайрмаг өгсөнгүй гэж согтуу залуу худалдагчийг барьж зодов. Тэр зодсон залууг 30 хоногоор цагдан хорив.

Улаанбаатарт барны үүдэнд мансуурсан этгээдүүд бүлэглэн хүн зодсон хэрэгт холбогдов. Шүүхээс Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пакт, "...шүүхээс заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй..." гэх мэт үндэслэл бичээд цагдан хорихоос татгалзжээ.

Яг ижилхэн 2 кэйс. Нэг нь архинд нөгөө нь мансууруулах бодис хэрэглээд хүн зодсон. Аль аль нь айхтар хүн гэмтээсэн. Гэтэл нэг дээр нь Олон улсын пактаа үндэслээд сулладаг. Нөгөө дээр нь олон улсын пакт нь хэрэгждэггүй ямар гээчийн хууль журам бэ? Би ч хуулийн салбарын хүн. Цагдан хорионы асуудал бол арай шүү" гэв.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, хэргийн газарт УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Тэмүүлэн нараас гадна “Таван Богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүдээс гадна УИХ-ын нэр бүхий гишүүдийн хүүхдүүд ч байсан гэсэн мэдээлэл бий юм.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Хэрэгт холбогдсон хоёр этгээдэд хар тамхины сорил хийсэн бөгөөд шинжилгээний хариу гараагүй байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм.

Мөрдөн шалгах явцад яллагдагчдаас хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгахад шинжилгээний хариу эерэг гарчээ. Мөн дээрх хэрэгт гурав дахь этгээд буюу н.Алтан-Очир гэх залуу оролцсон байж болзошгүй тул түүнийг баривчлах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлжээ.

Дөрөв дэх оролцогчоор нэрлэгдэж буй Баатарсайханы Амарсайхан гэгч хилийн чанад руу гарсан бөгөөд энэ сарын 27-нд эх орондоо ирмэгц нь баривчлан шалгахаар хууль хяналтын байгууллагынхан төлөвлөсөн байна.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Бөх [103.57.95.177] 2025-07-23 21:25:01

Удахгүй мартахын хооронд юун их сүржигнэдэг юм бэ

Зочин [67.171.160.15] 2025-07-23 20:11:46

Монголд шударга ёс бол байхгүй. Зандангаас эхлээд хэргийг төөрөгдүүлэх ажил эхэлсэн. ворошиловын мэргэн бууч гэж сайхан кино бий дээ.

Зочин [67.171.160.15] 2025-07-23 19:53:26

хулгайч луйварчидын давхарга ард түмний дээр ёстой бааж шээж өгч байна даа. хэчнээн олон охид хүүхнүүдийн амьдралаар тоглоо бол гөлөгнүүд.

Зочин [202.126.89.88] 2025-07-23 16:25:40

Би буруу дуулаагүй бол энэ зодуулсан хүүгийн аав цагдаагийн офицер байсан хүн гэсэн үү. Үнэн бол та шудрага ажиллаж байсан бол өнөөдөр ийм нийгэм үүсэхгүй байх бүрэн боломжтой байсан гэж би бодож байна шүү


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000