Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Aдмин / Эдийн засаг

Монгол улс харьцангуй залуу хүн амтай бөгөөд нийт хүн амын ойролцоогоор гуравны нэгийг 0–14 насны хүүхдүүд эзэлж байна. Энэ нь хүүхэд, өсвөр үеийнхэн Монгол Улсын ирээдүйн хөгжил, дэвшлийг тодорхойлох хамгийн чухал нөөц болохыг илтгэдэг. Тэднийг бага наснаас нь шинжлэх ухаанд сонирхолтой болгох, бүтээлч сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ санхүүгийн суурь ойлголт, зөв дадлыг төлөвшүүлэх нь ирээдүйд хариуцлагатай, бие даасан иргэн болж төлөвшихөд онцгой ач холбогдолтой юм.

Төрийн банк хүүхэд, залуучуудад санхүүгийн боловсрол олгох чиглэлд тогтмол анхаарч ажилладаг бөгөөд энэ онд “Эерэг дадал Ирээдүйн баялаг” уриан дор “Санхүүгийн соёл” үндэсний санаачилгыг хэрэгжүүлж байна. Тус санаачилгын хүрээнд Төрийн банкны Инкубатор төв, МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парктай хамтран хүүхэд, залуучуудын шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэх, онол болон туршилтыг хослуулсан практик сургалтаар дамжуулан санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 13-ны Баасан гарагын 14:00 цагт Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн байранд зохион байгуулагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн 69 дүгээр сургуулийн сурагчид оролцож, шинжлэх ухаанд суурилсан туршилт, танин мэдэхүйн сургалтад хамрагдлаа.

“Science Play” хөтөлбөрийн онцлог нь хүүхдүүдийг зөвхөн мэдээлэл сонсогч бус, харин өөрсдөө туршиж үздэг, асуулт асуудаг, шинэ зүйлсийг нээн ойлгодог идэвхтэй оролцогч болгоход чиглэж буйд оршиж байна.