Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд гарч байна
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг “Нөхөрсөг үе тэнгийнхэн” төслийн үндэсний сургагч багш Т.Пүрэвжаргалтай ярилцлаа.
-Саяхан ахлах ангийн хүүхдүүд бүлэглэн нэгнийхээ бие махбодод халдаж, гутаан доромжилж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан шүү дээ. Ер нь сурагчдын дунд өрнөж буй дээрэлхэлтийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Ерөнхийдөө сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал байсаар ирсэн ч сүүлийн үед огцом нэмэгдсэн. Жишээ нь, 2014 онд 108 хүүхдийн тусламжийн утас байгуулагдахад жилдээ долоогоос найман удаагийн дуудлага бүртгэгддэг байлаа. Гэтэл 2024, 2025 онд 1400-1600 орчим үе тэнгийн дээрэлхэлт эсвэл зөвлөгөө, тусламж хүссэн, хүүхдийн эрх зөрчигдсөнтэй холбоотой дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс гадна далд хэлбэрээр ч үе тэнгийн дээрэлхэлт үйлдэгдэж байгаа шүү дээ. Зарим тохиолдлыг аваад үзвэл хүүхдүүд надад ийм зүйл тохиолдсон гэхээсээ илүү манай найзад гэх байдлаар ханддаг. Үүнийг нь илүү тодруулаад, ярилцаад үзэхээр ихэвчлэн өөрт нь тохиолдсон байх жишээтэй. Ер нь энэ төрлийн дуудлага мэдээлэл ч их ирдэг болсон.
-Үе тэнгийн дээрэлхэлт орон нутгаас илүү нийслэлд их байна уу?
-Хөдөө орон нутаг болон нийслэлийн хувийн, улсын сургуулиудад үе тэнгийн дээрэлхэлт тодорхой хэмжээнд байгаа. Харин их, бага хэмжээгээрээ ялгаатай. Бид сургалт ороод явахад захын гэр хороолол, эсвэл хөдөө орон нутгийн сумын сургуулиудад нөхцөл байдал харьцангуй гайгүй байдаг. Саяхан гарсан кейс шиг сурагчид зориудаар нэгнийхээ бие махбод болон сэтгэл санаанд хүнд гэмтэл учруулсан тохиолдол бараг байхгүй. Харин хотын төв рүү чиглэсэн сургуулийн дунд, ахлах ангийн сурагчид дунд өрнөж буй дээрэлхэлт нь ерөнхийдөө санаа зорилготой, дахин дахин давтагдаж үйлдэгдсэн байдаг. Бие махбод, сэтгэл санаанд учруулсан хохирлын түвшин өндөр байгаа нь ажиглагдсан.
-Ихэвчлэн ямар шалтгааны улмаас үе тэнгийн дээрэлхэлт үйлдэгдэж байна вэ?
-Үе тэнгийн дээрэлхэлт гарч буй ерөнхий шалтгаан нь ар гэрийн амьдрал тааруухан, эсвэл гадаад үзэмж, биеэ авч яваа байдлаас үүдэлтэй байдаг. Ер нь хүүхдүүд бие биеийхээ ялгаатай байдлыг сайн хүлээн зөвшөөрч чаддаггүй гэдэг ч юм уу. Бүх хүүхэд ийм л байх ёстой гэж өөрийнхөөрөө бодоод байдаг. Гэтэл хүн бүр өөр өөрийн гэсэн онцлог зан чанар, гадаад төрхтэй шүү дээ. Үүнийг ойлгоогүйгээс л үе тэнгийн дээрэлхэлт ихэвчлэн үүсдэг. Нөгөө талд гэр бүлийн орчин нөлөөлдөг. Гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад байдаг зарим хүүхэд бол янз бүрийн үг хэллэг ашиглаж бусдыгаа доромжилж, тохуурхан шоглох, гадуурхах тохиолдол гардаг
Үүнийгээ хүүхэд энгийн, хэвийн зүйл мэтээр ойлгох нь ч бий. Мөн эцэг эхийн хараа хяналт сул байх нь үе тэнгийн дээрэлхэлтэд нөлөөлдөг. Энэ нь амьдралын түвшин, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоогүй. Анхаарал, халамж дутагдсан хүүхэд зарим тохиолдолд өөрийнхөө дураар аашилж, найз нөхдийнхөө дунд дээрэнгүй зан авир гаргадаг.
-Хүйсийн хувьд аваад үзвэл охидын дунд дээрэлхэлтийн асуудал их гарч байна уу?
