Дундговьд хэрэгжиж буй эрчим хүчний төсөл 400 гаруй түр болон 14 байнгын ажлын байранд ажилтан авна
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Үйлст мандал” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзан, Сайнцагаан суманд хэрэгжиж буй 50 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 200 МВт.ц батарей хуримтлуурын төсөлтэй танилцлаа. Тус төсөл нь Сайнцагаан сумын төвөөс баруун урагш 7 км орчим зайд, 103 га талбайд хэрэгжиж байгаа бөгөөд үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг Мандалговь хотын Мандал дэд станцаар дамжуулан төвийн эрчим хүчний системд нийлүүлэх юм. Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд 2026 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Барилга угсралтын хугацаанд 400 гаруй түр ажлын байр, ашиглалтын үед 14 байнгын ажлын байр бий болох бөгөөд эдгээрт орон нутгийн иргэдийг түлхүү ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн кран, ковш, экскаватор зэрэг техник хэрэгсэл, бетон зуурмаг зэрэг бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн аж ахуйн нэгжүүдээс нийлүүлэн хамтран ажиллаж байгаа талаар компанийн төлөөлөл танилцууллаа. Энэхүү төсөл хэрэгжсэнээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхээс гадна төвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг сайжруулж, оргил ачааллыг бууруулах, нөөц чадал бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Мөн төсөл ашиглалтад орсноор төвийн эрчим хүчний системд гэмтэл, саатал гарсан үед Дундговь аймгийн хэрэглэгчдийг тогтвортой цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.
Түүнчлэн орон нутгийн хөдөлмөр эрхлэлт, бизнесийн үйл ажиллагаа, төсвийн орлогыг нэмэгдүүлэх замаар Дундговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит үр өгөөж авчрах хүлээлттэй байна гэж Дундговь аймаг Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.


































































Сэтгэгдэл