Улаанбаатар Их дуулга-2025: ОУХМ М.Нандин-Эрдэнэ аваргын төлөө барилдана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй жүдо бөхийн "Улаанбаатарын Их дуулга-2025" тэмцээн өнөөдөр “Степпе Арена”-д эхэлсэн. Энэ удаагийн тэмцээнд 28 орны 236 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөж буйгаас Монгол Улсаа төлөөлж 56 жүдоч хүч үзэж байна.
Монголын үндэсний олимпын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар баг тамирчдад амжилт хүсэв.
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний Монголын багийн анхны медалийг Б.Уранзаяа авчирсан. Тэрбээр Францын жүдоч Блэндин Понтыг ялж, шөвгийн 8-д шалгарсан. Дараагийн учраа нь IJF-ийн нэр дээр барилдаж буй Оросын жүдоч Глафира Борисова юм.
Тэмцээний -66 кг-ын жинд АНУ-аас оролцож буй цорын ганц тамирчин Эрдэнэцогтын Билэгт эхний ялалтаа байгуулав. АНУ-д ОУХМ Д.Мөнхбаясгалангийн удирдлагад бэлтгэл хийдэг тэрбээр Гранд Слам ангилалд анхны ялалтаа БНХАУ-ын Жан Ха Яны эсрэг байгуулсан. Тэрбээр Узбекистаны Абдурахим Нутфулаевтай барилдахаар оноолт таарсан.
"Улаанбаатар-2025" жүдо бөхийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд энэ оны улсын аварга, "Гуру Дожо" дэвжээний бөх, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ АЛТАН медалийн төлөө барилдана. М.Нандин-Эрдэнэдээ амжилт хүсье!
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл