Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан түүхэн он жилүүдийн дурсамж, сургамж

Монгол Улсын түүхэнд анхны байнгын ажиллагаатай парламент шинээр байгуулагдан бий болж, үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш аль хэдийнээ 35 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Монгол Улсад парламентат ёс төлөвших үндсэн чиг хандлага бий болж түүний гишүүдийн тоо 53 гишүүнээс 76 гишүүнтэй болж, 2024 оноос 126 болж өргөжин тэлжээ.
Өнөөдөр миний бие 35 жилийн ойн өндөрлөгөөс Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурлын гүйцэтгэсэн түүхэн үүрэг, гавьяаг өөрийн оюун бодолдоо тунгаан, энэхүү дурсамж, бодол, сургамж шүүмжээ бодит үнэнээс холдолгүй, хэтрүүлж дөвийлгөлгүй төвийг барьж бичихийг хичээлээ.
1980-аад оны сүүлчээр зүүн Европын социалист орнуудад төдийгүй Зөвлөлт Холбоот Улсад социализмыг төгөлдөршүүлэх, хөгжингүй социализмыг байгуулах тухай эрэл хайгуулыг эдгээрх улс орнуудын коммунист намууд дуу дуугаа авалцан улс төрийн шийдвэрээр хөөцөлдөж, сүүлчийн шатандаа ЗХУКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга М.С.Горбачевын дэвшүүлэн тавьсан социализмын өөрчлөн байгуулалт дахь олон улсын байдал “Перестройка-гласность” түүний үзэл санааг социалист орнуудын коммунист намууд өөрийн улс орноо өөрчлөн байгуулах социалист систем дэх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйл хэрэгт удирдлагаа болгож улс төрийн үйл хэргээ өөрсдийн улс орондоо өрнүүлсэн үйл явдал нь нийгмийн бүхий л давхаргыг хөдөлгөөнд оруулж, улмаар социалист нийгмийг үгүйсгэн шинэ ардчилсан нийгмийг бий болгох хөдөлгөөн ОХУ, зүүн европын социалист орнуудыг хамарч хүрээгээ тэлсээр алс азийн монгол оронд ч олон сувгаар нөлөө нь орж ирсэн.
1989 он 1990 оны эхээр улс орон даяар хуучин нийгмийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж, улс төрийн шинэ хөдөлгөөн, намууд үүсч тэмцлийн хурц хэлбэр “өлсгөлөн” рүү шилжсэнээр эрх баригч МАХН-ын Улс төрийн товчоо огцорч МАХН “улс орныг удирдан чиглүүлэгч” үүргээсээ татгалзсан нь Монгол улс нэг нийгмийн байгууллаас нөгөө нэг нийгмийн байгуулалд шилжих бүхий л үйл явц хууль эрх зүйн хүрээнд тайван замаар шилжин хийгдсэн билээ.
Товч тодорхой ойлгомжтойгоор хэлбэл БНМАУ-ын социалист маягийн Үндсэн хуулийн нэмэлтийг 1990 оны 5 сарын 10-ны өдөр баталсан явдал нь тоталитар дэглэмийн үеийн МАХН ардчилсан хувьсгалыг зохион байгуулж, ялалтанд хүргэсэн улс төрийн хүчин гэж тодорхойлж болно гэж би бодож байна. Монгол улс ардчилсан эрх зүйт төрийн тогтолцоог бий болгох анхны алхмыг Монгол оронд тоталитар дэглэм бүрэн унаагүй байх үедээ өөрөөр хэлбэл социалист системд тогтсон төрийн машин өөрөө ажиллаж байхдаа эхлэлийг тавьснаараа онцгой явдал байсан юм.
Тухайлбал, анхны ардчилсан сонгуулийг олон намын оролцоотойгоор зохион байгуулах үндсэн дээр анхны байнгын ажиллагаатай ардчилсан парламентыг байгуулах, анхны ардчилсан Ерөнхийлөгчийг сонгох, Засгийн газрыг байгуулах улмаар ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах зэрэг хамгийн чухал ач холбогдол бүхий асуудлууд бүгд БНМАУ-ын Ардын Их Хурлаар шийдвэрлэгдсэн явдал билээ.
Ийнхүү 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хөдөлгөөн, нийгэм бүхэлдээ шинэчлэгдэж нэг нийгмийн тогтолцоо нөгөө нийгмийн тогтолцоонд шилжих үйл явдал нь түүхэн зайлшгүй болох нь 1980-аад оноос улбаатай бөгөөд монголын нийгмийн сэтгэлзүй оюун санааны амьдралд хөгжлийн шинэ гарцыг эрэлхийлэх хандлага бий болж нэн ялангуяа монголын нийгмийн идэвхтэй хэсэг болох Монголын сэхээтнүүд ямар нэг тодорхой түвшинд хүртлээ боловсорч гэгээрэн шинэчлэлт өөрчлөлтөд идэвхийлэн зорьсон нийгэм улс төрийн үйл ажиллагааг авч үзвээс монголын сэхээтнүүд аль хэдийнээс шинэчлэл, өөрчлөлтөд ямар нэг хэмжээгээр бэлтгэгдсэн байсан гэж үзэх үндэстэй бөгөөд энэхүү нийгмийн бодит нөхцөл байдал нь баруун европын болон зөвлөлтийн өөрчлөн байгуулалтын үйл явцтай нийцэж өрнөсөн үйл явц байв.
Энд дүгнэж хэлэхэд, зарим нэг хүмүүс 1990 оны ардчилсан үйл явц нь гадны захиалгаар, нэг хэсэг нөхдийн хийсэн хэрэг явдал мэтээр ярьдагтай нийцэхэд тун ярвигтай асуудал юм даа.
УЛСЫН БАГА ХУРЛЫН ГҮЙЦЭТГЭСЭН ТҮҮХЭН ҮҮРЭГ
Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал нь Монгол Улсыг ардчилсан шинэ тогтолцоонд шилжүүлэх үндсэн нөхцөлийг хууль эрхзүйн хувьд бүрдүүлэх түүхэн чухал цаг үед онцгой түүхэн үүргүүдийг гүйцэтгэсэн юм.
