Ин Юн: Бээжингийн автомашины тоо 7 сая давж, бид одоо ч түгжрэлийн асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байна

Aдмин / Гадаад мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар эдгээр өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ажиллаж, тус хотын дарга Ин Юнтай уулзжээ. Хотын дарга Х.Нямбаатар найрамдалт харилцаатай хотуудад ажиллах уулзалтуудаа Бээжингээс эхлүүлж буй бөгөөд энэ удаагийн уулзалтаар эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцсон байна.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод зам, гүүр, нүхэн гарц, сургууль, цэцэрлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд амжилттай хэрэгжиж байгааг дурдан талархал илэрхийлжээ.

Бээжин хотын дарга Ин Юн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, тус хотод хэрэгжүүлж буй зарим төсөл, хөтөлбөрөө танилцуулсан байна. Тэрбээр “Бээжинд орсон аадрын улмаас зарим гүүрийг түр хугацаанд хаасан. Өнгөрсөн хоёр хоног холбогдох албаныхан амралтгүй ажиллалаа.

Бээжингийн автомашины тоо 7 сая давсан, бид одоо ч түгжрэлээ бүрэн шийдэж чадаагүй байгаа. Оргил цагуудаар түгжрэл их байдаг. Түүнчлэн автомашинаас гарч байгаа бохирдол Бээжингийн агаарын бохирдлын 50 хувийг бүрдүүлж байна. Тиймээс нийтийн тээврийн төлөвлөлтөө шинэчлэх, цаашлаад түгжрэлийг бууруулах хүрээнд замын байгууламжийг нэмэгдүүлэх, камерын хяналтын төвийг сайжруулах, зам тээвэрт АI технологийг хөгжүүлж эхэлж байна.

Мөн Бээжин хотын дагуул хотуудыг байгуулж байгаа бөгөөд 30 мянган төрийн албан хаагчийг дагуул хотууд руу шилжүүлсэн. Өдгөө шинэ бүс байгуулж, төрийн өмчит компаниудаа тэнд төвлөрүүлэхээр ажиллаж байна. Авто замын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь дагуул хотыг байгуулах юм. Манай хот 2014 оноос дагуул хотуудаа байгуулж байна” гэжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил᠌” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ.

Эдгээр төслүүдэд авто замын түгжрэл, агаарын бохирдол, дэд бүтэц болоод нийгэм, эдийн засгийн хөгжил руу чиглэсэн бүтээн байгуулалтын томоохон ажлууд багтсан. Тухайлбал, “2О минутыг хот” концепцийн хүрээнд Сэлбэ хотыг байгуулж байгаа бөгөөд эхний ээлжийн 4000 гаруй айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Мөн авто замын түгжрэлийг бууруулахаар метро, трамвай, BRT, хоёрдугаар түвшний авто замуудын төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Улаанбаатар болон Бээжин хот нь 2014 онд ах, дүүгийн харилцаа тогтоож байсан бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байна” гэжээ.

Тодруулбал, үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарах нь чухал байгааг талууд онцолжээ. Бээжин хот дарга Ин Юн тус чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Саналын хүрээнд Бээжин хотын усны инженер, мэргэжилтнүүд Улаанбаатарт очиж ус зайлуулах хоолой, шугам сүлжээ, үерийн далан зэрэг бүтээн байгуулалтын судалгааг хийх аж.

Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар Улаанбаатар хотын худалдааны төлөөлөгчийн газрыг Бээжин хотод байгуулахад талууд санал нэгдэв. Бээжин хотын дарга Ин Юн цаашид хамтын ажиллагаагаа бүхий л түвшинд эрчимжүүлэхээ илэрхийлжээ.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Мэдээ.мн [66.181.178.190] 2025-07-29 16:24:07

Өгүүлбэр бүрт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээшш бараг Калесий юм уу? Ингэн ингэн боовыг нь хөхөж мөнгө олж яадаг байна аа?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.