ОРОС, УКРАИНЫ ХЭЛЭЛЦЭЭ: Путин, Зеленский нарыг наймдугаар сарын сүүлээр уулзуулах санал тавьжээ

Aдмин / Гадаад мэдээ

Стамбулд болсон Орос, Украины гурав дахь хэлэлцээ долдугаар сарын 23-ны лхагва гаргийн орой өндөрлөв. Энэхүү хэлэлцээ Владимир Мединский (ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн) болон Рустем Умеров (Украины төлөөлөгчдийн тэргүүн) нарын уулзалтаар эхэлжээ.

Эхэндээ тэднийг Бешикташ дүүрэгт орших Чираган ордонд “нэг ба нэг” (тет-а-тет) уулзалтын хэлбэрээр хийж байгаа талаар мэдээлж байсан аж. Гэвч дараа нь "РБК-Украина"-д мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлснээр, тэд Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фиданы оролцоотойгоор “богино хэмжээний бэлтгэл уулзалт” хийсэн байна.

Мединский болон Умеров нарын уулзалтын дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээний гуравдугаар шат эхэлжээ. Уулзалтын эхэнд Туркийн Гадаад хэргийн сайд Фидан үг хэлэхдээ “Бид эхний хоёр шатны хэлэлцээний явцад тодорхой үр дүнд хүрсэн. Мөн хоёр дахь шатны хэлэлцээний үеэр талууд гал зогсоох асуудлаар харилцан ойлголтоо тусгасан санамж бичгүүдээ солилцсон нь ахицтай алхам гэж үзэж байна” гэж онцолжээ.

Тэрбээр мөн хэлэлцээний багууд Стамбулын уулзалтуудын хооронд “техникийн түвшинд” холбоотой байсан гэж нэмж хэлсэн аж. Фидан хэлэлцээний гол зорилгыг "энхийн зам нээж, гал зогсоох" хэмээн тодорхойлсон бөгөөд Турк улс гал зогсоох дэглэмийг хянахад шаардлагатай дэд бүтцээр хангагдсан гэж мэдэгджээ.

Хакан Фиданыг үг хэлсний дараа орон нутгийн телевизүүд хэлэлцээ явагдаж буй танхимаас шууд дамжуулалтаа зогсоож, уулзалт хаалттай горимоор үргэлжилсэн байна.

Хэлэлцээ нэг цаг хүрэхгүй хугацаанд буюу 40 минут үргэлжилжээ. Талууд шинэ хоригдол солилцоо болон Владимир Путин, Владимир Зеленский нарын уулзалтын талаар хэлэлцсэн байна.

ТАСС агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, гурав дахь шатны хэлэлцээг цааш үргэлжлүүлэхээр төлөвлөөгүй байна. Талууд цэргийн болон иргэдийн шинэ солилцооны талаар тохиролцжээ. Мөн дөрөв дэх шатны хэлэлцээ шинэ тохиролцоог хэрэгжүүлсний дараа шийдэгдэнэ гэж мэдээлсэн байна.

Украины төлөөлөгчдийн тэргүүн Рустем Умеров мэдэгдэлдээ "Тэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарыг наймдугаар сарын сүүлээр уулзуулах санал тавьсан" гэж дурджээ. Тэрбээр мөн Киев одоо ч гэсэн гал зогсооход бэлэн байгааг илэрхийлээд, Москваг илүү бүтээлч байр суурь баримтлахыг уриалсан байна.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000