НЭГ. Улсын Бага Хурлын түүхэн гүйцэтгэсэн үүрэг бол Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулж, БНМАУ-ын Ардын Их Хурлаар батлуулж чадсан явдал юм. Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлал нь үндэсний ардчилсан ухамсрын өв уламжлал ба ардчилсан хувьсгалын явц, эрх зүйн хөгжлийн үр дүнд бүрэлдсэн гэж үзэж болно.
Монголын төрт ёс, түүний дотор үндсэн хуулийн эрх зүйн хөгжлийн явцад хуримтлуулсан ололт, сургамж бусад улс орнуудын жишиг, сургамж, нийтлаг үнэт зүйлсийг харгалзан үзэж үндэснийхээ нөөц чадавхид түшиглэсэн явдал нь 1992 оны шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын үндэс дэвсгэр болсон юм. Улсын Бага Хурал шинэ Үндсэн Хуулийг богино хугацаанд боловсруулж, батлуулсан юм.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь ардчилсан тогтолцоотой дэлхийн улс орнуудын Үндсэн хуулиудын жишигт хүрснийг НҮБ болон олон улсын хүний эрхийн байгууллагууд үнэлсэн байдаг. Монгол Улсын нэгэн адил тоталитар системийг халж ардчилсан тогтолцоонд шилжсэн улс орнууд Үндсэн хуулиа баталж чадахгүй улс оронд нь эмх замбараагүй байдал үүсч ихээхэн хохирол учирч өндөр үнэ цэнээр Үндсэн хуулиа бүрэн хэмжээнд боловсруулж баталж амжаагүй улс орнууд ч байгаа бололтой.
Харин Монгол Улсын хувьд жил гаруйхан хугацаанд ардчилсан шинэ Үндсэн Хуультай болсон явдлыг түүхэн тодорхой амжилт гэж үзэж болох юм.
ХОЁР. Улсын Бага Хурал нь зах зээлийн эдийн засагтай ардчилсан тогтолцоо бүхий иргэний шинэ нийгмийг байгуулах хууль эрхзүйн үндэс суурийг тавьсан юм. Улсын Бага Хурал 1990-1992 оны хооронд нэг жил есөн сарын хугацаанд ажиллахдаа 62 хууль үүнээс 35 шинэ хууль баталсны ихэнх нь шинэ Үндсэн Хуулийн эд эс нь болж өгсөн билээ.
Ялангуяа Албан татварын тухай, Аж ахуйн нэгжийн тухай, Өмч хувьчлалын тухай, Өмчийн тухай, Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлт, Банкны тухай, Улсын Бага Хурлын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Засгийн газрын тухай зэрэг ардчилсан шинэ нийгмийн харилцааг зохицуулах цоо шинэ хуулиудыг баталсны зэрэгцээ хүний эрх, шүүх эрх мэдлийн талаархи зарим ноцтой хязгаарлалтыг халсан нэмэлт, өөрчлөлтийг хуучин хуулиудад оруулсан юм.
Эдгээр хууль эрхзүйн актууд нь зах зээлийн ардчилсан нийгмийн шинэ харилцааг монгол оронд төлөвшүүлэхэд онцгой ач холбогтолтой байсан бөгөөд өнөөдрийг хүртэл эдгээр хуулиуд улам төгөлдөржин үйлчилсэн хэвээр байгаа билээ. Нөгөөтэйгүүр дээр дурдагдсан бүхэн шинэ Үндсэн хуулийн албан ёсны үзэл баримтлал бүрэлдэж, төслийн анхны “араг яс” буюу бүтцийг босгоход шийдвэрлэх үндэс болсныг Б.Чимид гуай онцлон тэмдэглэсэн байдаг юм.
ГУРАВ. Улсын Бага Хурал нь ардчилсан хуулийг жинхэнэ утгаар нь батлан гаргаж, түүндээ ягштал захирагддаг зарчимтай байсан бөгөөд өргөсөн андгайдаа үнэнч, нийгмийн бүхий л давхарга, бүлгийн эрх ашгийн төлөөллийг хангасан, мэргэжлийн өндөр ур чадвар, амьдралын нөр их туршлагатай, ажиллах чадвар өндөр, ард түмний сонголт болон АИХ-ын сонголтоор давтан шүүгдсэн чин шударга гишүүдээс бүрдсэн явдал нь дараа дараагийн парламентад үлгэр дууриал болох дахин давтагдах магадлал тун багатай ба түүхэн гавьяатай хууль тогтоох, төрийн эрх барих дээд байгууллага байсан юм.
Жил гаруйн дараа батлагдах шинэ Үндсэн хуулийн зохицуулалтанд төгс нийцсэн улс төр, эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулах 60 гаруй хуулийг баталж хэрэгжүүлсэн үйл ажиллагаанаас дүгнэлт хийж үзэхэд Улсын Бага Хурал түүний гишүүдэд Үндсэн хуулийн үзэл баримтлал нийгэмд хийх шинэчлэлийн үзэл санаа, ялангуяа эрх зүйн ухамсрын түвшинд нэлээд эрт өмнөөс багагүй хугацаанд бүрэлдэн бий болсон гэж үзэх үндэстэй байгаа юм.
ДӨРӨВ. Улсын Бага Хурал түүний бүрэлдхүүн болох Улсын Бага Хурлын гишүүд нь ямар ч эргэлзээгүй, өөрсдийн эрх ашгийг өчүүхэн ч бодолцохгүйгээр, зөвхөн улс үндэстнийхээ нийтийн эрх ашгийг урьдал болгож ардчилсан шинэ Үндсэн Хууль батлагдмагц, түүний үйлчлэлийн дагуу аль болох богино хугацаанд шинэ Үндсэн Хуулийн дагуу сонгууль явуулсны үндсэн дээр УИХ-ыг байгуулж, хууль эрхзүйн бүхий л үндсийг бүрдүүлэн бүрэн эрхийнхээ үлдсэн 3 жил гаруй хугацааг дуусгалгүйгээр, нэг ёсондоо, бүрэн эрхээсээ ухамсартайгаар татгалзаж чадсан нь үнэлж баршгүй үндэсний ухамсрын түүхэн явдал байсан юм.
