"Цахилгаан дугуйтай зорчихдоо машин замаас холуур явахгүй бол машинд мөргүүлэх эрсдэл маш өндөр байна"

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн үед цахилгаан дугуй, суррон, скүүтер, мопед зэргийн хэрэглээ ихэссэнтэй холбоотой зам тээврийн осол бүртгэгдэж байгаа. Энэ тухай болон зам тээврийн ослын шалтгааны талаар авто сургуулийн жолооны багш Д.Өлзийсайхантай ярилцлаа.

-Цахилгаан дугуй, скүүтер унасан иргэд машин замаар зорчсоноос болоод машинд мөргүүлэх, улмаар бэртэл гэмтэл авах тохиолдол сүүлийн үед гарч байна. Үүнийг яаж зохицуулбал зөв бэ?

-“Eco bike”, “Tapa”, “Jet” зэрэг цахилгаан дугуй, скүүтер, мөн мопедны хэрэглээ сүүлийн үед нэмэгдэж байна. Энэ утгаараа зам тээврийн осол ч их харагдах боллоо. Тийм учраас эдгээр тээврийн хэрэгслийг дугуйн замаар явуулах хэрэгтэй. Машин хэдэн км цагийн хурдтай явдаг билээ, цахилгаан дугуй өөрөө ямар хурдтай явдаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Гэнэт машин зам руу цахилгаан дугуй орж ирэхэд машины хурд, хүч, тормосны хүчин чадлаас хамаараад амжиж зогсохгүй ч байж мэднэ. Жишээ нь, 100 км\цагийн хурдтай явж байхад ойрхон зайд машин зогсохгүй. Тийм учраас машин замаас аль болох холуур, дугуйн замаар явахгүй бол машинд мөргүүлэх эрсдэл маш өндөр гэж ойлгож болно. Мопед, суррон зэрэг нь “А” ангилалд орсон байгаа. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрхлүүлж байгаа гээд суррон аваад өгчихдөг. Тухайн хүүхэд “А” ангиллын үнэмлэх байхгүй хэрнээ гадуур хурд хэтрүүлж явах тохиолдлууд гардаг. Энэ тал дээр эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулаад, заавал ном журмынх нь дагуу сурч байж авах ёстой гэсэн зөвлөгөө өгөх хэрэгтэй. Заримдаа найз нөхдөө дуурайж, шохоорхож суррон авхуулчихаад дараа нь “А” ангиллын үнэмлэхээ авчихна гэсэн хүүхдүүд ч байдаг. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрмийн дагуу л хөдөлгөөнд оролцох ёстой гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна. Мөн зориулалтын хамгаалалтын малгай заавал зүүх хэрэгтэй. Гэвч цахилгаан дугуй унахдаа хамгаалалтын малгай зүүх ёстой гэж заагаагүй байдаг.

Харин хэн дуртай нь унаад явчихдаг. Бүр хүүхдүүд хоёр гурваараа давхарлачихсан суугаад явж байгаа харагддаг. Энэ бүр дээр зохицуулалт хэрэгтэй гэж боддог.

-Эдгээрээс гадна орон нутгийн замд зорчиж буй иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой осол аваар нэмэгдэх боллоо. Энэ утгаараа жолооч нарын хариуцлага улам чухал болж байна?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн чухал нь жолооч нар маань бүсээ зүүж, хурдаа хэтрүүлж хэрхэвч болохгүй. Суурин газрын дээд хурд нь 80км\цаг байх ёстой. Дээрээс нь хүүхэд тээвэрлэж яваа бол хүүхдийн аюулгүй байдлыг маш сайн хангасан байх шаардлагатай. Бага насны хүүхдийг “Car seat” дээр заавал суулгах ёстой. Манайхан хүүхдээ өвөр дээрээ авч яваад байдаг тал бий.

Орон нутгийн замд явж байгаа үедээ замдаа заавал амарч байх ёстой.

