Г.Ариунбаяр: Зуны улиралд хүүхдийг айргаар угаах, элсэн дээр тоглуулах зэргээр дархлааг нь сайжруулаарай

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн Дархлаажуулалт хариуцсан халдвар судлаач Г.Ариунбаяртай ярилцлаа.

-Дархлаажуулалт гэж ер нь юу вэ. Түүний ач холбогдолын талаар мэдээлэл өгөөч?

-Дархлаажуулалт гэдэг нь халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлал бий болгох зорилгоор хэрэглэж байгаа вакцин, хоргүйсүүр болон сэргийлэх бусад эмийн зүйлийг хэлнэ. Дархлаажуулалт хийлгэснээр өөрийгөө болон хайртай гэр бүл, хамаатан садан, ойр тойрны хүмүүсээ маш олон төрлийн халдварт өвчнөөс хамгаалах чухал ач холбогдолтой байдаг.

-Дархлаажуулалтын товлол гэж байдаг. Манай улс хичнээн төрлийн вакциныг хэдэн нас хүртэл хийдэг вэ?

-Дархлаажуулалтын үндэсний товлол гэдэг нь заавал хийх дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн нас, цаг хугацааны товыг хэлдэг. Дархлаажуулалтын үндэсний товлолыг Засгийн газрын 2009 оны 185-р тогтоолоор баталсан. Заавал хийх дархлаажуулалтад 0-15 насны хүүхдийг хамруулна. Нийт найман төрлийн 10 гаруй халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг одоогоор хийж байна.

-Товлосон хугацаандаа, ялангуяа бага насны хүүхэд дархлаажуулалтандаа хамрагдахгүй хоцрох тохиолдол гардаг?

-Эрүүл мэндийн сайдын 261 тоот тушаалын дагуу дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг товлолын дагуу нөхөн дархлаажуулалтад хамруулах бүрэн боломжтой. Дархлаажуулалтаас хоцрох маш олон төрлийн шалтгаан байдаг. Ихэвчлэн өвчний улмаас хоцрох, мөн шилжилт хөдөлгөөн ихтэй байх нь нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд очсон газраа бүртгүүлээгүйгээс болж дархлаажуулалтандаа хамрагдахгүй хоцрох тохиолдол цөөнгүй байдаг. Гэхдээ хоцорсон гээд дархлаажуулалтад хамрагдахгүй байж болохгүй. Тиймээс заавал хийх дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй хаана ч нөхөн хийлгэх бүрэн боломжтой гэдгийг тодотгож хэлмээр байна.

-Ер нь хүний дархлаа яагаад мууддаг вэ. Дархлаа муудсан эсэхийг хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Дархлаа бол гадаад биетүүдээс бие махбодийг хамгаалах үйл ажиллагаа юм. Энэ нь хүн бүрт байдаг. Хэрвээ бид дархлааны системийн хэвийн ажиллах горимыг алдагдуулах, ямар нэгэн байдлаар нөхөн сэлбэх арга хэмжээ авахгүй бол бидний бие өвчилж, энэ нь даамжирсаар хавдрын эсийг төлжүүлэх сөрөг үр дагавартай байдаг. Бидний өдөр тутмын амьдралын хэвшил, идэж, хэрэглэж байгаа эд зүйл дархлааны системийг өвчлүүлэх гол хүчин зүйл болсоор байна. Яг юунаас болж дархлаа мууддаг вэ гэхээр нойр дутуу байх, сахарын хэт их хэрэглээ, шингэн дутагдах, эмийн зохисгүй хэрэглээ голлон нөлөөлж байна. Үүнээс гадна Д амин дэмийн дутагдалд орох, стрессдэх, архи тамхи хэрэглэх, өөх тосны дутагдалд орох, шим тэжээлгүй хоол хүнс ихээр хэрэглэснээр хүний дархлаа муудаж байна.

-Дархлаагаа хэрхэн сайжруулах вэ. Хүүхдийн дархлааг хэрхэн яаж, дэмжих нь илүү үр дүнтэй байдаг вэ?

-Дархлаагаа сайжруулахын тулд бид өдөр тутамдаа хэрэглэдэг зарим зүйлсдээ бага зэргийн өөрчлөлт оруулахад л хангалттай. Тиймээс маргааш гэж хойш суулгүй яг одооноос өөрийнхөө эрүүл мэндийн төлөө анхаарах хэрэгтэй. Дархлаагаа сайжруулахын тулд биеийн тамир, спортоор хичээллэх, өөрийгөө тайван байлгаж, стрессээс ангижрах хэрэгтэй. Нөгөө талаар байгалийн гаралтай эм бэлдмэл, витамин C, D, E, B-ийн төрлийн амин дэмээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөж байна. Мөн архи тамхины хэрэглээг хязгаарлаж, сайн чанарын өөх тос хэрэглэснээр хүний дархлаа тодорхой хэмжээнд сайжирч болно. Харин бага насны хүүхдийн хувьд өглөө 10:00-11:00 цагийн хооронд агаар салхинд гаргаж, зуны улиралд хүүхдийг айргаар угаах, шөлөнд оруулах, элсэн дээр тоглуулах зэргээр дархлаагийн сайжруулах хэрэгтэй.

