ТӨСӨВ: Эрчим хүчний шөнийн тарифтай холбоотойгоор 26.0 тэрбум төгрөг нэмж тусгажээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдөр (2025.06.30)-ийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд танилцуулга хийлээ.
Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс хэмнэлтийн тодотголд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталсан болохыг танилцуулсан. Цомхон, бүтээмжтэй төртэй байхын тулд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9 хувиар бууруулахаар тооцсон гэв.
Мөн төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардал, байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардал зэргийг хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгаснаа Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.
Энэ хүрээнд, Эдийн засаг, хөгжлийн сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 17.0 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 15.0 тэрбум төгрөгөөр, нийт 33.0 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн болно. Салбарын хэмжээнд 176 орон тоо буурч, 1910 орон тоотой байхаар тооцсон байна.
Зам, тээврийн сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 1.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 76.0 тэрбум төгрөгөөр, нийт 77.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн болно. Тус салбарын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 26 орон тоогоор бууруулж, 256 орон тоотой байхаар тооцжээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 2.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 21.1 тэрбум төгрөгөөр, нийт 23.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн. Тус салбарын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 9 орон тоогоор бууруулж, 122 орон тоотой байхаар тооцжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 1.7 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 0.2 тэрбум төгрөгөөр, нийт 1.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөсөн болно. Тус салбарын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 33 орон тоогоор бууруулж, 332 орон тоотой байхаар тооцсон гэв.
Эрчим хүчний сайдын багцаас төрийн албан хаагчдын орон тоог 9 хувь буюу 10 орон тоогоор бууруулж, 100 орон тоотой байхаар тооцсон. Дээрх хэмнэлтийн бодлогын хүрээнд Эрчим хүчний сайдын багцаас 739.6 сая төгрөгөөр буурахаар төлөвлөсөн гэлээ.
Харин “Дулааны цахилгаан станц III” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехийн барилга байгууламжид гарсан гэнэтийн аваар осол, гал гарч томоохон эрсдэл үүссэнтэй холбогдуулан гамшиг ослын хохирол, хор уршгийг бууруулах, өвлийн их ачаалалд дулаанжуулалтын тоноглолын бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагын хүрээнд 35.5 тэрбум төгрөг,
Дулааны станцууд болон эрчим хүчний компаниудын найдвартай ажиллагааг хангах зорилгоор 9.1 тэрбум төгрөгийг, эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн хугацааг уртасгасантай холбоотой 26.0 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгасан байна.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд төрийн чиг үүргийг оновчтой зохион байгуулж, цомхон, чадварлаг бүтцээр ажиллах зорилт тавьж зарим сайдын чиг үүргийг ойролцоо чиг үүрэг эрхэлдэг, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа бусад сайдын эрхлэх асуудалд шилжүүлэх болсонтой холбогдуулан төсвийн тодотголын төсөлд зарим өөрчлөлтийг тусгасныг Сангийн сайд Б.Жавлхан онцлов.
Тухайлбал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын чиг үүрэгт, 20 минутын хотын хөгжлийн асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын чиг үүрэгт тус тус шилжүүлж холбогдох төсвийн өөрчлөлтийг тусгажээ.
Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болж байгаа гэлээ.
Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа нар хууль санаачлагч болон Сангийн сайд, Ерөнхий аудитор, төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, хариулт, тайлбар, мэдээлэл авав.
Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа зургаан асуудал хэлэлцэхээр товлосон бөгөөд гурав дахь асуудал буюу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Алт-3 аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилсэн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл