Б.Жавхлан: Үндсэн хуульд төв банкны хараат бус байдлыг тунхаглаж өгвөл бүр л сайн үр дүн гарна
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийн хүрээнд Төв банкны хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулж, тунхаглах тухай санал яригдаж буй. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн байр суурийг сонирхлоо.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Төв банкны хараат бус байдлыг тусгаж өгөх нь таны бодлоор хэр оновчтой вэ. Ач холбогдол, шаардлагыг та хэрхэн харж байна вэ?
-Өнгөрсөн 29 жилийн хугацаанд төв банк маань өөрийгөө их сайн боловсруулж, бие даасан хараат бус байдлаа чанаржуулж ирсэн. Төв банкны тухай хууль болон Банкны тухай хуулиудад олон удаа өөрчлөлт орсон. Гэсэн хэдий ч энэ удаад Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтүүд дунд төв банкны хараат бус бие даасан байдлыг тунхаглаж өгвөл улам л сайн үр дүн авчирна. Гэхдээ Үндсэн хуульд төв банкны хараат бус байдлын талаар заалт оруулснаар бие даасан байдал бүрэн хангагдана гэвэл бас өрөөсгөл. Үүнийг хангаж өгөхийн тулд Үндсэн хуулиас гадна органик хуулиудад энэ шаардлагыг сайн хангаж өгөх ёстой. Ялангуяа төв банкны тухай хууль, банкны тухай хууль, валютын зохицуулалтын тухай хууль, монополын эсрэг хууль. Эдгээр хуулиудад төв банк өөрийнхөө үүргийг биелүүлэхдээ Засгийн газраас хараат бус, улс төрөөс хараат бус, бие даасан шийдвэрийг гаргаж чаддаг байх, түүнийхээ дагуу бие даасан хариуцлагаа хүлээж чаддаг байх зохицуулалтуудыг маш сайн хийж өгөх хэрэгтэй.
Хамгийн зөрчилтэй байдаг асуудал нь төв банк үнийн тогтвортой байдлыг хянах юм уу, ханшийн тогтвортой байдлыг хянах юм уу гэдэг асуудал. Манай улсын банк тойрсон эрх зүйн тогтолцооны хамгийн том гажуудал үүнд л бий. Хэрэв төв банк гадаад худалдааны асуудлыг эрхэлдэг, төлбөрийн балансыг хариуцаж, хянадаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрүүл мэндийн бүхий л салбарыг хариуцаж, хянадаг байсан бол төв банк дангаараа ханшийн асуудлыг хариуцаж болно. Гэтэл энэ чинь өөрөө Засгийн газрын л асуудал. Төв банк бол зөвхөн нөөцийн удирдлагыг хийнэ. Гэтэл Төв банкны тухай хуулиндаа үнэ болон ханшийг хамтад нь оруулаад өгчихсөн. Валютын зохицуулалтын тухай хуулийг хариуцахаар 50, 50 хувьтай, бүрэн зааглаж өгч чадаагүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, төв банк зарим тохиолдолд Засгийн газрын өмнөөс улс төрийн хариуцлага хүлээдэг. Засгийн газар асуудлаа төв банк руу явуулчихдаг. Үүнээс нь болоод төв банк бодлогын эрсдэлд орж эхэлдэг. Зарим тохиолдолд ханшийн хэлбэлзэл бус бүр улс төрийн хэлбэлзлийг намжаах зорилгоор валютын зах руу ордог тохиолдол олон гарч байсан. Энэ нь төв банк хараат бус байж чадахгүй байгаагийн хамгийн том илрэл.
Тэгэхээр Үндсэн хуулиас гадна органик хуулиудад төв банкны бие даасан, хараат бус байдлыг хангаж өгөх өөрчлөлтүүдийг маш сайн хийж өгөх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл энэ бүрэн хийгдэж чадаагүй байна. Хамгийн сүүлд 2018 онд Төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр Үндсэн зорилтыг Үнийн тогтвортой байдал гэж тодорхойлсон боловч харамсалтай нь Их хурлын босгыг давж чадаагүй.
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:46
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:37:46
Бухимдаа [66.181.186.168] 2019-08-29 12:03:55
Тэгэхээр хуучин Үндсэн хуульд "хараат байна" гэж заасан юм байна л даа
Зочин [202.126.88.65] 2019-08-29 09:42:43
Банк биш мөнгө хүүлэгч ломбард
зочин [202.179.31.46] 2019-08-29 04:31:45
Их л зөв санаа гэж эдийн засагчийн байр сууринаас хэлэх байна.Монгол банкны тухай хууль болон бусад асуудалд яг дээрхярвсан шиг зарим бүрхэг,бүдэг эрх мэдлийн гм асуудлууд байгаа нь харагддаг.
Монгол [202.126.88.237] 2019-08-29 04:06:05
Хараатай хамаатай байхдаа банк компаний зээл гаргаж байгаа улс хамааралгуй бол арилжааны банк болчих байхаа