-Хүйс хамаарахгүй дээрэлхэлт их байна. Сүүлийн үед ажиглаад байхад охид хөвгүүдийн биед шууд халдаж, хүний эрхийн зөрчил гаргах асуудал ихэссэн. Биднийг сургалт ороод явахад хөвгүүд “Бид ч гэсэн тэгш эрхтэй биз дээ” гэдэг. Монголчууд бид хөвгүүдээ эмэгтэй хүний биед халдаж болохгүй хэмээн хүмүүжүүлдэг шүү дээ. Энэ нь зөв ч нөгөө талд охидоос ирж буй янз бүрийн халдлагаас өөрийгөө хамгаалж чадахгүй байдалд хүргэж байна. Үснээс нь зулгааж, түлхэж, чимхэхэд ямар ч хариу үйлдэл хийдэггүй гэж байгаа юм. Охидын дунд бие биеэ үг хэлээр доромжлох, нэр төрд нь халдах асуудал түгээмэл болчихсон. Түүнчлэн бидний туршлагаас харахад, зургадугаар ангиас л үе тэнгийн дээрэлхэлт эхэлдэг. Эцэг эхийн хараа хяналт суларч, хүүхдүүд олон цагаар хичээллэж, олон багш ордог энэ үед л дээрэлхэлтийн суурь тавигддаг. Ийнхүү цаашаа даамжирсаар ахлах ангид орохоороо асуудал ноцтой болж ирдэг.
-Сургуулиудаар сургалт ороод явахад дээрэлхэлтийн ямар хэлбэр түгээмэл байна вэ?
-Миний ажигласнаар дээрэлхэлтийн хоёр хэлбэр түгээмэл гарч байна. Нэгдүгээрт, цахим дээрэлхэлтийн асуудал бараг хяналтаас гарчихсан. Дунд, ахлах анги гэлтгүй сурагчид нэгнийхээ чат, мессэж, эмзэг зураг, бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж дарамт, заналхийлэл учруулж байна. Түүнчлэн нэгнээ мөрлөх, түлхэх, үснээс нь зулгаах бол энгийн үзэгдэл болчихсон. Сургалт ороод явж байхад зарим сургуульд дээрэлхэлтийн шинэ үг хэллэг, арга барил бий болсон байгаа юм. Сурагчид нэгнээ “Шалны алчуур” гэж нэрлэж, “Өнөөдөр хэнээр шал арчих вэ” хэмээн тухайн хүүхдийг дамжлаад хувцсаар нь шал арчдаг. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил. Ийм дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн өөртөө итгэх итгэл нь хатуухан хэлэхэд, яг л шалны алчуур шиг доод хэмжээнд хүрдэг.
Маш их ганцаардаж, өдөр бүр айдас түгшүүр мэдэрдэг. Энэ нь удаан үргэлжилж, хэн нэгэн туслахгүй, арга хэмжээ авахгүй бол сэтгэл гутралд орно. “Би энэ байдалтайгаа эвлэрэх үү, эсвэл хэнд ч хэрэггүй юм чинь амиа хорлох уу” гэх мэт буруу сэдэл төрдөг. Нөгөө талд ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээс үүдэн дээрэлхэлт үйлдэж буй хүүхэд өөрийгөө зөвтгөж эхэлдэг. Ийм зүйл хийгээд байж болох юм байна хэмээх бодол төрж, үүнийгээ үйлдэл болгож байна.
-Олон нийтийн зүгээс үе тэнгийн дээрэлхэлт газар авч байхад сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар юу хийж байсан бэ гэх асуулттай байна шүү дээ?
-Сургууль хүүхэд бүрд ээлтэй байх ёстой ч арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд үйлдэгдэж байна. Арван хүүхэд тутмын долоо нь дээрэлхэлтийн ямар нэгэн хэлбэрт өртсөн байдаг. Уг нь хүн бүр хүүхэд хамгаалагч байх ёстой. Тухайн сургуулийн жижүүрт ч энэ асуудал хамаатай. Тиймээс хүүхдийн орчинд насанд хүрсэн хүн бүр нүд, чихээ нээлттэй байлгах ёстой гэдэг. Гэтэл орчин үед зарим сургуулийн багш нар зөвхөн хичээлээ зааж, хуваарьт ажлаа л хийх байдал ажиглагдах болсон.
Хүүхдийн сурч боловсрох орчин маш эрсдэлтэй байна шүү дээ. Энд сурагч нэг бүрийг үргэлж анзаарч, хайхарч байх ёстой үүрэг орхигдоод байна. Сурагчид үе тэнгийн дээрэлхэлт байгаа талаар ангийн багшдаа хэлсэн ч цааш холбогдох газарт нь мэдээлээгүйгээс үүдэн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдол ч гарсан. Тиймээс сургуулийн орчинд хүн бүр ажиглагч, анхаарагч байх ёстой.
А.Даваадулам
Эх сурвалж: Өдрийн сонин
































































Сэтгэгдэл