УИХ-ын тогтоолыг баталж, хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.10.23) хуралдаан 14 цаг 17 минутад эхэлж, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэв.

Гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, олон улсын стандарт, шаардлага хангасан эм, эмийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг байх, үүний тулд олон улсын байгууллага болон бусад улс орнуудтай хамтран ажиллах боломжийг судлах, нэгдсэн худалдан авалтын системтэй болох, сайн жишгийг судалж, нэвтрүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, Баярсайхан, Б.Баярсайхан нар хэлж байв.

Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 41 гишүүний 53.7 хувь нь Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжив

Хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн төслүүдийн талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсыг Их Хурлын гишүүн Б.Баярсайхан танилцуулав.

Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.6-д Үндэсний үнэт зүйл, уламжлалт өв соёлоо дээдэлж, иргэдийг соён гэгээрүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн, дэлхийн нүүдлийн соёл иргэншлийн төв болно хэмээн тусгасан. Дэлхий нийтийг хамарсан даяаршлын үйл явцын эрчимтэй нөлөө, үндэстэн дамнасан соёл хоорондын харилцааны идэвхтэй хөгжил, дэлхий дахины болон улс орны нийгзм, улс төр, эдийн засгийн хүрээнд явагдаж байгаа хурдацтай өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч соёл, урлагийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын тухай хуулийг шинэчлэн батлуулах шаардлагууд үүссэн байна.

Төсөл 6 бүлэг, 25 зүйлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 70 орчим хувь нь өөрчлөгдөж, нэр томъёо, соёлын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөн, соёлын үйл ажиллагаанд баримтлах зарчим, соёл судлал, соёлын боловсрол, соёлын үйлдвэрлэл, соёлын ажилтны үнэлэмж, мерчендайзийн гэрээ, соёлын агентын зохицуулалтыг шинээр нэмж тусгасан гэлээ. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан Соёлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Номын сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэв.

Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэх аж. Соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, уран бүтээл хийх сэдэл бий болгох, соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэсний соёлыг хадгапах, хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбарт мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгааг нэвтрүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдэх юм байна. Мөн иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн театр, чуулгын урын санг үндэстэн, ястны онцлогтой уялдуулан хөгжүүлэх, материаплаг баазыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэлээ. Түүнчлэн уран бүтээлийг бодитойгоор урт хугацаанд дэмжих, соёлын харилцаанд оролцогчдын хөдөлмөрийг зүй зохистой үнэлж, хөгжүүлэх нөхцөл бүрдэх юм байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо уг төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байна.

Төслийн талаарх Соёлын сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Н.Алтанхуяг, П.Анужин, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Х.Ганхуяг, Б.Баярсайхан, Т.Аубакир, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Чинзориг нар асуулт асууж, Соёлын сайд, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт тайлбар авав.

Хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан талаарх тайлбарыг өглөө. Тус хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлдөг. Энэ төлбөрийг тухайн сум, дүүргийн төсөвт төвлөрүүлж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, боловсролын болон эрүүл мэндийн салбарт зарцуулах бөгөөд энэ талаархи журмыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах хуультай. Эл зохицуулалт бүхий заалтад “соёл” хэмээн нэмэх, ингэснээр орон нутгийн соёлын үйл ажиллагааг санхүүжүүлэх боломж бүрдэнэ хэмээн орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн боловсруулсан гэв. Түүнчлэн гишүүд төсөл дэх Соёлын зөвлөл, түүний үйл ажиллагаа, соёлын ажилтанд мэргэшлийн зэрэг, нэмэгдэл олгох, мерчейндайзийн гэрээний талаарх зохицуулалт, агентлагуудын үйл ажиллагааны талаарх зохицуулалтуудын талаар тодруулж, мэдээлэл авсан юм. Төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг иргэдийг, хүүхэд залуусыг үндэсний өв, соёл, уламжлалаа мэддэг монгол хүн болгон төлөвшүүлэх, тэр чиглэлд соён гэгээрүүлэх ажлуудыг онцгой анхаарч зохион байгуулах асуудлыг төсөлд тусгаагүй байгааг шүүмжилж, хэлэлцүүлгийн явцад анхаарч холбогдох өөрчлөлтийг тусгах нь зүйтэй. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн төслийг дахин боловсруулах шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Монголчууд соёлын хувьд алсын хараатай бодлого явуулах ёстой гэдгийг онцлоод “Манай эдийн засаг жижиг байж болно. Гэхдээ бидний бүтээсэн соёл, түүх бол дэлхийн хэмжээнийх. Соёлыг яам монголчуудынхаа түүх соёлыг олон улсад таниулах, түгээх, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх гэх зэргээр өргөн хүрээний, далайцтай бодлого явуулах зорилготой байх ёстой” гэлээ. Энэхүү төслийг холбогдох бусад хууль, төслүүдийн зохицуулалт, нэр томъёотой нийцүүлэх шаардлага бий гэдгийг Н.Учрал гишүүн хэлж байв.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 65.1 хувь нь төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай тогтоолыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж, Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцүүлэх горимын санал гаргав. Горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд ирүүлжээ. Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн Хориндолоо дугаар зүйлийн 27.6, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг тус тус баримтлан хэлэлцжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, С.Амарсайхан, Ж.Сүхбаатар, Т.Доржханд нар үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас асуулт асууж, хариулт авсан. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 44 гишүүний 31 нь 70.5 хувийн саналаар уг хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн тул “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдлаа. Иймд Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулав.

