Ю.АДЬЯА: ХАРШЛЫН БОЛОН ВИТАМИНТАЙ ДУСААЛГЫГ БАЙНГА ХЭРЭГЛЭВЭЛ НҮДНИЙ СУДСЫГ НАРИЙСГАСААР ТАСРАХАД ХҮРГЭЖ БОЛЗОШГҮЙ
Нүд нь хүний хамгийн чухал эмзэг эрхтэн юм. Гэвч орчин цагт бий болсон технологийн үсрэнгүй дэвшлүүд нүдэнд муугаар нөлөөлөх болсон. Нүдний өвчлөлийн талаар их эмч Ю.Адьяагаас тодрууллаа.
-Монголчуудын дунд зонхилон тохиолдож байгаа нүдний өвчлөлийн талаар яриагаа эхлэе?
-Дэлхий нийтэд нүдний даралт ихсэх, болор цайх, торлогийн өвчин, харааны асуудал зонхилж байна. Харин манай улсын тухайд нүдний даралт ихсэх өвчин зонхилон тохиолдож хамгийн эрсдэлтэй, айдастай өвчний тоонд ордог. Уг өвчин удамшлын гаралтай, гэмтлийн гаралтай, олдмол гэсэн гурван үндсэн шалтгаантай. Нүдний даралт ихсэх өвчнийг эмнэлгийн нөхцөлд нүдний нарийн эмч оношлох боломжтой болохоос, зовиур илэрсэн л бол даралттай гэж ойлгож болохгүй. Цаг алдахгүй бол эмчилгээ хийж болно. Манай иргэд ихэвчлэн хожуу эмнэлгийн байгууллагад ханддаг. Гэтэл нүдний даралт ихэссэнээр харааны мэдрэлийг гэмтээдэг бөгөөд энэ өвчнөөр хараагүй болсон олон хүн бий. Ямар зовиур, шаналгаа байгаагаа эмнэлэгт үзүүлж, зөв эмчилгээ хийлгэх нь л чухал. Хүмүүс нүд улайчихсан гэхээрээ л нүдний даралттай болчихлоо гээд өөрсдийгөө оношлочихдог. Мэргэжлийн нүдний эмчид хандахад энгийн өвчлөл байдаг. Зарим өрхийн эмч нар нүдний ханиад гэж оношилоод дусаалга дусаагаад өгчихдөг. Гэтэл нүдний ханиад гэдэг онош хаана ч байхгүй, манайхан өөрсдөө нэр өгчихсөн. Нүдний даралт болон бусад эмгэгээ хэрхэн ялгахаа мэддэггүй, өөр өөрсдийнхөөрөө оношилоод байдаг.
-Нүдний даралт ихсэх өвчнийг хэрхэн таних боломжтой вэ?
-Хүмүүс өөрсдөө ялгаж чадахгүй шүү дээ. Эмнэлгийн байгууллагад хандаад, зовхины үрэвсэл, харшил гэх мэтчилэн хөнгөн өвчлөл байна гэхээр санаа нь амрах жишээтэй. Ер нь бол нүдний даралт гэдэг үгийг амнаасаа гаргахгүй байхыг хичээгээрэй. Хэлснээрээ нүдний даралттай болчихгүй, болчихсон тохиолдолд амархан хүндэрдэг, айдастай өвчин. Хурц үедээ нүд тэсэхийн аргагүй өвдөнө, толгой, тархи таллаж өвдөх, гэнэт огт юм харахаа болино, хараа үрэвсэж гүнзгий улайх зэргээр шинж тэмдэг илэрдэг. Нууц үе гэж бий. Урьдчилан сэргийлэх үзлэгээр харахад өөрчлөлт орсон байдаг. Өөрөөр хэлбэл, эмчийн үзлэгийн нүдний уг харалтаас мэдэгддэг. Зохих эмчилгээгээ хийлгэхэд л тогтчихдог. Хараа нь муудахгүй хэрнээ нүдний даралт ихэсчихсэн тохиолдол ч бий. Гэтэл хүмүүс түүнийг нь хараа зүгээр байгаа гээд тоохгүй яваад байдаг.
-Эдгээр өвчлөлөөс гадна дэлгэцийн хамааралд хэт их автах боллоо. Эцэг, эхчүүд нь хүүхдээ саатуулахын тулд хоёр, гурван настай хүүхэддээ утас өгч байна. Ер нь дэлгэц, гар утас удаан үзэхийн сөрөг тал нь юу вэ. Өдөрт хэчнээн цагаар гар утас үзэх ёстой юм бол?
-Дэлгэцийн хамаарал гэж хүн бүр ярих болсон. Компьютер дээр ажилладаг хүн ер нь 20 минут суугаад нүдээ амраах ёстой. Хүүхэд удаан гар утас, дэлгэц ширтэх нь байж боломгүй асуудал. Бага насны хүүхдийн нүдний булчин сул, хөгжиж дуусаагүй байхад хамаагүй гар утас үзүүлж болохгүй. Анх PC тоглоом хүүхдүүд тоглож, гар утас үзэж эхлэхэд нүд нь хөдлөхөө байчихсан хүүхэд хүртэл орж ирж байлаа. Булчин чангартал нь юм үзүүлсэн байна шүү дээ. Одооноос болохгүй гэдгийг мэдээд арай л учиртай болчихсон. Хурц гэрлийг бага насны хүүхдэд тусгахад нүдний угийн судсыг маш хурдан гэмтээдэг. Манай танилын хүүхэд лазер гэрлээр тоглож байгаад нүд рүүгээ тусгаад нүдний угийн мэдрэлийн судсаа гэмтээсэн тохиолдол гарсан. Ер нь л хүүхдийг ийм зүйлүүдээс хол байлгах хэрэгтэй. Дэлгэц маш хортой. Хараа муутгах нэг томоохон шалтгаан болдог. Оффист удаан дэлгэц ширтэж суудаг хүмүүст зөвлөхөд, 40 минут компьютерын ард суусан бол 10 минут ч болтугай нүдээ амраах хэрэгтэй.
