С.Доржсүрэн: Амьсгалах агаар, гишгэх газар, уух ус бүрт эх орон багтдаг

Aдмин / Нүүр

Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул Сандуйжавын Доржсүрэн гуай өдгөө 82 насыг зооглож байгаа буурай. Хүүхэд ахуй насандаа Баянзүрх хайрханыхаа бэлд мал хариулж, тоглож өссөн тэрээр 9 хүүхэдтэй айлын бага хүү. Ухаан орсон цагаасаа байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, зөв зүйтэй харьцах монгол ухааныг эцэг, эхээсээ өвлөж, амьдралынхаа гол зарчим болгон ирснээ бидэнд хуучилсан юм. 1956 онд Улаанбаатар хотод ирсэн даруйдаа Аж үйлдвэрийн комбинатад гуталчнаар орж ажлын гараагаа эхэлжээ. Удалгүй Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж Аж үйлдвэрийн комбинатын Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Намын хорооноос хуваариласан 5-р байрныхаа даргаар томилогдсон тэр үеэс С.Доржсүрэн гуай мод тарьж эхэлсэн гэнэ.

Хариуцаж авсан 5-р байр нь тухайн үед тойрсон хайрга элстэй, намхавтар гэрлээр чимэглэгдсэн энгийн байр байжээ. Байрандаа шинэ өнгө нэмж, оршин суугчдаа тохь тухтай амьдруулахсан гэсэн түүний чин хүсэлд мод тарих санааг аав нь нэмжээ. Ингээд айл бүрийнхээ тоогоор хайлаас модны үрсэлгээ бэлдэж өөрөө бүгдийг суулгаж, тарьж эхэлсэн байна. Хөрш айлууд ч дуртай дэмжиж хамтдаа модоо арчилж, хүүхэд багачууд нь усалж тордсоор өнөөдөр тэдгээр моднууд сүрлэг сайхан ургажээ. Үүгээр зогсохгүй хажуу байрны залуус ч санаа, сэдэл авч мод тарьж эхэлснээр өнөөдөр Хан-Уул дүүрэг тэр дундаа 120 мянгат ногоон өнгөөр “жигдэрч” өнгөө засдаг болжээ.

/56 жилийн өмнө байрныхаа гадна тарьсан моддын дунд/

С.Доржсүрэн гуайн амьдралын хамгийн том хийгээд сайхан дурсамжын нэг нь Аж үйлдвэрийн комбинатынхаа залуустай хамтран Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн аманд 1968-1972 оны үед 1000 шинс модыг тарьж ургуулж, нэгэн том төглийг бий болгосон нь гэнэ. Мод нэг бүрийг сэтгэлээ шингээн тарьж, ургуулж өндийлгөсөн нь өнөөдөр 4 метр өндөр шигүү сайхан ургаж Улаанбаатар хотын иргэдийн очих дуртай төгөл болжээ. Хийсэн ажил нь утааг бууруулахад хувь нэмрээ оруулахаас гадна залуу үед минь том үлгэр дуурайлал болох байхаа гэж өвгөн ах нь ихэд найддаг хэмээн С.Доржсүрэн гуай ярьсан юм.

/Богдхан уулын дархан цаазат газрын Хүүшийн аманд тарьсан 1000 мод өнөөдөр/

2013 онд 120 мянгатын 1-р хорооны 6 га талбайд “Алтай констракшин” компани орон сууц барихаар барилгын ажлаа эхэлжээ. Тухайн үед 1-р хорооны засаг дарга Ш.Болд, хорооны иргэн Д.Байдраг, ахмад настан С.Доржсүрэн нар хамтран барилгын ажлыг эсэргүүцэн зогсоож чадсан гэнэ. Түүнчлэн тэр хэсэгт жижиг хэмжээний цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах ажлыг тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүлээр дэмжүүлэн өнөөдөр 120 мянгатын иргэдийн зорин ирдэг цэцэрлэгт хүрээлэн болжээ. Хүүхдийн тоглоом, замсал зам, хөшөө дурсгал, усан оргилуун зэргийг хотын захиргаанаас тохижуулсан бол Доржсүрэн гуай хорооны иргэдээ уриалж мод, зүлэгжүүлэлтийн ажлыг өөрсдөө бүрэн хийжээ. Өнгө өнгийн цэцэгс алаглаж, тохь тухыг бүрдүүлсэн энэ цэцэрлэгт хүрээлэнд ахмад настнууд нарлаж, хүүхэд багачууд тоглон нааддаг хамгийн дуртай газар нь болжээ.

Тэрээр залуу үедээ хандаж “Эх орон гэдэг Монгол гэсэн зургаахан үсэгтэй үг төдий зүйл биш юм. Амьсгалах агаар, гишгэх газар, уух ус бүрт эх орон чинь багтдаг. Түүнийг санаж байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалж, нандигнаж байгаарай. Залуу хүүхдүүдийг мод тариасай гэж их хүсдэг. Ядаж л тарьсан модыг гэмтээхгүй байх сэтгэл, ухамсартай байгаасай. Бид ирээдүй хойчдоо ногоон монголыг үлдээх гэж чин зүрхнээсээ хичээсэн. Залуус та нарилүү сайхан ирээдүйг үр хойчдоо үлдээгээрэй.” гэж захьсан юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.