Музейн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсыг Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Мөн их, дээд боловсролын байгууллагуудын дэргэд 16 бэсрэг музей, хувийн хэвшлийн 10 гаруй музей тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн, сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим байгаа аж.

Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм” “Музейн сан хөмрөгийн бүртгэн баримтжуулалтын заавар” болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, MNS 2006:5643 стандарт зэрэг баримт бичгээр музейн тодорхой үйл ажиллагааг тухайлан зохицуулдаг байна.

Дээрх хууль, эрх зүйн баримт бичгүүд нь музейн өмнө тулгамдаад байгаа хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, салбар дундын түншлэл, техник технологийн хөгжүүлэлт, хүний нөөцийн хангамж, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, музейн тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байгаа талаар Соёлын сайд танилцуулгадаа дурдсан. Ялангуяа музейн үндсэн үйл ажиллагаатай нягт уялдаатай байдаг байгаль, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль, тогтоомжийг шинэчлэлийн хүрээнд музейн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт тусгагдалгүй орхигдсоноос музейн нийгмийн хөгжил дэх оролцоог хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бодит бэрхшээл учирч байгааг төслийн танилцуулгад дурдсан.

Иймээс Монгол Улсад музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, музейн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тогтвортой хөгжих боломжийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин батлан хэрэгжүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилгыг тодорхойлж, музейн тухай хууль тогтоомж, хамрах хүрээг тогтоож, хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбарыг, хоёрдугаар бүлэгт музейн ангилал, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон зохицуулалтыг, гуравдугаар бүлэгт музейн сан хөмрөгийн асуудлыг, дөрөвдүгээр бүлэгт музейн аюулгүй байдлын асуудлыг, тавдугаар бүлэгт музейн ажилтны ёс зүйн асуудлыг тус тус оруулсан байна.

Хуулийн төслийг дагаж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна.

Хууль батлагдан гарснаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдаж, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэх аж. Мөн соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хэгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэлээ. Түүнчлэн, музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, ашиглах хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэг үйлдвэрлэх, түгээх орон зай болж хөгжих суурь тавигдана гэж үзжээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авлаа. Музейн асуудал нь соёл, боловсролын асуудал дунд орхигдсон, эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн гэдгийг С.Чулуун сайд хариултынхаа үеэр хэллээ. Ихэнх орон музейн тухай бие даасан хуультай байдаг аж. Цаашдаа музейн үйл ажиллагаа нь судалгааны эргэлтэд хувь нэмрээ оруулах, соён гэгээрэл, боловсролын төв болгох зорилгоор төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаж өгсөн гэв. Мөн музей бүр эрдэм шинжилгээний ажилтны орон тоотой байх, орчин үеийн хандлага, техник, технологийн дэвшлийг ашиглан виртуаль болгох, музейг үнэгүй болгох гэх зэрэг зохицуулалтууд туссан байна.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

Иргэн [202.126.92.99] 2020-10-24 03:35:46

Эрхэм гишүүдэээ та нар яагаад элэгний вирустэй хүмүүс уудаг үнэтэй эмнүүдийг хөнгөлөлтэй эмийн жагсаалтаас хасчихваа, олон хүний амь амьдралыг та нар үгүй хийлээ, Та нарыг энэ 4 жил тайван байлгахгүй, дараа дахин сонгогдохгүй болтол зарга заальхай гээд чаддаг бүхнээ хийнээ, Та нарын төрийн мөнгийг идэж гудардгын хажууд энэ мөнгө бага шүү,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.