М.Батбаатар: Орон сууцны үнэ тогтмол буурч байгаа

Aдмин / Эдийн засаг

Хорио цээрийн дэглэмээс шалтгаалан Монгол Улс төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Ард иргэдийн худалдан авах чадвар суларч, амьжиргааны эх үүсвэр нь хумигдсаар байна. Энэ цаг үед Орон сууцны борлуулалт ч буурч байгаа гэнэ. Тиймээс Барилгын компаниуд орон сууцнынхаа үнийг буулгах зайлшгүй шаардлагатай нүүр тулжээ. Энэ талаар Монголын Барилгачдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч М.Батбаатартай ярилцлаа.


-Орон сууцны үнийн бууралт өсөлт дээр төр засгийн зүгээс өнөөдрийг хүртэл ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байв?

-2019 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар 150 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийн гол санаа нь гэр хорооллыг дахин төлөвлөх буюу бага дунд орлоготой иргэдийн худалдан авах чадвар, орлогод нь нийцсэн орон сууцны хөтөлбөр төслийг хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Тэгэхээр энд орон сууцны өнөөгийн өртгийг бууруулах хямдруулах боломжийг бүрэн ашиглах зорилт дэвшигдсэн гэсэн үг. Үүнтэй холбогдуулан Барилга, Хот байгуулалтын яамны сайд, Улаанбаатар хотын захирагчийн удаа дараа хэлсэн үгэнд бага дунд орлоготой иргэдэд зориулагдсан орон сууцны нэг метр квадратын баригдах үнэ нэг сая 200 мянган төгрөг харин иргэдэд хүрэх үнэ нь ойролцоогоор нэг сая 400 мянган төгрөг байна гэсэн асуудал тавигдсан. Үүнийгээ түрээсийн хэлбэрээр зорилтот бүлэгт нь өгнө гэсэн тодорхой чиг шугам гарч ирсэн. Түрээсийн санд өгөх анхны алхамыг хийсэн. Буянт-Ухаа III хорооллын нэг метр квадратыг нь нэг сая 400 мянган төгрөгөөр бодож түрээсийн хэлбэрээр иргэдэд өгөх алхмыг хийсэн. Цаашдаа “150 мянган айл- Орон сууц” үндэсний хөтөлбөрт энэ түрээсийн хэлбэр зонхилно гэсэн жиг орчихсон байгаа.

-Иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ үед орон сууцны үнэ буурч байна уу?

-Өнөөдрийг хүртэл орон сууцны үнэ тогтмол буурч байгаа. Коронавирусийн халдварын энэ үед эхний ээлжинд барилгын салбарынхан аль болох хямрал бага амсах төлөвлөгөөг БХБЯ дээр яригдаж байна. Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо санаачлан Барилга, Хот байгуулалтын яаманд санал тавьж байгаа. Энэ саналд барилгын салбарынхныг хямралд оруулахгүй байх гол арга зам бол энэ жилийн улсын төсөвт өртөгт суусан бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх гэдгийг бичсэн. Нэг үгээр барилгын ажлыг зогсоохгүй байх. Барилга угсралтын үйл ажиллагааг зогоох биш үргэлжлүүлэх хэрэгтэй. Гэхдээ Улсын онцгой байдлын ерөнхий газраас гаргасан дүрэм зааврыг баримталж аль болох халдварт вирусийг тараахгүй хэлбэрээр барилга угсралтын ажлаа эхлүүлэх гэсэн хүсэлт тавьж байна. Хоёрдугаарт, 150 мянган айлын орон сууц үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд гадаадаадаас маш бага буюу хөнгөлттэй зээлээр хөрөнгө оруулалт босгох асуудлыг Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо энэ төслийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд үүрэг авчихсан байгаа. 150 мянган айл үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх шинэ бүтээн байгуулалт “Эко орон сууц” гэдэг төслийг боловсруулаад гадаадын түнштэйгээ энэ төслийг хэрэгжүүлэх анхны хэлэлцээрээ хийгээд одоо хөрөнгө оруулалтынхаа эхний үе шат болох 500 орчим сая ам.долларын асуудлыг ямар нөхцлөөр Монголд оруулж ирж барилгын байгууллагуудад өгөх вэ гэдэг асуудал дээр нарийвчилсан хэлэлцээр явагдаж байна. Нэг ёсондоо хөрөнгө оруулах санхүүгийн модулийг нь тохиролцох. Хөрөнгө оруулалтын оруулах асуудлаа шийдвэрлэчихсэн. Хөрөнгө оруулалтын талд тавьсан шаардлага нь юу вэ гэхээр бид та нарын өгсөн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын иргэдэд буюу бага дунд орлоготой ард иргэддээ өртөг зардал багатай, олон улсын стандартад нийцсэн нэгээс хоёр өрөө орон сууцийг барьж өгөх шаардлагатай байна гээд хүүг багасгах чиглэлийн бүх тохиролцоог хийсэн. Засгийн газар болоод, сонгуульд оролцож байгаа намуудын мөрийн хөтөлбөрийг судлаад үзэхэд бүгдээрээ л бага дунд орлоготой иргэдэд нийцсэн орон сууцыг зарим нь үнэтэй, үнэгүй, урьдчилгаагүй өгөхөөр тогтсон байна. Энэ бүхнийг харахад улс төр, эдийн засаг, нам, бүлэглэлүүдийн хэмжээнд ер нь хямд өртөгтэй орон сууцны асуудал бол ингээд шийдвэрлэх асуудлын нэг гол үндэс болчихлоо.

