Г.Цогбадрах: Гавьяат болно чинээ зүүдэлж ч явсангүй

Aдмин / Нүүр

Оны босгон дээр Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртсэн, НОБГ-ын аврах 105 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрахтай ярилцлаа.

-Онцгой байдлын албанаас, тэр дундаа аврагчдаас төрсөн гуравхан гавьяатын нэг нь та боллоо. Шинэхэн гавьяат маань хүний амь насыг аварсан энэ ажил, мэргэжилтэй хэрхэн холбогдож байв?
-Би Онцгой байдлын албанд 2004 оноос хойш одоог хүртэл 16 жил ажиллаж байна. Цэргийн алба хааж ирчихээд, нутагтаа хоёр жил гаруй амьдарсан. Тэгээд Улаанбаатар хот руу ажил хийхээр ирэх үед хамаатны маань эгч “Онцгой байдлын албанд хүн шалгаруулж, авч байна. Шалгалт өгөөд үз” гээд, би энэ албанд шалгуулж, тэнцэж байлаа. Тухайн үед биеийн тамир, хүчний шалгалт, бас эссэ бичүүлж байсан санагдаж байна. Гэхдээ нэг жилийн хугацаанд энгийнээр буюу цолгүй дагалдан ажилласан. Дадлагын оюутан гэсэн үг. Тэр үед албаныхаа ажлын зах зухаас нь мэдэж, суралцсан. Тэгээд жилийн дараа аврагч, усчин албан тушаалтай, шинэхэн дэд ахлагч цол авч байв. Тэр үед өөрийгөө аврагч болчихлоо гэж хөөрч, нисэж байлаа (инээв).

-Таны алба хэр баргийн аавын хүү ажиллахааргүй алба шүү дээ. Аврагчаар ажилласан энэ 16 жилийн хугацаанд хэр шантарч байв. Мэргэжлийн тань хамгийн сайхан, бас хэцүү нь юу вэ?
-Сайн ах нар, хамтрагч нарын зааж сургасан зүйл олон бий. Аврах ажиллагаанд оролцоход хүний сэтгэл зүй, чадвар гээд бүх зүйл өндөр түвшинд бэлтгэгдсэн байх ёстой. Үүний нэгэн адил би ч бас жилийн хугацаанд чамгүй бэлтгэгдсэн байсан учраас миний хувьд шантраад байх зүйл бараг байгаагүй ээ. Гэхдээ хүн л юм болохоор “Яасан хэцүү юм бэ, яаж хийнэ ээ” гэж бодож байсан удаа бий. Ер нь аврах ажиллагаа өөр, өөрийн онцлогтой, бас аюул дагуулдаг. Хамгийн хэцүү нь гал, ус, өндөрт ажиллах. Ямар ч барьцгүй, аюултай зүйлүүд гэж хэлж болно. Жишээлбэл, голын ус замаг, зэгэс ихтэй, гүнзгий, ширүүн урсгалтай зэрэг олон бэрхшээлтэй нүүр тулдаг. Гэхдээ аврах ажиллагаа амжилттай болж, сэтгэл тэнэгэр гэртээ харих шиг сайхан зүйл байхгүй. Хэрэв амжилтгүй болбол хэцүү шүү дээ. Нүдэнд харагдаад л, яавал аврах боломжтой байсан бол гэж янз бүрээр бодож, өөрийгөө хүртэл зэмлэх үе бишгүй.