ТАВ. Улсын Бага Хурал нь олон намын тогтолцоотойгоор төр засгийг эмхлэн байгуулж, улс орноо удирдан түүхэн амжилтанд хүрч болдгийн анхны үлгэр жишээг харуулж чадсан юм.
УЛСЫН БАГА ХУРЛЫН ГИШҮҮН Д.БАЛДАН-ОЧИР МИНИЙ АРДЧИЛСАН ТӨРИЙН ҮЙЛ ХЭРЭГТ ОРОЛЦСОН ӨЧҮҮХЭН ХЭРЭГ ЯВДЛЫН ТАЛААР
Миний бие 1990 оны анхны ардчилсан сонгуулиар БНМАУ-ын Ардын Их Хурлын сонгуулийн 150 дугаар тойрог Дархан хотоос АИХ-ын депутатаар сонгогдон улмаар АИХ-ын анхдугаар хуралдаанаас Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсны хувьд өнөө цагийн өндөрлөгөөс эргэн харж, Монгол төрийн анхны байнгын ажиллагаатай парламентын нэгэн эд эс нь болж түүний түүхэн үүрэг гүйцэтгэсэн үйл хэрэгт өөрт олж авсан бүхий л мэдлэг, боловсрол, чадавхиа монгол төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр, нэгэн чигт итгэл, сэтгэл, зүтгэлийг барьж зүтгэсэн монгол төрийн эгэл жирийн түшээ болж чадсан юм.
Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутатаар сонгогдсон тэр цаг үед нам бус, 26 настай, МХЗЭ-ийн гишүүн байсан. Жилийн дараа МАХН-д элссэн. Би бусдын нэгэн адил жирийн малчны хүүхэд, малчны хотонд өсч бойжиж, Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулийг төгсч, ЗХУ-ын /тэр үеийн/ Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг төгсч, ажил хөдөлмөрийн гараагаа 1000 гаруй ажиллагсадтай Дархан хотын Цементийн заводын хамт олны дунд эхэлж, улмаар Дархан хотын АДХГЗ-д мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын даргаар ажиллаж, үйлдвэр аж ахуйн болон орон нутгийн төрийн захиргааны үйл ажиллагааны талаар зохих мэдлэг, дадал олж авсан нь төр улсын үйл хэрэгт оролцох явдалд ихээхэн дөхөм, дэмтэй байсан шүү.
Улсын Бага Хурал миний Амьдралын Их Сургууль болсон бөгөөд монгол төрийн үйл хэрэгт өөрийнхөө чадлын хирээр оролцох үүд хаалгыг нээж өгч төр түмнийхээ сайн сайхны төлөө насан туршдаа бие сэтгэлээ чилээх, хоёргүй сэтгэлээр зүтгэх төрийн жинхэнэ хар хүний хэв шинж, мөн чанарыг энэхэн биедээ шингээх их сургууль болсон юм.
Эгэл жирийн малчны ахуй амьдралаас зөвлөлтийн томоохон дээд сургууль болох Улс Ардын Аж Ахуйн дээд сургуульд хөгжлийн эдийн засаг, стратеги төлөвлөлтөөр, өнөөгийн нэр томъёоллоор, суралцаж дээд боловсрол эзэмшиж, улсын ач холбогдолтой томоохон үйлдвэрийн газар, Монгол улсын хоёр дахь том хот бөгөөд орчин үеийн аж үйлдвэр, хөдөө, аж ахуй, барилга, орон сууц, соёл боловсрол эрүүл мэндийн салбарууд эрчимтэй хөгжиж ирсэн он жилүүдэд Дархан хотын хөгжлийн төлөвлөгөө эдийн засгийн асуудлыг хариуцсан төрийн захиргааны хариуцлагатай албыг хашиж байсан явдал нь УБХ-д хожим нь УИХ-д гишүүнээр сонгогдон ажиллахад чухамхүү монгол төрийн бодлогыг боловсруулах түүнийг хэрэгжүүлэхэд ямар хууль эрхийн актыг санаачлах, боловсруулахад оролцох, тэрхүү зорилго чиглэлийг тодорхойлоход онцтой тус дэмтэй байв.
Дархан хотын цементийн үйлдвэрийн хөдөлмөрийн хамт олны дунд ажиллаж амьдарч баялаг бүтээгч хөдөлмөрч хүний жаргал зовлонг мэдэрч, үйлдвэрийн техник технологийг шинэчлэх техник-эдийн засгийн тооцоог гардан хийж тэр үеийн Улсын Төлөвлөгөөний Комисс, Улсын Барилгын Хорооны коллегиар батлуулж, зуу гаруй сая ам.долларын үйлдвэрийн шинэчлэх төслийн нөр их ажлыг амжилттай гүйцэтгэн улмаар Дархан хотын АДХ ГЗ-нд дэвшин ажиллаж хотын аж ахуйн нэгжүүдэд аж ахуйн механизмыг боловсонгүй болгох чиглэлээр аж ахуйн дотоод тооцоо, ХЗБУ бригадын системийг нэвтрүүлэх замаар бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх талаар бүхий л чадавхаа дайчлан хотын эдийн засгийг удирдан ажиллаж, хотынхоо нийгмийн асуудалд онцгой анхаарч холбогдох бүхий л байгууллагуудын хамтын хүчийг зохион байгуулан ажилласан.
Ингэснээр ердөө л 3-4 жилийн хугацаанд гурав дөрвөн орон сууцны иж бүрэн хорооллууд - манай дарханчуудын нэрлэдгээр хээтэй, өнгөт хорооллуудыг зөвлөлтийн болон Монголын барилгын байгууллагын хүчээр барьж ашиглалтад оруулан хотын айл өрхийн дийлэнх хувийг орчин үеийн орон байраар ханган олон түмний зүгээс урмын үгээр мялаалгаж залуу насныхаа эрч хүч, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн явснаа эргэн санахад сайхан байдаг юм. Нэг л мэдэхэд аль хэдийн 5 жил өнгөрөн 1990 он тулж ирсэн байв.