Хүмүүс компьютерийн хамгаалалттай шилээр хамгааллаа гэдэг? Энэ хэр үр дүнтэй арга байдаг юм бэ?
- Компьютерын хамгаалалт гэж гадуур зараад байгаа нүдний шилнүүд ихэвчлэн түрхэцтэй байдаг. Шилэнд туяа үүсээд байгааг хамгаалалт гээд ойлгочихдог. Гэтэл тэр нь хамгаалалт биш. 100 хувь хамгаалдаг шилнүүд бол сайн.
-Нүдний дусаалгыг хэрхэн зөв зохистой ашиглах ёстой вэ?
-Хиймэл нулимс гэдэг нь энгийн нийтлэг нэр. Монголчилж ойлговол нүдийг амрааж, чийгшүүлдэг гэсэн үг л дээ. Ямар ч эмийн хольцгүй учраас үүнийг өдөр тутамдаа дусаахад гэмгүй. Гэхдээ 16,17-оос дээш насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Харин Япон улсын зарим дусаалгууд харшлын найрлагатай, эсвэл дан витаминтай дусаалгыг байнга хэрэглэх зохимжгүй. Яагаад гэвэл, байнга дусаавал, судас нарийсгаад нүд улайж, нүдний судас таслахад ч хүргэдэг. Ментолтой учраас тэрхэн үедээ сэнгэнээд сайхан мэдрэмж төрүүлдэг ч эргээд улайдаг. Компьютер удаан ширтэж суудаг залуус ментолтой дусаалгыг сэргээх зорилгоор хэрэглэж болно. Харин харшилтай хүн харшлын найрлагатайг нь дусаах гэх мэтчилэн их учиртай. Дусаалга л бол дусаалга гэж хандаж болохгүй.
Бүсгүйчүүд өдөр тутамдаа хиймэл сормуус хийлгэж линз зүүх болсон. Энэ нь хүний нүдэнд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хиймэл сормуус гэдэг нь гадны биет шүү дээ. Өөрийн сормуус урт, богино, өтгөн шингэн байсан ч нүдэнд нөлөөгүй. Хиймэл сормуус гадны биет учраас нүд цочроож, улайлгах замаар гэмтээдэг. Гэхдээ зөв суулгасан тохиолдолд гайгүй. Нэг их таатай зүйл бол биш. Контакт линз ч бас гадны биет. Манай улс агаарын бохирдол ихтэй учир санамсаргүй нухахад үрэвсүүлдэг, нүдний завсар унах аюултай. Үүнээс гадна манай залуус зориулалтаар нь хэрэглэдэггүй. Уг нь зориулалтын чимхүүрээр нь чимхэж аваад нүдэндээ тогтоох ёстой байтал, хурууны өндгөндөө нааж байгаад нүдэндээ тогтоочихдог. Маш буруу. Ер нь бол эдгээрийг байнга биш, хаа нэг зүүж, суулгах хэрэгтэй юм.
-Нүдээ энгийнээр хэрхэн арчлах талаар уншигчдад маань зөвлөхгүй юу?
-Хамгийн энгийнээр гэвэл усан суурьтай хийсэл нулимсыг дусаагаад, нүдээ хуурайшуулахгүй байх хэрэгтэй. Энгийн уламжлалт аргуудаас зөвлөхөд буцалгаж, ширгээсэн хүйтэн усаар өглөө оройдоо шавшиж, нүдээ булхахад маш сайн амарч, цайдаг. Хүйтэн усаар шавшихаар арьс чангардагтай л адилхан. Энэ бол хамгийн энгийн бөгөөд эдийн засгийн хэмнэлттэй арга. Нэг литр усыг 500 грамм болтол ширгээхэд л хангалттай. Мөн өөртөө таарсан шилээ зүүх ёстой. Зурагдсан шилтэй удаан явах нь нүдэнд муугаас гадна нар салхинаас хамгаалахын тулд шил зүүх хэрэгтэй. Хүмүүс гудамжнаас хамаагүй шил худалдаж аваад зүүчихдэг нь бас л буруу. Тэдгээр шилийг зүүснээс бараг зүүгээгүй байсан нь дээр. Хумсаараа хөнгөхөн үрэхэд л гаднах өнгө нь хуурч байдаг хамгийн муу шил. Бас хоорондоо харааны шилээ сольж зүүж болохгүйг мэддэг байх хэрэгтэй юм.
Сэтгэгдэл
dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:33:30
5jwzX4 http://pills2sale.com/ levitra nizagara
Зочин [139.5.217.212] 2020-08-13 15:14:44
Mash chuhal zowlogoo ogsond n bayarlalaa.
Зочин [103.9.90.98] 2020-08-11 02:26:48
энэ эмч хаана аль эмнэлэгт ажилладаг юм бэ, холбоо барьж үзүүлж болох уу
hulan [192.241.130.58] 2020-08-13 06:08:31
bi ch gesen xvvxede vzvvlmer bna yaj xolboo barih be utasnii dugaara vldegeerei