Ж.Гантулга: Теле хичээлийн үр дүн 80-с дээш хувьтай байна

Aдмин / Боловсрол

2019-2020 оны хичээлийн жил удахгүй дуусна. Улирлын томуугаас шалтгаалсан өвчлөлөөс сэргийлэх үүднээс нийслэлийн ерөнхий боловсролын сурагчид хоёр долоо хоног сунган амарч байх хугацаанд коронавируст халдвар дэгдэж сурагчид хөл хорионд өдийг хүртэл ороод буй. БСШУСЯ цаг үеийн нөхцөлтэй уялдуулан сурагчдын хичээлийг цахим орчинд заах, онлайн орчинд хичээллэж сургууль төгсөгчдийг хэрхэн шалгалтанд бэлтгэх гээд олон шинэ асуудлуудтай тулгарсан. Эдгээр ажлыг нийслэлд зохион байгуулах үүргийг Нийслэлийн боловсролын газар хүлээдэг. Тиймээс Улаанбаатар хот ерөнхий боловсролын сурагчдынхаа цаг үеийн асуудлыг хэрхэн зохион байгуулж буй талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгатай ярилцлаа.

ТЕЛЕ ХИЧЭЭЛД ОРОЛЦОХ СУРАГЧДЫН ОРОЛЦОО ДӨРӨВДҮГЭЭР САРД БУУРСАН

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид теле хичээл үзэж байгаа. Теле хичээлийн үр дүн нийслэлд ямар байна вэ?

-Теле хичээлийн үр дүнг хүүхдүүдийн оролцоо хамрагдалтыг үндэслэн ярих ёстой. Оролцооны хувьд хүүхдүүд ямар түвшинд байна вэ гэдгийг бид нэгж байгууллагуудаасаа хоёр долоо хоног тутам тайлан аваад танилцаад явж байгаа. Тайлангаас үзэхэд хоёрдугаар сард сурагчдын хичээлийн оролцоо нийслэлийн хэмжээнд 82 хувь гуравдугаар сард 89 хувьтай гарсан. Харин дөрөвдүгээр сарын эхний 15 хоногт энэ үзүүлэлт нэлээн сулрах шинж ажиглагдсан. Учир нь хоёрдугаар улирлын дүнгээр жилийн эцсийн дүнг гаргаад есдүгээр сар хүртэл танхимын сургалтыг зогсоох шийдвэр яригдаж эхэлснээр хүүхдүүдийн теле хичээлийн оролцоо суларч эхэлсэн. Ингээд бид боловсролын нэгж байгууллагууд руугаа үүрэг чиглэл өгсний дагуу манай сургуулиуд бүгд эцэг эхийн хурлаа зохион байгуулсан. Үүний өмнө нийслэлийн ерөнхий боловсролын сургууль бүгд сургууль, эцэг эх, анги даасан багш гурвалсан гэрээг хийсэн байсан юм. Энэ хурлаараа үүнийгээ дүгнэх цаашдаа зургадугаар сарын нэгэн хүртэл теле хичээл үргэлжлэх хугацаанд сурагчдын оролцоог идэвхжүүлэх, хүүхдийнхээ хичээлээ хийж байгаа эсэхэд тавих эцэг эхчүүдийн хяналтыг нэмэгдүүлэх зорилготой байсан. Хурлын үр дүнд тавдугаар сард хүүхдүүд теле хичээлд оролцох байдал дундаж үзүүлэлтээрээ 84 хувьд хүрч сэргэсэн гэсэн тооцоо гарсан.

Теле хичээлийн чанарыг хэрхэн дүгнэж байна вэ. Хүүхэд хичээлээ ойлгохгүй байна гэсэн шүүмж яригдаж байсан?

-БСШУСЯ сайдын тушаалаар хичээлийн агуулга батлагдсан. Ерөнхий агуулгыг нь боловсролын хүрээлэн гаргаж өгсөн. Сайдаас гаргасан тушаалын хүрээнд ажлын хэсэг байгуулагдаад судлагдахуун болгон дээр баг гаргаад тухайн судлагдахуунаараа нэртэй, хүлээн зөвшөөрөгдсөн багш нар хичээл зааж оролцож байна. Боловсролын хүрээлэнгээс баталж өгсөн агуулгын хүрээнд мэргэжлийн багш нар энэ хичээлийг ийм хэлбэрээр хүргэвэл хүүхдэд илүү хүрнэ гэдэг талаас нь судалсны үндсэн дээр теле хичээл бэлтгэгдэж байгаа. Маш олон хүний хөдөлмөрөөр дээрх ажил явж байна шүү дээ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДӨД ДАВТЛАГА ӨГЧ ЭХЭЛСЭН

Нийслэлд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд давтлага өгөх ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Халдварт өвчин дэгдсэнтэй холбоотойгоор нэгдүгээр сарын 27-ноос эхлээд танхимын сургалтын үйл ажиллагааг зогсоосон. Хэдийгээр сургууль багш нар онлайн болон бусад хичээлүүдийг өгөөд явж байгаа ч танхимын хичээлээс хөндийрчихсөн төгсөх ангийн сурагчдад ойлгоогүй зүйлээ багшаас асуух, нөхөж ойлгох танхимын давтлага зайлшгүй хэрэгцээтэй байна гэж үзсэн. Ингээд БСШУЯ-наас УОК-т оруулсан санал дэмжигдэж танхимаар давтлага өгч болох шийдвэр гарсан. Энэ дагуу тавдугаар сарын 11-нээс зургадугаар сарын 15 хүртэл давтлага өгөх ажил эхлээд явж байна.