Анхны ардчилсан сонгуульд Дархан хотод Ардын Их хурлын 150-р тойрогт Дархан хотын Хувьсгалт Залуучуудын эвлэлийн байгууллагаас нэр дэвшин гучин тавуулаа өрсөлдөж миний бие Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон юм. Маш ширүүн өрсөлдөөн өрнөсөн юм. Учир нь ардчилсан хөдөлгөөний онол суртахууны эцэг гэх тэр үед алдаршиж байсан тэгээд бас Дарханд төрсөн гэдгээрээ бас илүүрхдэг доктор А.Нэргүйтэй гуайтай өрсөлдсөн явдал байсан.
Би чинь Завханы гаралтай ч гагцхүү Дарханчуудынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байсан учраас энэ том ард түмэн надад илүү итгэлээ өгсөн юмдаа. Миний бие УБХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа шинэ Үндсэн хуулийг боловсруулж хэлэлцэж батлуулахад мөн түүнчлэн Монгол Улсад зах зээлийн эдийн засгийн харилцааны үндэс суурийг бий болгох, зохицуулах төлөвшүүлэхтэй холбоотой хуулиуд дээр онцгойлон анхаарч бүхий л хуулийн ажлын хэсэгт оролцож тэр дундаа өмч хувьчлалын тухай хуулийн ажлын хэсгийг ахалж УБХ-аар батлуулсан байдаг юм.
Шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулахаас эхлэн УБХ –аар хоёр удаа хэлэлцэж улмаар АИХ –ын 2-р хуралдаанаар 76 хоног хэлэлцэх бүхий л үе шатанд, ер нь бол УБХ-ын бүрэн эрхийн хугацааны туршид гурван амин чухал гэж үзсэн асуудлууд дээр илүү анхаарч ажилласан гэж боддог. Нэгд,. Газрын харилцааны зохицуулалтын асуудал, Хоёрт. Өмчийн харилцааны болон зах зээлийн эдийн засгийн харилцааны асуудал, Гуравт. Мал сүргийн талаархи зохицуулалтын асуудал байсан юм.
Шинэ үндсэн хуулийн 6 дугаар зүйл нь УБХ–д анхны хэлэцүүлэгт орж ирэхдээ ердөө хоёрхон заалт бүхий зохицуулалтаар газрын харилцааг зохицуулахаар томъёологдсоныг хоёрдугаар хэлэлцүүлэг болон АИХ-ын 2-р хуралдаанаар 76 хоног хэлэлцсэний үр дүнд таван заалттай нарийвчилсан зохицуулалт бүхий томъёололттой төгс зохицуулалтыг агуулсан зүйл болгон батлагдталаа хамгийн их анхаарал, эргэлзээ, болгоомжлол татсан бөгөөд АИХ-ын депутатуудын 20 гаруй хоног маргалдаж мэтгэлзсэн тун хэцүү асуудал байсан нь миний ой санамжинд тод үлдсэн юм.
Миний бие АИХ-ын 150-р тойргийн депутатын хувьд зөвхөн 6-р зүйл дэх газрын харилцааны асуудлаар 10-аад удаа өөрийн байр сууриа илэрхийлж шинэ үндсэн хуулин дахь таван заалт бүхий зургаадугаар зүйлийн нарийвчилсан зохицуулалт бүхий томъёоллыг энэ байдлаар нь элдэв эрсдэл үр дагавартай үндэсний эрх ашигт алсдаа харш байх магадлалтай газрын өмчлөлийн талаар АИХ-ын хуралдааны явцад хөндлөнгөөс орж ирсэн зарим депутатуудын саналаас хамгаалах гэж өөрийн бүхий л мэдлэг чадлаар хичээж ажилласан байдаг.
Газрын асуудал АИХ-ын хуралдааныг заримдаа мухардмал байдалруу оруулж байсан. Миний бие энэ байдлаас АИХ-ын хуралдааныг гаргахын тулд АИХ-ын дарга Уртнасан, Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид гуай нартай зөвлөлдөн тэдний зөвшөөрсний дагуу ШУА-ийн нэрт эрдэмтэд болох академич доктор профессор Ишжамц, Сүхбаатар нарыг АИХ-ын хуралдаанд урьж оролцуулан Монголын төрөөс түүхийн урт харилцаанд улсын газрын харилцааны асуудлыг хэрхэн зохицуулж ирсэн тухай түүхийн бодит эх сурвалжийг үндэслэн депутатуудад бараг бүтэн өдрийн турш зөвлөгөө өгч харилцан ярилцсан явдал нь зохих ач холбогдолтой болсон гэж боддог юм шүү.
Тэр үеийн АИХ-ын депутатууд, УБХ-ын эрхэм гишүүд улс гүрний үндэс болсон газрын харилцааг Монголын төр ард түмний язгуур эрх ашигт бүрнээ нийцүүлэн шинэ Үндсэн хуулиараа баталгаажуулж тунхагласан явдал нь түүхэн ач холбогдолтой. Үндсэн хуулийн Газрын харилцааны зохицуулалтад АИХ –ын танхимд тэнэж явсан хөндлөнгийн санаа, оролдлогуудаас өчүүхэн үг үсэг хавчуулагдаагүй нь өмч хувьчлалын явцад гарсан зарим алдаа оноог давтаж улс үндэстний хэмжээнд нөхөж баршгүй хохирлыг хаасан нь өнөөдрийн өндөрлөгөөс эргэж харахад нийт АИХ-ын депутат УБХ-ын гишүүддээ түмэнтээ баярлалаа гэж чанга дуугаар хэлмээр...
Энэ дашрамд өөрийгөө магтаад хоёр үг хэлчихмээр санагдлаа. Газрын талаарх хэлэлцүүлгийн олон халуун өдрүүд үргэлжилсэн нэгэн өдөр Б.Чимид гуай миний өрөөнд орж ирснээ “Миний хүү, чи өөрийнхөө байр суурин дээр хатуу зогс, чи зөв ярьж байгаа, “хана чихтэй” гэж зааснаа өдрийн хоолондоо орсон уу, хоёулаа Сүхбаатарын талбайг тойроод биеийнхээ чилээг гаргаад ирэх үү гээд” хамтдаа тунчиг догь хөөрөлдөж явсан нь надад урам зориг өгч байсан юм шүү.