Тэгэхгүйгээр манайхан очих газар нь нүүх гээд байгаа юм шиг хурдан очно гэсэн нэрийдлээр хурд хэтрүүлдэг. Эдгээрээс болоод л осол аваар их гардаг. Мөн өгсүүр зам руу явж байхдаа гүйцэж түрүүлж болохгүй. Зарим жолооч нар хойд машиндаа дохио өгдөг л дөө. Гэхдээ бие биедээ хэтэрхий найдаж болохгүй. Урд байгаа жолооч нь эргэх гэж байгааг ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ хамгийн чухал нь хурдаа тааруулаад л явчихвал зорьсон газартаа эрүүл, саруул хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Мөн хөдөө замд явах гэж байгаа бол заавал тэнхлэг тохиргоо хийлгэж, оношлогоонд орох хэрэгтэй. Дугуйны хийгээ шалгах хэрэгтэй. Зуны улиралд зуны дугуйтай явахгүй бол хавагнаад буудах аюултай байдаг. Дээрээс нь дөрвөн дугуйны хий адилхан байх ёстой. Монголчууд маань болно гээд овон товонтой хоёр дугуй аваачаад тавьчихдаг. Гэвч өнөөх нь хавагнаад буудчихдаг. Тиймээс хайртай хүмүүсээ хамгаалахын тулд аюулгүй байдлаа хангаж, аялал зугаалгадаа явах хэрэгтэй байна.

-Төв суурин газарт жолооч нар ямар дүрэм ихэвчлэн зөрчиж байна?

-Юуны өмнө жолооч нар явган хүний гарц дээр заавал зогсож, явган зорчигчийг гаргах үүрэгтэй. Гэсэн ч зарим нь энэ дүрмийг зөрчин, гарцтай хэсэгт хурдаа хасахгүйгээр барахгүй, явган зорчигчийг дайрах шахам өнгөрдөг. Мөн эгнээ, байр буруу эзлэх, давхар эргэх, орох боломжгүй байхад хүчээр тулж ороод уулзварыг чагтлах зэрэг нь хөдөлгөөний саатал үүсгэдэг.

Түүнчлэн урсгал сөрөх, нэгдүгээр эгнээнд машинаа удаан хугацаагаар орхих, гэрлэн дохиогоор зохицуулалт хийгдэж байхад улаан гэрлийг зөрчин нэвтрэх зэрэг нь байнгын зөрчил болоод удаж байна. Хамгийн ноцтой нь зарим жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсаар байгаа нь зам тээврийн ослын томоохон шалтгаан болдог. Эдгээр зөрчил нь зөвхөн жолоочийн биш, бусад хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байдаг учраас хууль, дүрмээ сахиж, хариуцлагатай хандах нь соёлын нэг хэсэг гэдгийг иргэд маань ухамсарлах хэрэгтэй байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
Г.БАЛГАРМАА


Сэтгэгдэл

Зочин [66.181.171.141] 2025-07-30 12:08:01

yu eliireed bgaam be? Mongol ulsiin zamiin hudulguunii durmeer dugui, surron, skuuter bugd avto zamaaraa yavah yostoi shuu.,

Зочин [103.57.94.211] 2025-07-30 11:38:10

энэ балай скуутер, дугуйнуудаа машин замаар явуулж болохгүй гэж байгаа бол шууд хориглоо !!! явган хүний замаар явуулахаа болио , явган хүмүүс нь хаагуур яаж явах болж байнаа ????????? шувуу шиг нисэх үү ? даанч далавч алга ...

Иргэн [14.1.81.67] 2025-07-30 10:15:40

Нийслэлчуудийг сэтгэцийн евчтэй болгож байгаа дуу чимээтэй мотоцикл, энэ хуний аминд шууд заналхийлж байгааг дугуйг хориглохгуй байгаа эрх мэдэлтэнг ойлгохгуй бна!!! Огцрох естой!

Зочин [66.181.187.174] 2025-07-30 08:49:23

Дэлхийн дэд бүтэц өндөр хөгжсөн бараг бүх оронд энэ цахилгаан дугуйнуудыг том хотууд болон хотын төвүүдээр явах ашиглахыг хатуу хориглочоод байгаа шүү дээ. Хөгжил нэн дорой, эсвэл дэд бүтэц муутай Узбекстан, Кирнгиз Монгол мэтийн улсууд,, Улаан -Үд, Хөх хот, Улаанбаатар, африк,Сибирийн хотуудад л дураараа хятад цахилгаан дугуй хэрэглэцгээж байгаа л даа.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.