-Та хэдэн удаа аврах ажиллагаанд оролцож, хэчнээн хүний амь аварсан бэ?
-2012 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1035 хүний амь аварч, 275 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байлаа. Мөн 119 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 60 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалах ажилд гар бие оролцсон. Энэ бүхнийг цээжээр мэдэхийн учир сая шагнал авахад ингэж тодорхойлж, нарийн тоо явуулсан юм билээ. “Ийм хэмжээний үүрэг гүйцэтгэсэн байна шүү” гэж дарга нар хэлсэн. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт нийт 86 хоног үүрэг гүйцэтгэж, 1800 орчим га талбайн гал түймрийг унтраалцсан юм. Мөн нийслэлийн хэмжээнд гарсан томоохон түймэр болох Хан-Уулын “Анун” төв, Баянзүрх дүүргийн “Нарантуул” худалдааны төв, “Говь” компанид гарсан түймрийн голомтод ажилласан. Түүнчлэн Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт болсон үерийн дуудлагад ажиллаж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйлсэд гар бие оролцож байв. Энэ бүх ажлыг минь үнэлж, намайг гавьяат болгосон болов уу. Би чинь онцгой байдлын албанаас төрсөн найм дахь, харин аврагчдаас төрсөн гурав дахь гавьяат. Намайг дэмжиж, миний хөдөлмөрийг үнэлсэн онцгой байдлын албаныхандаа маш их баярлалаа. 16 жил ажиллахдаа шантарч, ажлаасаа гарна гэж бодож яваагүй. Зүрх сэтгэл, байгаа бүхнээ дайчлаад албандаа нэр төртэй, үлгэр жишээ байх юмсан л гэж бодож явлаа. Энэ бүхний шагнал нэг л өдөр ирдэг юм байна.

-Үхэл амьдралын зааг дээр тулж очсон удаа олон байх. “Ингээд үхэх нь дээ” гэж бодож байсан аврах ажиллагаа хэзээ байв?
-Тулгамдаад сайн санахгүй байна. Түүнээс цөөнгүй удаа хэцүү, амь эрссэн аврах ажиллагаанд явж байлаа. Ялангуяа уснаас хүн аврах үеэр үхэлтэй нүүр тулна. Маш сайн бэлтгэж байж уснаас хүн аврахгүй бол аврах гэж байгаа хүнтэйгээ хамт эрсдэлд орох аюултай. Аврах ажиллагаа гэдэг чинь цаг ямагт багийн ажиллагаа шаарддаг. Дуудлага бүрээс туршлага сууна.

-Гавьяат болох гэж байгаагаа хэзээ мэдсэн бэ?
-Гавьяат болно чинээ зүүдэлж ч явсангүй. Шагнал авахыгаа огт мэдээгүй байсан юм. Арванхоёрдугаар сарын 27-нд манай байгууллагын шинэ жил болж байх үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж, “Та Монгол Улсын үйлчилгээний гавьяат боллоо. 29-нд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно” гэж хэлээд салгадаг юм байна. Чимээ багатай газар очиж ярьж, энэ тухай ганцаараа сонссон болохоор байрнаасаа ч хөдөлж чадахгүй болтлоо хөшсөн. Уг нь бол байгууллагыхандаа очоод хэлчихмээр байдаг. Гэтэл хоёр хөл байрнаасаа хөдөлж өгөхгүй байсан (инээв). Тэгээд л нэг юм хэвийн байдалдаа шилжиж, дарга нартаа, албаныхандаа хэлж, баяр дээрээ баяр нэмсэн. Хэсэг хугацааны дараа, оройхон ээж болон эхнэр рүүгээ утасдаж хэлсэн. Гэрийнхэн маань надаас илүү баярласан байх. Ээж минь Ховд аймагт амьдардаг ч намайг шагнал авахыг мэдээд энд ирсэн юм шиг санагдаж байлаа. “Хүүгээрээ бахархаж байна” гээд л байн байн, өдөржин шахуу утсаар ярьсан.

-Шагнал авах үед чухам юу гэж бодогдож байв?
-Өөртөө ч итгэхгүй байсан. Шагналаа аваад гэртээ хариад л нэг юм итгэсэн дээ. Хэрэв аав минь амьд сэрүүн байсан бол ээжээс, надаас илүү баярлаж, хүүгээрээ бахархах байсан даа гэж одоо бодож сууна. Онцгой байдлын алба маань баяр ёслол хамаарахгүйгээр ажилладаг. Баяр ёслолын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг алба. Шагнал гардаж аваад л маргааш нь шууд жижүүрт гарсан.