Хожим миний бие Эрхүүгийн УААДС-даа асперантурт сурч байгаад 1993 оны өвөл амралтаараа ирж анхны УИХ-д дахин сонгогдсон УБХурлынхантайгаа бүлгийн дарга Ц.Өөлд гуайн өрөөнд уулзалдан сонин сайхнаа хөөрөлдөж бөөн л баяр хөөр болцгоон бас ч зүгээр байсангүй Орос орноос ганзгалж ирсэн ганц юмаараа ах нараа дайлж байх завсар манай намын анхны дарга Г.Очирбат гуай орж ирэн надтай чухал уулзаа байна, миний хүү миний өрөөнд үүний дараа ороод ирээрэй гэдэг юм.
Намайг УБХ-д хөтөлж оруулсан миний буурал дарга, УБХ-ын гишүүн болсноос хойш жил гаруй эвлэлийн гишүүнээрээ л явж байгаад 1991 оны 03 сарын 01-нд МАХН-д гишүүнээр элсэн орж буурал даргаасаа батлахаа гардан авч байсан, миний хамгийн хүндэлж явдаг нутгийн ах. Төд удалгүй Г.Очирбат даргын өрөөнд орлоо. Дарга нь УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албаны даргын ажил төрлийг хашиж байна. Шинэ Үндсэн хуулийн үйлчлэлийн дагуу маш олон органик хуулиудыг шинэчлэн боловсруулж батлах асуудал нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Юуны өмнө газрын тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байна.
Ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн үзэл баримтлал болон төсөл дээр ид ажиллаж байна. Үндсэн хуулийн газрын тухай 6 дугаар зүйл дээр чи 7,8 удаа Ардын Их Хурлын хуралдаан дээр үг хэлж үндэслэл аргумент гаргаж депутатуудын дийлэнх олонхи нь өөрийн чинь саналыг дэмжсэн байна гээд Үндсэн хууль хэлэлцсэн Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлийн хэд хэдэн бор цаасан хавтаснаас АИХ-ын 150-р тойргийн депутат Д.Балдан-Очирын хэлсэн үг гэсэн болгоныг улаан өнгийн фломастерээр нэлэнхүйд нь тэмдэглэснээ харуулж
“За миний хүү чи одоо эрдмийн зэрэг горилж ОХУ-д суралцаж, бас хажуугаар нь бизнес эрхэлж байгаа юм байна, хуулийн үзэл баримтлал, хуулийн зохицуулах харилцаанд өөрийн чинь хэлсэн үгийн агуулга үзэл санааг чухал ач холбогдолтой гэж үзэж байна, эдгээр санаанаас гадна нэмж хуулинд тусгах шинэ санаа оноо байна уу” гэж тун дотночлон ярилцаж байсан нь надад их сайхан урмын үг байсан даа. Зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгмийн амин сүнс нь хувийн өмчийн эрх зүйн зохицуулалтад дээр тулгуурласан байх ёстойг тэр үед ухамсарлаж явсан юм.
Монголын нийгэмд 1921 оны ардын хувьсгалын дараахь 1930-1950-иад онуудад төрийн зүгээс “нийгэмчлэл”, “нэгдэлжих хөдөлгөөн” зэрэг уриан дор иргэдийнхээ өмч хөрөнг ялангуяа мал сүргийг хоморголон хураан авч байсан түүхийн гашуун сургамжийг шинэ Үндсэн хуулиар хааж, хамгаалсан зохицуулалтыг зайлшгүй оруулахыг эрхэмлэн ажиллаж байсан юм. Шинэ Үндсэн хуулийн анхны хэлэлцүүлэгт орсон Үндсэн хуулийн төсөлд /1991-04-18-ны өдөр/ “иргэд өмчтэй байх, түүнийгээ өвлүүлэх, аж ахуй эрхлэн хөтлөх эрхтэй” төдийхнөөр томьёологдсон байсныг дутуу дулимаг зохицуулалт болсон гэж үзэж,
миний бие зарим гишүүдийн хамт хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлахыг хориглох, зөвхөн нийтийн эрх ашгийн үүднээс хувийн өмч хөрөнгийг дайчилж болох, энэ нөхцөлд шударгаар нөхөн олговор олгож байхаар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь заалтын бүрэн хэмжээний зохицуулалтыг төсөлд тусгасан юм.
Улсын Бага Хурлаас батлан гаргасан эдийн засгийн харилцааны зонхилох гол хуулиуд болох “Аж ахуйн нэжийн тухай”, “Татварын тухай”, “Гаалийн тухай”, “Банкны тухай”, “Иргэний хуулийн нэмэлтийн тухай” хуулиудыг боловсруулж батлуулах ажлын хэсгийн багт оролцож, “Өмч хувьчлалын тухай” хуулийг боловсруулж, батлуулах ажлын хэсгийг ахалж ажилласан болно.
Өнөөдрийн өндөрлөгөөс эргэцүүлэн бодоход хэдийгээр тэр үед бидний дунд зах зээлийн нийгмийн “капиталист” улс оронд ажиллаж амьдарч, бие сэтгэлээрээ мэдэрч үзсэн нэг ч хүн байхгүй байсан хэдий ч тэр нийгмийн эдийн засгийн харилцааг шинээр бий болгож үйл ажиллагааг зохицуулах эдийн засгийн эдгээр багц хуулиудыг монгол орны онцлог, хөрс сууринд нийцсэн урт хугацаанд үзэл баримтлал нь хадгалагдсан эрхзүйн баримтуудыг Улсын Бага Хурлаас батлан хэрэгжүүлж чадсан байна гэж үзэх үндэслэлтэй. Өмч хувьчлалын тухай хууль нийгмийн зүгээс маш их шүүмжлэл дагуулсан асуудал байсан юм.