Сургуулиуд ямар зарчмаар сурагчдыг хүлээн авч байгаа вэ?

-Тушаал гарсантай холбогдуулаад нийслэл дүүргийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд бүх сургууулиудаар явж бэлтгэл ажилтай танилцлаа. Бэлтгэл боломжийн түвшинд хангагдсан байсан. Сайдын тушаал дээр ариутгал халдваргүйжүүлэлт хийх, хүүхэд хоорондын зай барих зэрэг аюулгүйн дүрмүүдийг заавар хэлбэрээр баталж өгсөн. Зааврын дагуу сургуулиуд бэлтгэл хангаад давтлагын хичээлүүд эхлээд явж байна. Зай барилтын тухайд хүүхдүүд сургуульдаа нэвтрэхдээ нэг метрийн зайтай дараалж орно. Ороход нь халууныг нь хэмжээд, гарыг нь ариутгаад оруулж байна. Мөн танхим дотор 10-аас илүүгүй хүүхэд хоорондоо 1,5 метр зайтай байрлуулсан ширээнд суух маягаар давтлага хичээл хийгдэж байна. Мөн сургуулийн ариун цэврийн өрөөг ашиглахад ч бөөгнөрөл үүсгэхгүй байх тал дээр сургуулийн багш нар хяналт тавьж ажиллана.

- Хичнээн хүүхэд хамрагдаж байна вэ?

-Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 12 мянга гаруй төгсөгч төгсөнө. Үүнээс тодорхой шалтгаанаар хөдөө гадаа явсан зарим тохиолдолд энэ жил элсэлтийн шалгалт өгөхгүй гэж төлөвлөж байгаа цөөн тооны хүүхдүүдээ хасаад тооцоход нэлээд өндөр ирцтэйгээр давтлагандаа хамрагдаж байна.

- Давтлага хичээлийн агуулга ямар байгаа вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг 10 судлагдахуун хичээл байдаг. Аль судлагдахуунаар хэдэн хичээлээр өгөх вэ гэдэг нь хүүхдийн өөрийн асуудал. Сургуулиуд судалгаагаа гаргаад хичээлийн хуваарийг гаргачихсан байгаа.

ХИЧЭЭЛЛЭЭГҮЙ ХУГАЦААНЫ ТӨЛБӨРИЙГ АВАХГҮЙ

-Хичээл танхимын бус сургалтанд шилжсэнээс шалтгаалан гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг төлөх, төлөхгүй талаар маргаан дэгдсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Сургуулиуд гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургалтын агуулгаас дээш түвшинд хүргэх тухай хөтөлбөр боловсруулаад орон нутгийхаа боловсролын газраараа батлуулдаг. Тэр хөтөлбөрөө батлуулсан сургуулиуд нь гүнзгийрүүлсэн сургалт явуулдаг. Гэтэл хөл хорио эхэлсэнтэй холбоотойгоор гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийг төлөх нь зөв үү үгүй гэдэг маргаан үүссэн.

-Тэгээд төлөхгүй байх нь зөв биз дээ?

-Байгууллагын үндсэн үйл ажиллагааны орлого гэж зүйл байдаг. Энэ маань байгууллагын орлогын тодорхой хэсгийг бүрдүүлдэг. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор нэг, хоёрдугаар улирлын төлбөрийг нэгэнт хичээлийг нь үзчихсэн болохоор төлөх нь зүйтэй. Харин гурав, дөрөвдүгээр улирлын төлбөрийг авахгүй байх нь зөв гэж үзсэн. Яагаад гэхээр боловсролын үйл ажиллагаа явагдаагүй учраас төлөхгүй байх нь зүйтэй юм аа гээд боловсролын сургалтын байгууллагууддаа үүрэг чиглэл өгчихсөн. Асуудал энэ дагуу шийдэгдээд явна гэж ойлгох хэрэгтэй.

Н.Баярмаа


Сэтгэгдэл

[103.80.210.183] 2020-05-13 02:45:50

худлаа л яриад байна даа гэр хороололд нийт сурагчдын хэдэн % байгаа билээ. тэд байнга ТВ хичээлээ үзээд байга а нь ховор шүү. 20? хшрвэл их юм даа. САйд өөрөө очоод хэдэн хорооны гүйж байгаа хүүхдүүдээс хичээл асаагаад үз.

bj.kVJSD [103.26.192.43] 2020-05-13 01:42:50

bitii tgj hudlaa yri yag yaaj shalgaj dugnej bgn

Зочин [192.82.69.123] 2020-05-13 01:25:43

Энэ 4 жилд НБГ-ын үүрэг оролцоо үнэхээр сул блаа.Мэргэжилтнүүд нь чадваргүй.

Зочин [202.131.244.210] 2020-05-13 01:07:39

Төлбөрийн талаарх хариулт ойлгомжгүй, бөөрөнхий байна. Сайд, дарга нарын ийм түүхий, хүнд таалагдах гэсэн мэдээллээс болоод иргэд, байгууллагууд хооронд үл ойлголцол үүсэх юм даа.

zochin [222.97.77.11] 2020-05-13 00:03:08

ta nariin ogson uureg daalgavar tushaaliig chin surguuluud dagakhgui, surgaltiin tolboroo butneer ni avna geed baikh jm. bolovsorlii gazar ashgiin toloo yavaad bna shdee??? orlog zogsongo bolson baikhad bid tolbor tolkhod khund bna shuu!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.