-Та аль нутгийн хүн бэ. Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ?
-Би Ховд аймгийн Зэрэг сумд төрж өссөн. 2003 онд нутгаасаа гарч Улаанбаатар хотод Баруун салаанд суурьшиж, амьдарч байна. Манайх биднийг бага байхад нэгдлийн мал маллаж, аж төрдөг байлаа. Эхээс бид есүүлээ, ам бүл олон. Аав минь болон нэг ах маань бурхны оронд заларсан. Бусад нь малаа маллах нь маллаад, зарим нь улсын албанд ажиллаад л амьдарч байна. Манай гэр бүлийн хүн хүү, охин хоёроо хараад гэртээ байдаг. Хүү минь одоо арван настай, том эр бий. “Аавынхаа мэргэжлийг өвлөж, онцгойгийн хүн болно” гэж ярьдаг. Би чинь мэргэжлээ өвлүүлэх хүүтэй хүн шүү дээ.

-Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаа бага байдаг байх даа?
-Тийм ээ. Хүүхдүүдээ унтаж байхад нь гараад, унтсан хойно нь гэртээ харьдаг. Зарим үед хэд ч хамаагүй хоногоор гэртээ харихгүй, эрэл, хайгуул хийгээд явчихдаг. Эхнэр маань л хүүхдүүддээ ойлгуулж, аав нь ажилттай яваа гэж хэлдэг байх. Арын албыг баараггүй авч явдаг ганц хүн бол миний эхнэр.

-Хамгийн удаандаа хэд хоног гэртээ харихгүй үүрэг гүйцэтгэж байв. Аль улиралд илүү завгүй, ачаалалтай болдог вэ?
-Нэг сар гаруйн хугацаанд буюу 40, 41 хоног болж байсан байх аа. Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймэрт нийт 86 хоног үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ дундуур нь ганц, хоёр хоног гэртээ ирж байсан болохоор тэр хамгийн удаан гэж хэлж болохгүй байх. Бас уснаас хүн аврах, хайх эрэлд удаан хугацаар явдаг. Хэзээ эрлээ олно, тэр цагт л гэртээ ирнэ шүү дээ. Усанд хүн эндээд,эрэл хийх үеэр өглөө нар гарж байхад ус руу ороод, нар жаргаж байхад л уснаас гарна. Хаврын улиралд буюу гурав, дөрөвдүгээр сард илүү завгүй болдог. Учир нь ой, хээрийн түймэр эхэлдэг болохоор гэртээ ч орох зав олддоггүй. Тэгээд л зургаа, долдугаар сард аялал зугаалга эхэлж, эрэл, хайгуулын оргил үе залгадаг. Энэ үед бас Туул голоор завьтай эргүүл хийнэ. Ер нь урин дулааны үед гэртээ харих завгүй байдаг. Албанаас дуудахад хэзээд бэлэн, утас асаалттай байх ёстой.

-Утсаа унтрааж үзээгүй юу?
-16 жил ажиллахдаа нэг ч удаа утсаа унтрааж, биенээсээ холдуулж үзээгүй. Тэгэх эрх ч надад байхгүй. Гэртээ ороод хувцсаа тайллаа, гарт утас хэзээний л байж байдаг. Унтсан ч чихнийхээ хажуунаас гар утсаа холдуулдаггүй. Эхнэр миний утсаар яриад нэг минут болоход л би тэнд сандардаг. Түгшүүр зарлаж, дуудлага ирсэн байх вий гэхээс хар хөлс цутгаад л ирнэ шүү дээ. Ажилдаа хариуцлагатай байх зарчмын эхний алхам нь энэ болов уу гэж би боддог. Тийм ч учраас манай гэрийнхэн миний утсанд барагтай л гар хүрдэггүй.

-Таны энгэрт эр зоригийн бэлгэдэл болох “Шударга журам” медаль гялалзаж байна. Энэ шагналыг хэзээ хүртэж байсан бэ?
-Энэ албанд ажилд ороод таван жилийн дараа манай бүлгийн ахлагч надад “Ажлаа сайн хийсэн” гээд хувиасаа усны хувцас бэлэглэж байв. “Сайн аврагч, усчин болоорой” гэж ерөөсөн. Үүний дараа 2008 онд “Шударга журам” медаль хүртсэн. 72 цагийн турш амсхийх завгүй аврах ажиллагаанд оролцож, олон хүний амь нас аварсан болохоор энэ медалийг өгсөн байх.