-Орон сууцны үнийг бууруулах ямар гарц байна?

-Ер нь орон сууцны чиглэлийн барилга байгууламж өртөг шингэж ирдэг нэг бүтээгдэхүүн бол төмөр арматур. Арматурын нийлүүлэлтийг хил гаалийн татвараас чөлөөлж өгөөч ээ гэсэн асуудлыг барилга хот байгуулалтын яам Сангийн яаманд тавих гэж байна. Арматурийг хил гаалийн татвараас чөлөөлчихвөл ОХУ, БНХАУ-аас нийлүүлэх гэж байгаа арматурын үнэ буурна. Бензин тосны үнэ ч буурлаа. Дээрээс нь дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдээ гайгүй өртөг зардлаар нийлүүлнэ. Тэгэхээр энэ бүгд нийлээд барилгыг нэг сая 200 мянгад барих үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ үндсэн нөхцөл болох арматурийн хэрэгцээг гаргаад үүнийг ченжүүдийг гарт оруулчихгүйгээр, хил гаалийн татварыг нь хөнгөлөөд квот тогтоох энэ асуудал яригдаж эхэлж байна.

Би дэмжих болов уу гэж бодож байна. Энэ асуудал бүтчихвэл энэ жилийн бүтээн байгуулалтын хүрээнд баригдах барилга байгууламж дээрээс нь орон сууцны үнэ өртөг буурна. Түрүүний хэлдгээр нэг сая 200 мянгад өртгөөрөө баригдаад нэг сая 400 мянган төгрөгөөр иргэдийн гар дээр очих болно. Тэрийг нь түрээсийн хэлбэрээр эсвэл урьдчилгаагүй ипотекийн хэлбэрээр өгөх нь төр засгийн шийдвэрлэх асуудал. Гэхдээ тийм нөхцөл бүрдчихлээ. Худалдан авах чадварт нь нийцсэн бага дунд орлоготой зорилтот бүлэгт орон сууц баръя гэсэн асуудлаар нэгэнтээ ойлголцолд хүрчихсэн гэж бодож байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс дөрөв таван сарын өмнө Сингапур яваад ирсэн. Тэнд төрийн оролцоотой бага дунд орлоготой иргэдэд зориулсан орон сууцны механизм ямар байх уу гэдэг дээр маш дэлгэрэнгүй судалгаа хийж ирсэн. Энэ судалгаан дээр үндэслээд дээр ярьсан зүйлүүдийг нэгтгээд бүтээн байгуулалттаа өрнүүлж л бид энэ коронавирусийн хямралаас гарна. Барилгын салбарынхан нэгдэж чадвал орон сууцны ч үнэ буурна.

-Орон сууцны үнэд ямар хүчин зүйл нөлөөлдөг юм бэ?

-Орон сууцны үнэд нөлөөлөөд байгаа зүйлийн 60-70 хувь нь барилгын материалын үнэ өртөг байдаг л даа. Дээрээс нь нэмээд бензин шатахуун байна. Одоо бол жаахан буурч байна. Энэ бууралтыг нь төрийн зохицуулалтаар зохицуулаад өгчих юм бол нэг их дэвэргээд байх шалтгаан байхгүй. Урд нь бол хотын төвд байршил сайтай газар барилга бариулчихаад гурав нуглаад зарчихдаг тийм байсан. Одоо бол гэр хороололд, агаарын бохирдлыг багасгах алслагдсан бүсүүдэд барилга барих гэж байна. Тэгэхээр тэнд өндөр үнээр зарах өрсөлдөөн явагдахгүй гэж үзэж байна. Ард түмнээ хямд үнэтэй тохилог орон сууцыг барих энэ том хөдөлгөөн эхэлчихсэн байгаа шүү дээ. Орон сууцны үнэ өсгөж зардаг тэр нөхцөл байдал 150 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөрт өрнөхгүй. Хамгийн гол нь барилгын салбар зогсонги байдалд л орж болохгүй. Ер нь олон улсын хямралаас гарсан туршлага бол бүтээн байгуулалтаа өрнүүлж байж л үүнээс гарсан байдаг.

-Зөвхөн коронавирусийн энэ үед бус цаашлаад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн төлөв байдал ямар байна гэж үзэж байна вэ?

-Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгө нэлээн баригдсан. Одоо оффисын түрээсүүд нэлээн буурч байна. Энэ тэндхийн зочид буудлууд хоосорч байна. Нэг харахад энэ хямралын үед ингэж харагдаж байгаа ч гэсэн хотын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн наймаа өндөрсөж хөгжих боломж муутай гэж харагдаж байна. Одоо бол энд тэндгүй зарна гэсэн зар л их байна. Гэтэл авч байгаа зүйл нэг ч байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханалт явагдаж байгаа юм болов уу гэсэн бодол байна. Харин орон сууцны ханалт бол арай болоогүй. Улаанбаатар хотод 240 мянган айлын орон сууцны зах зээлийн бүх гэр хорооллын хамарсан чиглэлд бол элбэг байна. Одоо бол орон сууцны бүтээн байгуулалт гэр хороололд л өрнөнө. Богд уулын ам болон яармагт өрнөхгүй. Тэгэхээр гэр хорооллын чиглэлээр баригдаж байгаа орон сууцанд үнийн өсөлт гарахгүй гэдгийг баталгаатай хэлж чадна.

Эх сурвалж: С.Лхамсүрэн, ӨДРИЙН СОНИН