БОИНГИЙН СҮЙРЭЛ: Дахин таван улс Boeing 737 MAX онгоцноос татгалзлаа

Д.Тулга / Гадаад мэдээ

Этиопд болсон онгоцны сүйрлийн улмаас дэлхийн улс орнууд Boeing 737 MAX онгоцны нислэгийг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасаар байна. Энэ удаад дахин таван орон ийм шийдвэр гаргажээ.

Тухайлбал, Мексик улс Боингийн дээрх загварын онгоцны нислэгийг зогсоохоор болсон тухай тус улсын Иргэний агаарын тээврийн Ерөнхий газар мэдэгдлээ. Үүнд “Шинээр мэдэгдэл гарах хүртэл Boeing 737 MAX 8 болон MAX 9 загварын онгоцыг хот хооронд болон улс хоорондын нислэгт ашиглахгүй байх шийдвэр гаргалаа” гэж мэдэгдэлд онцолжээ.

Мөн Панамын Copa Airlines агаарын тээврийн компани Boeing 737 MAX 9 онгоцыг ашиглахаа түр хугацаанд зогсоохоор болсон байна. “Copa Airlines компани Этиопын агаарын тээврийн Boeing 737 MAX 8 онгоцны сүйрлийн мөрдөн шалгалтын ажиллагааг анхааралтай ажиглаж байна. Панамын Агаарын тээврийн удирдах газрын зөвлөмжөөр манай компани ослын шалтгаан тодорхой болох хүртэл МАХ 9 загварын зургаан онгоцны ашиглалтыг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргалаа” хэмээн компанийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурджээ.

Түүнчлэн Коста-Рикагийн Иргэний агаарын тээврийн газар энэ загварын онгоцноос түр хугацаанд татгалзах нь зүйтэй гэж үзсэн байна.

“Эмгэнэлт хэргээс үүдэлтэйгээр бид ийм шийдвэр гаргалаа. Зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангах нь бидний хувьд эрхэм зорилго” хэмээн Коста-Рикагийн Иргэний агаарын тээврийн газрын дарга мэдэгджээ.

Бразилийн Агаарын тээврийн Үндэсний агентлаг ч мөн нутаг дэвсгэр дээрээ болон улсынхаа агаарын орон зайд Boeing 737 MAX 8 онгоц ашиглахыг хориглолоо. Түүнчлэн Америкийн Боинг корпорацийн мэргэжилтэн болон төлөөлөгчид түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгчидтэй зөвлөлдсөн байна.

Колумбийн эрх баригчид мөн нутаг дэвсгэр дээгүүр нь энэ төрлийн онгоц ашиглахыг хориглолоо.

“Өнөөдрөөс эхлэх \лхагва гариг\ Boeing 737 MAX онгоцуудыг манай улсын нутаг дэвсгэр дээр ашиглахыг хориглож байна. Түүнчлэн энэ онгоцоор Колумбийн агаарын орон зайгаар дамжин өнгөрөхийг хориглоно ” хэмээн Колумбийн Иргэний агаарын тээврийн албаны мэдэгдэлд онцолжээ.

Эргэн сануулахад, гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопийн агаарын тээврийн компанийн Boeing 737 MAX 8 онгоц Этиопд сүйрч, 157 хүн амиа алдсан юм. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд ч мөн энэ загварын онгоц Индонезд осолдон 189 хүн амиа алдаж байв.

Этиопд болсон эмгэнэлт хэргийн дараагаас дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд аюулгүй байдлын үүднээс Boeing 737 MAX онгоцны ашиглалтыг зогсоосон бол олон орон энэ төрлийн онгоцыг агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн юм. Мөн лхагва гаригт АНУ-ын Холбооны нисэхийн удирдах газар тус улсын агаарын тээврийн Boeing 737 MAX онгоцнуудын нислэгийг зогсоож, гадаад улс орнуудын энэ загварын онгоцоор гүйцэтгэсэн нислэгийг АНУ-ын нутаг дэвсгэррүү оруулахгүй гэж мэдэгдсэн байна.

Б.АНАНД


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.