-Тэр хүний амийг аврах боломжтой байж дээ гэж бодож харамсаж явдаг аврах ажиллагаа байгаа л байх даа?
-2007 оны зун бороо, үер ихтэй байсан. Хар усан тохойд хүн эндчихээд, хайж байв. Тэгээд Сонгинын амралтын тэнд явж байхад хүчтэй аадар орж, эрэл хийх боломжгүй болсон тул түр нэг газар оръё гээд эрлийн ажиллагааг зогсоосон. Биокомбинатын төвд цайны газар ороод сууж байгаад, цонхоор хойшоо харсан чинь Сонгинын амралтын хойд талын далан сэтрээд, уулнаас юу юугүй ус орж ирж байлаа. Тэгээд сандраад далангийн замаар шороо ачаад явж байсан жолооч нараас далангийн сэтэрхий дээр шороо асгаад өгөөч гэж гуйсан. Гэтэл нэг ч жолооч тэнд шороо асгах нь битгий хэл, тусладаггүй. Түүнд одоо болтол харамсаж явдаг. Хэрэв нэг л жолооч далангийн сэтэрхий дээр шороо асгаад өгчихсөн бол тэр олон айл үерт автаж, эд хөрөнгөө сүйтгүүлэхгүй байсан байх даа гэж боддог юм. Аврах ажиллагаа хийж явсан машинаа өндөрлөг цэгт дөнгөж гаргаад л машины цонхоор ус хальж байсан аюултай үзэгдэл. Хөндий тэр чигтээ усанд автсан. Тэндээс л аврах ажиллагааг эхлүүлж, хүмүүсийг нь өндөрлөг цэгт гаргасан. Шөнөдөө Шувуун фабрикт, өглөө нь хотод үерийн голомтон дээр тасралтгүй 72 цаг ажилласан юм. Үерийн ус тогтоод, эрлийн ажиллагааг эхлүүлсэн. Айлуудын эд хогшил, бичиг баримт энэ тэндгүй усан дотор хөвөөд л хэцүү цаг үе. Ер нь аврагч нар хохирч байгаа иргэний ар гэрийнхэн л гэсэн үг. Үлдэж байгаа хүмүүстэй л адилхан бодолтой, харуусалтай байдаг. Хүний амь насыг аварчих юм бол бөөн баяр хөөр болоод аварч чадаагүй бол харуусал, гунигт автдаг. Тэр хүн хэрэв нүдэн дээр өнгөрчих юм бол ар гэрийнхэнд нь хэлэх үг олддоггүй хэцүү. Дараа нь “Тэгсэн бол, ийм аргаар аврах гэж оролдсон бол боломжтой байсан болов уу” гээд л хэсэг боддог. Олон удаа уснаас аварсан хүнээ амьдруулж байлаа. Гэхдээ мянга авраад амьтай, голтой уснаас аварсан хүний уушгинд хэрэв ус орчихсон бол ямар ч нэмэргүй байдаг нь харамсалтай.

-Өөрийгөө сайн аврагч, усчин болсон гэж бодож байв уу?
-Хүн насан эцэс болтлоо суралцдаг. Тэгж бодож байгаагүй ээ. Төгс аврагч болно гэж байхгүй. Гэхдээ ямар ч аврах ажиллагаанд оролцох боломжтой болсон л гэж бодож байна.