Ялангуяа нэгдэл нийгмийн 20,0 сая малыг хувьчилбал ганц хоёр жилийн дотор “найрлаад” Монгол улс малгүй болно гэсэн байр суурь маш хүчтэй байсан юм. Улсын Бага Хурлаар удаан хугацаанд хэлэлцсэний эцэст хууль батлагдсан 1991 оны 5 сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн БНМАУ-ын иргэн бүрд 10,0 мянган төгрөгийн үнэтэй дүйцэх “Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг”, үүнээс 7000 төгрөгийн цэнхэр өнгийн тасалбараар улсын үйлдвэрийн хувьцааг авах эрх, 3000 төгрөгийн ягаан өнгийн тасалбараар худалдаа үйлчилгээний болон бусад салбарын жижиг үйлдвэрийн газрыг худалдан авч өмчтэй болгохоор хуульчлан Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн юм.
Санал зөрөлдөж хуулийн ажлын хэсгийнхэн Засгийн газрын гишүүдтэй муудалцаж гар зөрүүлэх дээрээ тулж байсан нэн хүндхэн үед Б.Чимэд гуай бидний өрөөнд орж ирж тааран “Миний хүүхдүүд сууцгаа, маш сайн бодолц! Үндсэн хуулийн асуудлаас биш, өмч хувьчлалаас болж дээлээ нөмөрнө шүү” гэж тунчиг толгойн орой руу орсон зөвлөмж хэлж билээ.
Ер нь бол социалист лагерьт байсан зүүн европын бүхий л орнууд бараг нэг аргачлалаар өмч хувьчлалыг явуулсандаа. Алдаа оноотой ч гэсэн өнөөдрийн өндөрлөгөөс харахад монгол түмний ууган эдийн засаг болсон малын тоо толгой өмнөх үеэсээ 3-4 дахин өсөж, сайнтай муутай ч иргэдийн хувийн өмчийн салбар үүсч хөгжин улс орны эдийн засагт зонхилох үүргийг гүйцэтгэж байгааг бид бодитоор харж, Монгол улс хувийн өмч дээр суурилсан зах зээлийн ардчилсан нийгэмд эргэлт буцалтгүй орсон нь өмч хувьчлалын үр дагавар юм гэж үзэж болно.
Ажил хэргийн холбогдолтой явдлаас түр хөндийрч, Улсын Бага Хуралд хэрхэн аж төрж, хувь хүний хувьд ямархуу байсан талаар: Улсын Бага Хурлын гишүүд маш ачаалалтай ажиллаж байсан шүү. Долоо хоногийн 5-6 өдөр нь өглөөний 8, 9 цагаас үдшийн бүрий 21-24 цаг хүртэл ажиллаж байсан.Б.Чимэд гуай “За хүүхдүүд ээ, өнөөдөр эрт тарна” гэж хэлэхэд Бага хурлын гишүүд сургуулийн сурагч шиг л малгай цүнхээ зэхээд л баярлана. Тэр нь хэдэн цаг гээч, оройн 20 цаг...
Сэтгэлд үлдсэн гэгээлэг дурсамжийн захаас товчхоон ганц нэгийг дурдваас: Төрийн ордны баруун жигүүрт хүнсний мухлаг ажилладаг байв. Тэнд нэг кг нь 3,90 төгрөгийн үнэтэй боорцог, чанасан хонины толгой их биш хэмжээгээр зардаг байлаа. Бага үдийн завсарлагаар очередь дараалалд орж чадвал ганц кг боорцог, хонины чанасан толгой авч амждаг байлаа даа. “АШҮН” гэсэн бичигтэй, албаны хэрэгцээнд өгсөн үндэсний үйлдвэрийнхээ хүрэн бор цүнхнийхээ нэг тасалгаанд хоол хүнсээ, нөгөөд нь бичиг цаасаа чихсээр сүүлдээ бүр богц болтлоо суначихсан, тавган дээр тавих идээтэй үдэш орой нүүр бардам гэртээ харьдагсан. Одоо үеийнхэн итгэхгүй дээ. Бид тийм л эгэл жирийн, энгийн байсан юм.
БНМАУ-ын Ардын Их Хурал, Улсын Бага Хурал ард түмэнтэйгээ нягт хамтран ажиллаж, Ардчилсан Шинэ Үндсэн Хуулиа баталмагцаа шинэ Үндсэн Хуулиа мөрдөж эхлэх ажилдаа шургуу орж, 18 аймаг, нийслэлд Улсын Бага Хурлаас Шинэ Үндсэн Хуулийг 1992 оны 02 сарын 12-ны өдрийн 12 цаг буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн 9-ний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс орон даяараа дагаж мөрдүүлэх түүхэн цаг мөч-үйл явдалд оролцуулах элч төлөөлөгчөөр Завхан нутгийн унаган хүү намайг томилж оролцуулсан нь жирийн малчны хүү надад мартагдашгүй явдал болсон юм.
Урд өдөр нь Улиастайд АН-24 онгоцоор буудаг юм. АИХ-ын депутат, хөдөлмөрийн баатар Адьшаажав нарын нутгийн ах нар тосч аван хамтдаа аймгийн засаг дарга АИХ-ын депутат Б.Очирбат гуайн өрөөнд амар мэндээ мэдэлцэн байх зуур нэгэн настайвтар ах өрөөнд орж ирснээ их л сандруу дуугаар, дарга аа, нөгөө Балдан-Очир чинь онгоцоор ирсэнгүй гэсээр хөлсөө арчин зогсов.
Аймгийн дарга, чи телевиз сайн үзэж байгаач гэж хэлснээ, наана чинь сууж байна гэдэг байгаа. Орой нь нөгөө ах маань миний буусан буудлын өрөөнд ганц юм барьчихсан ирж, миний хүү ахыгаа уучлаарай, би чинь гоголь малгай, каракуль захтай пальтотай, ширвээ сахалтай бүдүүн хүн л хайж будилчихлаа гэж билээ. 1990-ээд онд ганц үндэсний телевиз л байсан үе.
Ер нь хүн өөрийн нас намба, туулсан амьдрал, хуримтлуулсан мэдлэг, дадлага туршлагадаа таарсан төрийн алба залгуулах нь зохилтой гэдэг бодол тэр үед төрж Улсын Бага Хурлаас бууж, эрдэм номын мөр жаахан хөөсөндөө. Хааяа, хааяахан хуралдаан дээр сахилгагүйтэх үе байсан шүү.
