"Эмээлт" эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна

"Эмээлт" эко аж үйлдвэрийн парк нь мал аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл юм. Жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай.
Энэ нь Монгол Улсын нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн парк байгуулагдсанаар 5600 ажлын байр бий болох тооцоолол гарсан.
"Эмээлт" аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулах талаар төслийн ерөнхий инженер Т.Батдондог ярьж байна.
Тэрбээр “Паркийн зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн далан, мэдээлэл холбооны далан, мэдээлэл холбооны сүлжээ зэрэг инженерийн байгууламжийн ажын зураг төслийг боловсруулж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд зураг төсөл боловсруулах ажил хийгдэж эхэлсэн” гэв.
Ингэснээр мал төхөөрөх, мах боловсруулах, ноос, ноолуур, арьс шир болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүд тус тусдаа төлөвлөгдсөн, харилцан уялдаатай ажиллах юм. Улмаар олон улсын стандартын дагуу махыг боловсруулсны дараа гарах дайврыг тусгай үйлдвэрт шилжүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ноос, ноолуурыг ангилан боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлнэ. Малын гаралтай аливаа түүхий эд, дайвар бүтээгдэхүүн бүрийг бүрэн ашиглаж, хаягдалгүй үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх юм.
Тус парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байрлаж байгаа бөгөөд төслийн бүтээн байгуулалт үе шаттайгаар хэрэгжиж байна.
Сэтгэгдэл
иргэн [59.153.113.40] 2025-10-09 14:01:03
хэдэн жил ярьдаг юм бэ дээ. Цаасан дээр л төлөвлөгөө хэрэгжиж байгаа нэг ч ажил алга