-Гал түймрийн аюулаас гэр бүл, эд хөрөнгийг нь аварчихаад байхад “Ажлаа хийж чаддаггүй. Төрийн хувцас өмссөн төмөр сэтгэлтэн” гэх мэт хатуу үг олон удаа сонсож байсан уу?
-Өргөсөн тангарагтаа үнэнч зогсож, аюул бүхнийг сөрж, хүний амь нас, эд хөрөнгө бүхнийг авран хамгаалах нь миний үүрэг. Хатуу үгийг олон удаа сонсож байлаа. Гэхдээ гомдож үзээгүй ээ. Учир нь тухайн хүний оронд би байсан бол нүднийхээ өмнө хамаг эд хөрөнгөө шатаалгачихаад, хэн л баярлалаа гэж хэлээд зогсож байх билээ дээ гэж боддог. Бид дуудлага хүлээн авахад үргэлж бэлэн байдаг. Харин хүмүүсийн “Удаж, оройтож ирлээ” гэж бухимддаг шалтгаан нь замын түгжрэл, хотын буруу төлөвлөлт буюу гэр хороолол руу орох, гарах зам байдаг. Тэрнээс биш аврах ажиллагааны техник, хэрэгсэл байнга бэлэн байдаг шүү. Дуудлагын хонх дуугарлаа, гараад л машинд суудаг. Мөн ямарваа нэгэн аврах ажиллагаа, аюулт үзэгдлийн үед хүмүүсийг аврах хамгийн чухал. Гэвч хүмүүс өөрсдөө аюултай байдалд орчихсон хэрнээ ядаж бичиг баримт, хүүхдийнхээ хувцас гэх мэт зүйлийг авмаар байна гээд гуйдаг. Бас нэг бодлын зөв, хүний амьдрал л юм хойно. Мэдээж нэг айлын бичиг баримтыг ч болов аваад өгчихье гэж бодож, гэр рүү нь орохоор байсан байрандаа байхгүй, урсчихсан байх үе бий.

-Ийм нэг яриа байдаг юм билээ. Онцгой байдлын аврагч нарыг гутлаа тослоход заавал дуудлага ирж, түймэр гардаг гэдэг. Энэ үнэн үү?
-Олон түмэн эрүүл энх, амар тайван байгаасай л гэж бид залбирдаг. Яах вэ, тийм яриа байдгийн хувьд байдаг. Бидний хоорондын тоглоом, наргиан л даа (инээв).

Эх сурвалж: Үндэсний шуудан


Сэтгэгдэл

зочин [103.229.121.6] 2020-01-10 11:03:45

сайхан ярилцлага байна аа, сайн ч залуу байна. урт насалж удаан жаргаарай, олон хүний амийг авраарай. Буян нь хүүхдүүдэд чинь заавал ирнэ ээ. Сайхан хүний тухай унших сайхан байна аа

Зочин [202.179.27.172] 2020-01-10 05:38:30

миний өмнөх хүн буюу 122,201,19,99 ээс бичсэн хүн мэдрэл муутай хүнүү ядахдаа зөвч бичиж чадахгүй арчаагүй тэнэг байж юу юу гэнүү наад хүн чинь чамайг бодвол гавьяа байгуулж олон хүний амь аварсан баатар хүн б шүүдээ тэнэгээ

зочин [122.201.19.99] 2020-01-10 00:36:02

Тэнэг ерөнхийлөгчтэй мпоп ерөнхий сайдтай галүуу УИХ даргатай монгол нэг иймэрхүүл шангал өгнө дөө Анагаах болон техник шинжлэх ухаанаа уландаа гишгисэн дарганцаруудаа гэж

Зочин [103.10.23.125] 2020-01-09 11:59:33

ЖИНХЭНЭ БААТАР БНА. БАЯР ХҮРГЬЕ.

Зочин [202.179.27.136] 2020-01-09 11:32:38

жинхэнэ баатар байна даа

Зараа [182.160.32.181] 2020-01-09 10:35:04

Мундаг. Гэхдээ тэр бүх ажиллагаандаа ганцаараа үсэрч ороод байсан мэт ярилцлага өгчээ. Мөр зэрэгцээд зүтгэж байгаа олон сайхан залуусаа дурссан бол...

Зочин [66.181.176.88] 2020-01-09 15:52:08

Buten unsh bichsen bn

bayar hygrye! [148.60.92.227] 2020-01-09 10:14:35

sain zaluu yum aa!!yamar olon hyniig abraa be?ajild amjilt hysye!chi hynii telee irgediinhee telee syy!ene hamgiin chyhal saihan setgel yugaan ch byy hairla?gehdee anhaaral bolomjoo byy ald!!!!

Zochin [213.127.117.74] 2020-01-09 10:09:13

Estoi mundag zaluu bn Amjilt husiy

Ж.Д [122.201.28.10] 2020-01-09 10:02:01

Ажлын их амжилт хүсье.

Зочин [139.5.216.119] 2020-01-09 09:55:23

Nudee olson shagnal baina daa.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.