-Дархлаа хүүхдийн өсөлт хөгжилтөнд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Бие организмын дархлаа сул байх нь хүүхдийн өсөлт хөгжилтөд шууд сөргөөр нөлөөлдөг. Өвчлөмтгий, дархлаа султай хүүхдийн өсөлт бойжилт бусад хүүхдийг бодвол бие жижигтэй, хөдөлгөөн багатай байх зэргээр хоцрогдмол тал ажиглагддаг. Мөн хүүхдийн дархлаанд хооллолт маш чухал. Бага насны хүүхдийг зургаан сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллох, зургаан сараас дээш болоод ирэнгүүт нь нэмэгдэл хоолонд оруулах хэрэгтэй.

-Сүүлийн үед манай улсад шинээр нэвтэрч байгаа вакцин байгаа юу?

-2016 оноос эхлэн Монгол улсад Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин буюу уушгины хатгалгааны эсрэг вакциныг нэвтрүүлсэн. 2016 онд СХД, СБД-үүдэд, 2017 онд БЗД-т, 2018 оны 3-р сараас эхлэн нийслэлийн бусад дүүрэгт нэвтрүүлж, 2019 оны 4-р сараас эхлэн 21 аймагт нэвтрүүлсэн байгаа. Одоо улсын хэмжээнд Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцин хийгдэж байна. Мөн 2019 оны 04 сараас эхлэн Халдварт саагийн эсрэг вакциныг 2, 3, 4 сартай хүүхдүүдэд уулгаж хэрэглэдэг байсан бол таван сартай хүүхдүүдэд тарьж хэрэглэхээр нэмэгдсэн байгаа.

-Дархлаажуулалтын 10 хоногийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Дархлаажуулалтын 10 хоногийг жилд хоёр удаа тав болон 10 дугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Дархлаажуулалтын 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавья” уриатайгаар 10-18 насны ЕБС, их дээд сургууль, коллеж, МСҮТ, асрамж халамжийн хүүхдүүдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулахаас гадна сургуулиас завсардсан, хичээлд явдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дархлаажуулахаар ажиллаж байна.

-Улаанбурхан өвчний үед ямаршинж тэмдэг илэрдэг вэ. Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Улаанбурхан өвчний халдвар агаар дуслын замаар дамждаг болохоор халдварын эх уурхай нь өвчтэй хүн байдаг. Улаанбурхан өвчний вирус нь хамар залгиурын салст бүрхэвчинд байрладаг. Вирусын халдвар авсан хүн бүр улаанбурханаар өвчлөх магадлалтай. Халдварын нууц үе нь дунджаар 9-11 хоног байдаг. Илрэх шинж тэмдгийн тухайд цочмог байдлаар өндөр халуурах, бие сулрах, цочромтгой, ууртай болж, ерөнхий хордлогын шинж тэмдэг илэрч, толгой өвдөх, хоолны дуршил буурч, нойр хямардаг. Хамар залгиурын үрэвсэлд найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, цаашдаа ногоон өнгөтэй нус гарна. Төвөнхийн үрэвслийн үед хуурай шаналгаатай, олон удаа хуцуулж ханиана, хоолой сөөнө. Нүдний үрэвсэлд нүдний салст хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах, өвчтөний нүүр хөөнгөдүү, хамар, уруулын салст, зовхи, хавагнасан байна. Өвчний эхэн үед шар будааны хэмжээтэй цайвар шаргал өнгөтэй, толбот тууралт гардаг. Энэ нь бага арааны харалдаа завьжны салст бүрхэвч, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст бүрхэвч зэрэгт гардаг. Энэ толбо нь 2-3 хоног ажиглагдаад арьсаар тууралт гарч эхэлмэгц арилна. Тууралтын хэлбэр нь том, толбо гүвдрүүтэй, улаан өнгөтэй, хоорондоо нийлж, барсгар хэлбэртэй болдог. Харагдах байдал нь өвчтөний арьс улаан цоохор байна. Улаанбурханы тууралтын гол онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доошоо чиглэсэн байдаг. Тууралт нь чихний араас эхлэн эхний өдөр нүүр хүзүү, цээжний дээд хэсгээр, хоёрдох өдөр их биеэр, гуравдахь өдөр мөчдөөр гарснаа дээрээсээ бүдгэрч эхэлдэг. Энэ үед бага зэрэг загатнах шинж тэмдэг илэрнэ. Тууралт арилахдаа гарсан дарааллаар ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үлдээдэг. Энэ нөсөө нь 1-3 долоо хоног хадгалагдана. Хэл чийглэг, цайвар өнгөтэй болж, шүлс их хэмжээгээр ялгарна. Ходоод гэдэс хямарч, нүүр нь хөөнгө болох, зовхи хавагнах, гэрлээс зугтамхай болох, байнга хуурай ханиах, хоолой сөөнгөтөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