Би Эдийн засгийн байнгын хорооны гишүүн байлаа. 1990 оны сүүлчээр үнийн хөөрөгдөл газар авч Монгол банкнаас (Төв банк) шинээр 500, 1000 төгрөгийн шинэ мөнгө дэвсгэрт хэвлүүлж гүйлгээнд гаргах талаар УБХ-д санал оруулж, улмаар манай байнгын хороо санал боловсруулан 1991 оны эхээр УБХ-ын нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр болов.
Аль болох яаралтайгаар хэлэлцэх учиртай байлаа. Хуралдаан хэлэлцэж шийдвэрлэх шатандаа орлоо. Гэнэт надад бодол төрж, Р.Гончигдорж дарга аа, санал хураахын өмнө надад нэг асуух зүйл байна гэсэн чинь, дарга жаахан уцаарлангуй, танай байнгын хороо асуудлыг оруулж байна, өөрөөсөө юу асуудаг юм бэ гээд, надад тун дургүйхэн микрофон нээж өглөө.
Би, ингэхэд бидний дундаас Их Хаан Чингисийг харсан хүн байна уу, бидний батлах гэж буй 500, 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэр дээрх зурагнаас өөр Эзэн Хааны жинхэнэ зургийг өөр аль нэг улсаас гаргаад ирвэл бид яах вэ гээд л асуучихлаа.
УБХ-ын гишүүд ч шуугиад эхэллээ, хэд хэдэн гишүүд намайг дэмжиж улмаар Засгийн газар, Шинжлэх ухааны академи болон холбогдох байгууллагуудыг оролцуулан комисс гарч 3-4 сар хүртэл бүхий л эх үүсвэрийг судалж тогтоон өнөөгийн энэ сэрэг дүрээр мөнгөн тэмдэгтийн дэвсгэрийг хэвлэх шийд гарч байсан юм шүү. Санамсаргүй зүйл гэж байдаггүй гэдэг үнэн бололтой.
Арав гаруй жилийн дараа миний бие 2008-2012 онд Завхан аймгиаас УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа аль 1990, 1991 онуудад УБХ-аас батлан гаргасан Банкны тухай хууль 10 гаруй жилийн хугацаанд хэдэн арван нэмэлт өөрчлөлтөөр засагдан өөрчлөгдөж, шинэ хурдацтай хөгжиж буй банкны системийн харилцааг зохицуулах чадамж нь суларсан Анод банк, Зоос банк зэрэг нэлээд хэдэн арилжааны банкны үйл ажиллагаа доголдсон 2008 оны намар 7 дугаар сарын үймээний асуудал дарагдаагүй тэр үед миний бие Арилжааны банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, батлуулах тухай Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, УИХ-аар батлуулан улмаар үүнтэйгээ уялдуулан Иргэдийн хадгаламжийн баталгаа,
Зээлийн батлан даалтын сан, Зээлийн мэдээллийн сангийн тухай зэрэг олон эрх зүйн актыг УИХ-аар батлуулан улмаар эдгээр эрх зүйн хуулийн зохицуулалтаар тэр үеийн банкны системийн хямралыг гарз багатай гарсан билээ.
Үндсэн хуулийн үзэл санаа, өмч хувьчлалын хуулийн үр дагавраар бий болсон орчин цагийн зах зээлийн мал аж ахуйн салбар, түүний хувь заяаг тээж явдаг малчин түмний талаархи төрийн бодлого үгүйлэгдсэн, хэдийгээр өмч хувьчлалаар мал эзэндээ очиж 50-60 сая хүрч өссөн ч малын үүлдэрлэг чанар муудаж, ашиг шим буурч, малын эрүүл мэнд доройтож, элдэв халдварт өвчин паразит өвчин газар авсан, түүхий эд бэлтгэлийн тогтолцоо задарч МАА-н бараа, түүхий эдийн үнэ унаж үнэгүйдсэн, байгаль цаг уурын эрсдэлийг даван туулах чадвар доройтсон нэг өвлийн зуднаар 5-10,0 сая толгой мал хорогддог асуудал өчүүхэн миний санааг байнга зовоож байдаг байсан.
Миний бие 10 гаруй жилийн дараа төрийн эрх барих дээд байгууллагад зорилготойгоор нэрээ дэвшүүлж, улмаар сонгогдон эдгээр хуримтлагдсан асуудлуудыг зайлшгүй шийдвэрлэх зорилгоор миний бие, “МОНГОЛ МАЛ” үндэсний хөтөлбөрийг санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулж, түүнчлэн “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “ХАА-н биржийн тухай” хууль малан ноос ноолуур, арьс шир бэлтгэхэд урамшил олгох тухай УИХ-ын тогтоол зэрэг хууль болон бодлогын баримт бичгийг боловсруулан батлуулах ажилд идэвх санаачлагатай ажилласан билээ.
Дээрх эрх зүйн актууд, үндэсний хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулснаар монгол төрийн бодлогын хойморт “Малчин”, “Мал” хоёроо тавьж чадсан гэж би бодож явдаг. Эдгээр бодлогын баримт бичгийг УИХ-аа хэлэлцүүлжбатлуулах нь амаргүй үе байсан шүү. Дарга болгоны аманд “Оюутолгой”, “уул уурхай” гэдэг үг маанийн үг шиг хоногшсочихсон, харин намайг чинь “Мал-Очир”, “Ухна-Очир” гэж нэр нэр хоч өгч цоллодог байлаа.
Миний бие 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр "Монгол мал" хөтөлбөрийг санаачлан боловсруулж, УИХ-аар батлуулах талаараа Завханы Тэс сумын сонгогчидтой уулзалт хийж байх үеэр аймгийн арслан Элбэг гэдэг настай ах босож ирэн "Балдан-Очир миний хүү, чи Монгол түмний чухал асуудлыг олж харжээ. Чиний энэ ашиг шимтэй малыг Завханы мал сүрэгт нийлүүлж байгаа хэрэг чинь цацсан арвай шиг үрждэг буянтай ажил шүү" гэж толгойн орой руу ортол магтсан нь надад их урам зориг өгч билээ.
