Трамп, Ким нарын уулзалтанд манай хоёр хөрш найдлага тавьж буйгаа мэдэгдлээ

Д.Тулга / Улстөр

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов болон БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Сюанью нар даваа гаригт хийсэн уулзалтынхаа үеэр удахгүй болох Дональд Трамп, Ким Жон Ун нарын уулзалтын талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Энэхүү мэдэгдэлд БНАСАУ ба АНУ-ын төрийн тэргүүнүүдийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт амжилттай болно гэдэгт найдаж байгаагийн дээр Солонгосын хойгийн улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд хамтын хүчин зүтгэл гаргахад бэлэн байгаад итгэлтэй байгааг цохон тэмдэглэсэн байна.

“Солонгосын хойг дахь өнөөгийн нөхцөл байдал хэлэлцээ, энхийн замаар зохицуулах чиглэлд өрнөж байгаа гэдгийг хоёр тал хүлээн зөвшөөрч байна. Манай хоёр улс хэлэлцээрийн замаар асуудлыг шийдэх БНАСАУ болон АНУ-ын чармайлтыг эергээр үнэлж байгаагийн дээр Пхеньян, Вашингтон талуудын санаа зовниж буй асуудлуудыг харгалзан, харилцан ойлголцож, хоёр орны төрийн тэргүүнүүдийн хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг амжилттай явуулж, эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байна” хэмээн БНХАУ-ын ГХЯ мэдэгджээ.

Түүнчлэн Сөүл болон Пхеньяны харилцаа сайжирч, талууд энх тайвныг бэхжүүлэхэд ахицтай ажиллаж байгааг Орос, Хятад дэмжиж байгаагаа тэмдэглэсэн байна.

Дашрамд дуулгахад, АНУ болон БНСУ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын тулд хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаа. Өмнөд Солонгосын Үндэсний хурлын спикер Мүн Хи Сан энэ өдрүүдэд АНУ-д айлчилж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр дээрх сэдвээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Жон Салливантай уулзан ярилцсан талаар мягмар гаригт Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн юм. Уулзалтын үеэр Солонгосын хойгийг бүрэн цөмийн зэвсэггүй болгох зорилгоор талууд нягт хамтран ажиллахаар тохиролцосны дээр гурван талт хэлэлцээр хийх үүднээс Японтой хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Эргэн сануулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалт энэ сарын 27-28-ны өдрүүдэд Вьетнамын Ханой хотод болохоор товлогдсон. Энэ удаагийн уулзалт нь өнгөрсөн жилийнхтэй адил амжилттай болно гэдэгт найдаж байгаагаа Дональд Трамп Эль-Пасо хотод даваа гаригт болсон цуглааны үеэр илэрхийлсэн юм. “Хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд би Вьетнамын Ханой хотод дахин дээд хэмжээний уулзалт хийнэ. Энэ уулзалт эхнийхтэй адил үр дүнтэй болно гэж найдаж байна” хэмээн Трамп мэдэгджээ.

Энэ уулзалтыг АНУ-ын БНАСАУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стивен Бигэн, АНУ-тай холбоотой бодлого хариуцсан, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн тусгай төлөөлөгч Ким Хёк Чоль нар Пхеньянд уулзан тохиролцсоны дүнд товлосон юм. Хоёр дахь уулзалтын талаарх чимээ сонсогдож эхлэх үеэс л Трамп, Ким нарын дараагийн уулзалт хаана болох талаар таамаглал хөвөрч эхэлсэн. Аль аль талын аюулгүй байдлыг бүрэн хангасан, мөн аль ч талын ашиг сонирхлыг үл хөндөх, хөндлөнгийн байр суурьтай улс оронд уулзана гэсэн таамаглал газар авч, тиймдээ ч “Улаанбаатар хотыг сонгож мэднэ” гэх яриа гарч байлаа.

Манай улсын хувьд Солонгосын хойгт энхийг тохинуулах үйл явцыг идэвхийлэн дэмждэгийн дээр хоёр орны төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах боломжтой гэж эрх баригчид нэг бус удаа мэдэгдэж байсан. Гэхдээ энэ таамаглал хоосон таамаглал болж үлдэн, энэ удаад ч талууд өөр газрыг сонголоо.

Уулзалтыг зохион байгуулах газрыг сонгох нь дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад жинхэнэ “шүдний өвчин” болж байв. Учир нь 70 гаруй жил хоорондоо дайсагнасан хоёр орны тэргүүн аль аль нь аюулгүй байдалдаа нэн өндөр шаардлага тавьж байсан юм. Харин Вьетнамын тухайд энэхүү коммунист орон нь Хүйтэн дайны үед Хойд Солонгосын холбоотон байсан бол сүүлийн жилүүдэд батлан хамгаалахын салбарт АНУ-тай ихээхэн түншлээд байгаа. Мөн Ким Жон Ун найрсаг харилцаатай байдаг Хятадаар дамжин Вьетнам руу хүрч очих бололцоотой гэдгээр уулзалтын газрыг сонгосон байх магадлалтай.

Ямартай ч, өнгөрсөн жилийн уулзалттай харьцуулахад хавьгүй богино хугацаанд товоо товлож, уулзалт болох эсэхэд эргэлзээ төрүүлсэнгүй. Учир нь анхны уулзалт болохын өмнө уулзалтыг цуцлана, цуцаллаа гэсэн мэдэгдэл нэг бус удаа гарч байв. Трамп, Ким нарын анхны уулзалтын үеэр Ким олон амлалт өгч, уулзалтын дараагаас томоохон өөрчлөлт гарах шинж тэмдгүүд илрэн, Хойд Солонгос Пунгери дэх цөмийн туршилтын гол полигоноо буулгаж, БНАСАУ урьсан 20 сэтгүүлчийн нүдэн дээр полигоны гурван хонгилыг дэлбэлж байв. Гэхдээ энэ хэсэгт олон улсын цөмийн зэвсгийн шинжээчдийг нэвтрүүлээгүй нь Хойд Солонгос үнэхээр цөмийн зэвсэггүй болох эрмэлзэлтэй байгаа гэдэгт эргэлзээ төрсөн хэвээр байгаа юм. Харин хоёр дахь уулзалтын дараа Ким ямар амлалт өгч, Трамп хариуд нь юу амлахыг тун удахгүй харах нь.

Б.АНАНД


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:00

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:00


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.