-Улаанбурхан өвчний хүндрэл ямар байдлаар илэрдэг вэ?

-Улаанбурхан өвчин нь ларингит, бронхит, энцефалит, менингит болохоос гадна хоолой бачуурах, даралт буурах, амьсгал давхцах зэргээр хүндэрдэг. Энэ үед нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө яаралтай авч, даруй эмнэлэгт хэвтүүлж эмчлэх хэрэгтэй. Ингэхдээ нянгийн халдвар давхар авсан тохиолдолд антибиотик, хордлого тайлах, шинж тэмдэгийн эсрэг эмчилгээнүүд хийдэг. Харин өвчин хүндрээгүй үед гэрээр эмчилж, хэвтрийн дэглэм сахих, чанартай хөнгөн хоолоор сувилж, шингэн ихээр уулгаж, витамин эмчилгээ хийнэ. Нүдийг хурц гэрлээс хамгаалж, нүдний дусаалга хэрэглэх хэрэгтэй. Мөн өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сэлгэлтийг тогтмол хийнэ. Харин улаанбурхан өвчнөөс сэргийлэх ганц найдвартай арга нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдах явдал байдаг.

-Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтад хэдэн хүүхэд хамруулах вэ?

-Энэ жилийн хувьд 10-18 насны 39800 гаруй хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.

-10-18 насны хүүхдүүд дархлаажуулалтад хэрхэн хамрагдах вэ. Дүүргийн хэмжээнд зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ?

-ЕБС, их дээд сургууль, коллеж, МСҮТ, асрамж халамжийн төвийн 10-18 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар нэгдсэн журмаар түр цэг байгуулан ажиллаж байгаа. Хэрвээ эдгээр хүүхдүүд улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаас хоцорсон тохиолдолд ӨЭМТ, ДЭМТ-үүдэд хамрагдах боломжтой.

-Вакцин хийлгэсний дараа анхаарах зүйл байгаа юу. Анхаараагүйгээс үүдэн ямар сөрөг нөлөө гарах вэ?

-Дархлаажуулалт хийлгэсний дараа 72 цагийн дотор бага зэрэг халуурах, тарьсан хэсэгт хөндүүрлэх шинж тэмдэг илэрч болно. Хэрвээ 72 цагаас дээш хугацаанд эдгээр шинж тэмдэг арилахгүй бол ӨЭМТ болон өөрт ойр байгаа эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Мөн вакцины дараа тарилга хийлгэсэн газарт гурав хоног ус хүргэхгүй, даарахгүй, цохиж хөндөхгүй байх, бохирдуулахгүй байх, янз бүрийн эмийг бодис түрхэхгүй байх зэрэгт анхаараарай.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:14

ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:17:14

Эмч [43.242.243.39] 2019-05-26 10:36:40

Өмнөөс нь иччихлээ

Дооктор [194.228.76.84] 2019-05-26 12:46:55

Харин тиймээ. Монгол хэлээ алдчихсан эмч, сэтгүүлч нэртэй юмнууд монголоор дүүрэн боллоо. Улаан бурхан, улаанууд гэж яагаад хоёр нэрээр бичив? Чааваас. Корь гээчдээ яршиг зүгээр.

Зочин [103.57.92.192] 2019-05-25 18:09:01

Айраг уу гэх гэсэн байлгүй дээ айргаар угаах ч дээ юу л бол уусан нь дээр байлгүй

21 зуунд амьдрагч [59.153.114.104] 2019-05-25 07:07:40

Шөлөнд оруул, айргаар угаа... арай л халуун цус уулга гэсэнгүй. Эмч ч болдоо зайлуул...

зочин [66.181.180.125] 2019-05-25 02:09:42

Хавар намар ни зунаа хавчаад,зуны сар гэж байхгүй дээ адил болжээ,өвс ногоо ургахаа байлаа,юун айраг,цагаан идээ мантай,ингэж л цаг цөвүүн болж бгаан мэдрэгдээд байнаа хөө


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.