ТОЙМ: Монгол Улсад дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй
Мэдээ.мн өнгөрсөн долоо хоногт (2020.03.13-20) улс, эх оронд болсон улс төрийн онцлох үйл явдал болон Засгийн газраас гаргасан шийдвэрийг тоймлон хүргэж байна.
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл цахимаар хуралдав
Хуралдаанаар УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан, ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах техникийн боломж, шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцав.
Ажлын хэсгийн хурал болон хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах бүрэн боломжтой. Харин Чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдааныг цахимаар явуулах үед УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал яригдаж байгаа. Учир нь гишүүд саналаа өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ санал өгнө гэж уг хуульд заасан байдаг талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулаад, гишүүдийг санал бодлоо хэлэхийг хүсэв.
Байнгын хороодын дарга С.Бямбацогт, М.Оюунчимэг нар УИХ үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх ёстой. Тиймээс санал бодлоо солилцох, зарим зайлшгүй чухал шийдвэр гаргах үйл явцыг цахимаар тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар хэдийгээр хязгаарлалтын дэглэм үйлчилж байгаа ч шийдвэл зохих асуудал цөөнгүй байна. Тиймээс УИХ ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
(2020.03.16)
Халдвар авсан иргэдэд шаардлагатай бүх эмчилгээг хийж байна
Улсын онцгой комисс хуралдан Шинэ коронавируст халдвартай холбоотой нөхцөл байдал, хийж байгаа ажил зэргийн талаар хэлэлцлээ. БНСУ-аас ирсэн хоёр эмэгтэйн биеийн байдал тогтвортой, Москва хотоос ирсэн эмэгтэйн бие хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ мэдээлсэн байна. Дээрх гурван хүнтэй нэгдүгээр зэргийн хавьталтай 111 иргэнээс шинжилгээ авсан бөгөөд 61-ийнх нь хариу сөрөг гарчээ. ХӨСҮТ-д ажиллах эмч, сувилагч, асрагч нарын тоог нэмэх, халдвар авсан иргэдийн эмчилгээнд онцгой анхаарах зэргийг Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин үүрэг болголоо. Дипломат төлөөлөгчийн болон Консулын газруудын ажилтан, албан хаагчдыг шинжилгээнд хамруулах, гадаадад байгаа иргэдээ халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэхийг Улсын онцгой комисс чиглэл болгожээ.
(2020.03.17)
Ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгаа эрсдэлээс хамгаалах асуудлаар уулзалт хийлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалт, цаашид анхаарах асуудал, эдийн засагт үүсэж буй хүндрэлийг даван туулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эдгээр салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон уулзалт зохион байгууллаа.
Энэ жилийн хувьд 10 орчим мянган тонн ноолуур бэлтгэгдэх бөгөөд Хөгжлийн банкнаас бага хүүтэй зээл гаргаж, худалдан авагчдыг дэмжихээр төлөвлөж байгаа юм байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг холбогдох судалгаа дүгнэлтийг хийсний үндсэн дээр Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг дэмжих арга хэмжээг батлан хэрэгжүүлэх гэж байгаа аж. Хөгжлийн банкны санхүүжүүлэх зээлийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөг, хүү нь 12 хувь бөгөөд 3.0 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, хүүгийн зөрүү 9.0 хувийг татаас хэлбэрээр шийдвэрлэхээр яригдаж буй юм. Энэхүү зээлийг зөвхөн ноолуур худалдан авахад зориулах, ноолуурын үнийг унагахгүй, өнгөрсөн жилийн түвшинд хадгалах, ийм замаар малчдаа дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, энэ үйл ажиллагаанд хатуу хяналт тавих нь чухал гэдгийг сануулжээ.
(2020.03.18)
Элчин сайд Чай Вэньрүй: Дорвитой арга хэмжээ авсны ачаар Монгол Улсад дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс Монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулжээ.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй: “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ. Монгол Улсын Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр, арга хэмжээг хэрэгжүүлсний ачаар Монгол Улсад дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол илрээгүй. Үүнд бид баяртай байна" гэжээ.
(2020.03.19)
Бүх шатны боловсролын байгууллагуудын хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгалаа
Шадар сайд Ө.Энхтүвшин: “Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг сунгах тухай, бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг сунгах тухай, олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг сунгах тухай болон хилийн боомтууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай гэсэн асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрээ Засгийн газарт оруулна. Байдал амаргүй болж байна. Хугацааг сунгах тухай хэлэлцээд,
- Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал,
- Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал
- Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг дуустал сунгах шийдвэрийг УОК-оос гаргалаа" гэв.
(2020.03.20)
Профессор Н.Икеда: Жийрэг улсын байр суурийг өөрт ашигтайгаар эргүүлэх нь: Япон, Монголыг харьцуулан эргэцүүлбэл…
“Халзан бүрэгтэй төслийг эсэргүүцсэн нь Монголд ихээхэн хохирол учруулах зорилго бүхий үймээн”
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Гамгүй үрэлгэн улс юм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй
УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ
“Жангар тууль, Жангар судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
АН-ЫН БҮЛЭГ: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хариуцлага хүлээлгэх асуудлыг бүлгийн гишүүд дэмжсэн
С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй ажлын хэсэг Эрдэнэтэд ажиллаж эхэллээ
Л.Энхнасан: Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн өөрчлөлт болон СЭМҮТ-ийн дэд бүтцийг сайжруулахад анхаарч ажиллана