Энэ мал, малчин хоёр чинь мянга мянган жил монгол үндэстнээ, газар нутгаа, нүүдлийн агуу соёлоо хир буртаггүй тээж яваа хүмүүн төрөлхтний хөгжлийн хамгийн эцэст буудаллах хөгжлийн ногоон загварыг хадгалж байдаг гэж одоо ч би бодсоор л явна даа.
“Монгол мал” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол Улсын 330 суманд мал эмнэлэг үржлийн албад, мал зүйч, малын эмч, хөдөө аж ахуйн мэргэжилтэн нийтдээ 1000 гаруй мэргэжилтнээс бүрдсэн төрийн захиргааны анхан шатны бүтэц бүхий иж бүрэн тогтолцоо шинээр үүсч бэхэжсэн нь монгол малчин, монгол мал хоёрыг харж ханддаг эзэнтэй болж, өнөөдөр төрөөс явуулж буй зөвхөн хөдөөгийн хөгжлийн асуудлаар хязгаарлагдаад зогсохгүй хэрэвзээ олж харваас төрөөс явуулж буй бүхий л бодлогыг орон нутагт нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гардан зохион байгуулах хүчирхэг систем болж тогтсон юм.
Миний бие 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа өөрийгөө их л шахаж ажилласан даа. Ийм бага ч болов амжилт, үр дүнтэй ажиллахад минь манай Улсын Бага Хурлынхан маань хамтдаа байж бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллаж байгааг мэдэрч байлаа.
УИХ-ын дарга нь Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд МАН-ын дарга нь С.Баяр, Намын бүлгийн дарга нь Н.Лүндээжанцан, Ерөнхийлөгч нь Ц.Элбэгдорж, гишүүд сайдуудаас Н.Ганбямба, С.Баярцогт, Л.Болд, Үндсэн Хуулийн Цэцийн дарга Н.Жанцан, Бямбадорж гээд л та бүгдийн минь дэм юм даа.
Заримдаа би, “хэрвээ би аж үйлдвэрийн нормчин байсан бол энэ хугацаанд 2-3 таван жилийн ажил хийсэн юм биш байгаа даа” гэж өөрөөсөө асуудаг юм. Хамгийн сүүлд 2012 оны хаврын чуулганаар УИХ-ын дарга Дэмбэрэлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд нэгэн чухал ач холбогдолтой боловч олон жил УИХ-аар хэлэлцэгдэхээс тодорхой учир шалтгаан, нөлөөллөөс болж байнга хойшлогддог байгаль орчны багц 15 хуулийн төсөл хэлэлцүүлэхэд гишүүдийн ирц хүрэхгүй хүндрэлтэй, ихэнх гишүүд ирэх сонгуулийн ажлаар хөдөө тойрогтоо ажилласан нэг тиймэрхүү нөхцөлд Дэмбэрэл даргын дэмжлэгтэйгээр байгаль орчны багц хуулийг батлуулсан нь өнөөгийн ногоон хөгжлийн эрх зүйн суурийг тавьсан юм.
Иймийн учир НҮБ болон олон улсын банк санхүүгийн байгууллагууд ч хөгжиж буй орнуудаас монгол оронтой ногоон хөгжлийн асуудлаар хамтран ажиллах, тусламж дэмжлэг үзүүлэх сонирхолтой байдаг бололтой. Өчүүхэн миний бие гэхэд л маш их сайн сайхан үйл хэрэг бүтээлцэхэд оролцсон гэж энэхүү дурсамжаа бичиж цаг нар, цаас нь хүртэлцэхгүй суух .....
Одоогоос 35 жилийн өмнө Монголчууд бид ардчилсан шинэ төрт улсаа эмхлэн байгуулж, 33 жилийн өмнө Ардчилсан шинэ Үндсэн Хуулиа батлан одоо л нэг цэнгэлийн манлайд мөдхөн хүрч, амар сайхан амьдарцгаах болно доо гэсэн сайхан зөн билэг эрмэлзэлтэйгээр зах зээлийн замаар урагшилж л явна даа. Алдаа оноотой 35 жилийн хугацаа нь хүний амьдралын дийлэнх хугацаа мөн ч нийгмийн амьдралд өчүүхэн хормын төдий л хугацаа юм.
Өнөөдөр Монголын нийгэмд шударга ёс ус агаар мэт үгүйлэгдэж, ажилгүйдэл ядуурал хавтгайрч, нийгмийн амьдралыг авилга хээл хахууль хар тамхи мэт эзэрхийлж хууль ёс тэр доор, шалан дээр унасан тухай нийгмээрээ дээр дооргүй зовинон ярилцах болжээ.
Нийгмийн баялаг цөөн гэр бүлийн гарт орж, баян хоосны ялгарал туйлдаа хүрч, улс төрийн хүчнүүд хамтарсан компани болж том гүрнүүдийн нөлөөлөл улсын дотоод хэрэгт гүн орсон тухай ч шүүмжлэх нь энүүхэнд болжээ. Энэ бүхэнд шийдэл гарц бий гэж би хэлэх байна.
Тэр бүхэн АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын эрхэм гишүүдийн маань зүрхэнд нь толгойд нь байгаа. Нэг амин чухал санаагаа цухуйлгаад энэхүү таталбараа төгсгөе. Монголчууд бид чинь алдагдсан тусгаар тогтнолоо эргүүлж олж авахын төлөө гурван их хувьсгалт хөдөлгөөнийг өрнүүлж, өөрөөр тоьёолбол, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны Ардын хувьсгал, 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд л сая Монголын ард түмэн бусдаас хараат бус, Бүрэн эрхэт тусгаар төр улсаа сэргээн эмхлэн байгуулж 35-хан жил болж байна шүү дээ.
ТӨР ТҮВШИН, ТҮМЭН ОЛОН МИНЬ ЭНХ АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ.
БНМАУ-ын АИХ-ын депутат, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан,
Эдийн засгийн ухааны доктор, профессор Д.БАЛДАН-ОЧИР
2025 оны 8 сарын 20-ны өдөр
Сэтгэгдэл
Алтантуяа [202.9.47.59] 2025-09-11 09:29:21
Ерөал бат оршиг!