Б.Энхбаяр: Торгоны замтай холбогдчихвол манайх экспортын эрсдэлээ бууруулж чадна
Эдийн засагч, судлаач Б.Энхбаяртай ярилцлаа.
-Манай улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдал ямар байна вэ?
-Монгол Улсын хувьд түүхий эдээс өндөр хамааралтай. Манай экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний 94-95 хувь нь боловсруулаагүй түүхий эд байна. Үлдэж байгаа нь хөнгөн аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр түүхий эдийн төвөгтэй зүйл нь биднээс үнэ ханш нь хамааралгүй. Хоёрдугаарт, далайд гарцгүй учраас өөр улс орнуудад гаргах боломж маш бага. Боловсруулаагүй учраас биет жин, овор их болохоор тээвэрлэлтийн өртөг зардал нь өндөр байдаг. Иймд боловсруулсан түүхий эдийг экспортод гаргахыг эрмэлзэх зайлшгүй шаардлагатай. Сүүлийн жилүүдэд улсын эдийн засаг тэлээд гадаад худалдаа хурдтай өсөж байна. Өнгөрсөн 2024 онд өссөн, ноднин буурсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар буцаад өсөж байна гэсэн нааштай мэдээ байгаа. Гэхдээ болгоомжлох зүйл байна. Тэр өсгөөд байгаа зүйл нь ганцхан түүхий эд буюу нүүрс л байна. Түрүү жил зэс орж ирсэн. Тэгэхээр хоёрхон түүхий эд л өсөж буурах савлагааг бий болгож байгаа юм. Ноднин жилийн эцсээр авч үзэхэд, экспорт маань 2024 оны хэмжээнд байсан. Тэгсэн атлаа орлого нь гурван тэрбум ам.доллараар буурчихсан. Хэрвээ яг энэ хугацаанд Оюу толгойн далд уурхай ашиглалтад орж, үйл ажиллагаа нь зүгшрээгүй байсан бол бид яг 2016 он шиг хямралд орох байсан. Гурван тэрбум ам.долларын орлого гэхээр төсөвт нэлээд том цоорхой үүсэх байлаа. Мөн зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ өссөн, дэлхийн зах зээл дээрх үнэ нэмэгдсэн. Энэ хоёрын нөлөөгөөр Монгол Улсын экспорт өнгөрсөн онд хоёр тэрбум ам.доллараар өслөө. Цаашдаа бид яг ийм байдлаар эдийн засгаа тэнцвэржүүлэх ёстой. Одоо экспортоо харвал 40 орчим хувь нь зэсийн баяжмал, 30-аад хувь нь нүүрс, үлдсэн нь бусад түүхий эд байна. Бүлэглээд үзвэл бид гурван төрлийн багц түүхий эдтэй байна. Үүнийгээ л улам олон болгох хэрэгтэй. Нүүрс одоо бол хамгийн их савлуулж байна. Маш их зардал гаргаад биет хэмжээг нь нэмээд байдаг. Бид орлогыг нь л ярьдаг болохоос нүүрс тээвэрлэлтэд ямар зардал гаргаж байгааг ерөөсөө ярьдаггүй.
Дүнгээрээ өссөн хэрнээ нөгөө нүүрс чинь тонн тутамдаа үнэ нь унасан хэвээрээ л байна. Нэг тонн нүүрсний дундаж үнэ 2024 онд 83 ам.доллар байсан бол энэ оны эхний хоёр сарын байдлаар 66 болоод буурчихсан. Энэ үнэ биднээс хамаарахгүй. Үүнийг нөхөхийн тулд биет хэмжээгээ нэмээд байдаг. Гэтэл тэрний чинь ард зардал гараад байгаа шүү дээ. Тийм болохоор бид үүн дээр маш болгоомжтой хандахгүй бол экспортын 30 хувийг бүрдүүлж байгаа орлого биднээс хамааралгүй байна. Тэгэхээр цаашдаа бид зөвхөн нэг жилийн төсвийн орлогыг нэмэгдүүлье гэсэн бодлого барьж болохгүй. Харамсалтай нь улстөрчид ийм бодлого бариад байна.
-Хөдөө аж ахуйн салбар нэлээд өсөлттэй гарсан гэж байгаа. Энэ нь яг бодит өсөлт байж чадах уу. Еразийн хэлэлцээр хэрэгжээд ирэхээр манайд үр ашигтай байж чадах болов уу?
-Манай дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцдог аргачлал өөрөө их төвөгтэй.
Аж үйлдвэржсэн орнуудад бол аль ч салбар байсан гарцаар нь тооцдог. Гэтэл манай хөдөө аж ахуйн салбар гарцыг тооцох боломж байхгүй. Нийт 58 сая толгой малаас ямар ашиг шим хүртээд байгааг нь бид мэдэхгүй. Учир нь бид гарцаар нь биш, малын амьдын жингээр тооцдог юм. Бэлчээрийн мал аж ахуйн нэг төвөгтэй онцлог нь энэ. Тийм болохоор энэ нэлээд эргэлзээтэй. Евразийн хэлэлцээр урт хугацаандаа ямар нэгэн байдлаар нааштай нөлөөлж магадгүй. Гэхдээ өнгөрсөн 30 жилд Монгол Улсын байгуулсан хэдхэн хэлэлцээр бий. Бид 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэн бол 2016 онд Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан. Эргээд дүгнэхээр энэ хоёр хэлэлцээрээс бид ямар ч ашиг хүртэж чадаагүй. Дэлхийн худалдааны төвд элсээд өөрсдөө татвараа бууруулаад бүр хохирсон. Мөн Японы экспорт нэмэгдсэн мөртлөө манайх өсөөгүй. Тэгэхээр Евразийнхаас богино хугацаанд үр ашиг хүртэнэ гэж би нэг их найдахгүй байна. Хоёрдугаарт, гол зах зээл болж байгаа ОХУ өөрөө эдийн засгийн хоригтой. Тээвэр ложистик нь улам бүр төвөгтэй болж байна. Ийм нөхцөлд манай тээвэрлэх ачаа цаг хугацаандаа зах зээлдээ хүрч чадах уу гэдэг том асуудал. Одоогоор бид чинь цаасан дээр буюу онолын хувьд л бодчихоод байгаа юм.
-Дэлхий нийтэд дайн тулаан, геополитикийн асуудлууд байна. Та өмнө нь энэ бүхэн Азид үзүүлэх гурван том эрсдэл байна гэж байсан. Үүнийгээ тодруулж өгөхгүй юу?
- Дэлхий нийтээрээ 2022 он хүртэл харьцангуй амар амгалан байсан. ОХУ Украинд халдан довтолсноос хойш дэлхий нийтээр өдөр бүрийн мэдээ зөвхөн дайн, геополитикийн эрсдэлийн тухай боллоо. Зөвхөн дэлхийн орнуудын улс төр судалдаг байгууллагууд биш, банк санхүүгийн байгууллагууд хүртэл энэ асуудлыг тусгайлан судалж, геополитикийн эрсдэл эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдгийг гаргаж байгаа. Иранд болж буй дайнд хамрагдах улсууд нь харьцангуй цөөн мэт боловч шууд болон шууд бусаар татагдан орж байгаа улсууд нь олон болж байна. Хоёрдугаарт, стратегийн байршлын хувьд дэлхийн газрын тос, шатдаг хийн 20 гаруй хувийг дамжуулдаг чухал бүс нутаг. Энд үүсч байгаа асуудал дэлхий нийтийг доргиож байна. Үүнээс гадна дэлхийн газрын тосны 25-26 хувийг нийлүүлж байгаа Малаккийн хоолой бий. Ормузын хоолойгоос чухал. Тэр тусмаа Зүүн Өмнөд Азийн улсуудын газрын тосоо тээвэрлэдэг хамгийн чухал газар. Гэтэл энд асуудал үүсвэл яах вэ . Олон улсын цэрэг, геополитикийн судлаачид Азид гурван аюултай цэг байна гэж үздэг. Нэгдүгээрт, Хойд Солонгос, хоёрдугаарт, Тайванийн хоолойн асуудал. Хятад улс болж байгаа бүх хурал зөвлөгөөн дээрээ Тайванийг ямар нэгэн замаар нэгтгэх тухай ярьдаг. Сая Бээжинд болсон хоёр их хурлын таван жилийн төлөвлөгөөний төгсгөл дээр нь Хятад улс Тайванийг нэгтгэх нь мөнхийн эрх ашиг мөн гэсэн байна лээ. Судлаачид үүнийг цаг хугацааны хувьд Хятад улсын дараагийн даргын сонгуулиас өмнө буюу 2028 оноос өмнө хэрэгжих магадлал өндөр гэж үздэг. Гуравдугаарт, өмнөд Хятадын тэнгис байна. Тэнд газар нутгийн байнгын маргаантай байдаг. Энэ бүхнээс Тайванийн хойг дээр асуудал үүсвэл Монгол Улсын импортын ачаа бүгд байхгүй болно. Өмнөд Солонгосоос Тайванийн хооронд байлдааны талбар болж хувирна. Ийм нөхцөл байдал үүсвэл ердийн ачаа тээвэр явах ямар ч боломжгүй болно. Тиймээс энэ аюулаас урьдчилан сэргийлээд бид одооноос ганцхан байгаа импорт, экспортын сувгаа хоёр, гурав болгох асуудлыг тайван цагт бодох ёстой. Түүнээс биш дайн болсны дараа яриад нэмэргүй. Бид өнөөдөр эрчим хүч, газрын тосон дээр дандаа бүх асуудал болсны дараа арга хэмжээ авч байна. Гэтэл геополитикийн энэ асуудлуудыг чинь болзошгүй гэж анхааруулаад өчнөөн жил боллоо. Гарцыг нэмэгдүүлэх ажил чинь нэлээд олон жил хийгдэж таарна. Хамгийн боломжтой нь Торгоны зам байхгүй юу. Ази, Европыг холбосон энэ замыг чинь Хятад, Казахстан зэрэг улсууд хөгжүүлж байна. Казахстан гэхэд л нутаг дээрх хөндлөн төмөр замаа хоёр эгнээ болгож байна. Энэ хооронд хамгийн эрсдэл багатай ачаа тээвэр байтал үүнд бид холбогдоогүй л байна шүү дээ. Торгоны зам бол манай нутагт маш ойрхон. Булган, эсвэл Бургастайн боомтоор Хятадтай холбох л асуудал. Ингэх юм бол бид эрсдэлээ бууруулж чадна.
- Олон улсад болж байгаа энэ асуудлууд манай улсын эдийн засагт одоо яг нөлөөлж байна уу. Цаашдаа ер нь хэрхэхээр байна вэ?
-Мэдээж Орос, Украины дайн манайд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Европ руу чиглэсэн транзит ачаа байхгүй болсон. Хоёрдугаарт, агаарын орон зай хаагдсанаас болоод Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрдөг нислэгийн тоо буурсан. Үүнээс чинь манайх нэлээд орлого олдог байсан. Тэгэхээр шууд цочмог биш ч гэсэн нөлөөлсөн. Иранд болж байгаа асуудал байна. Удаан үргэлжлэх юм бол маш сөрөг үр дагавартай. Үүнд санаа зовоод Олон улсын эрчим хүчний агентлагийн 32 гишүүн улс 400 сая баррель газрын тосыг зах зээлд нийлүүлэх тухай саяхан ярилаа. Гэхдээ цэрэг, улс төрийн шинжээчид энэ үйл явдлыг харьцангуй удаан үргэлжлэхгүй байх гэж харж байгаа. Иран улс газар нутаг жижиг учраас дайнтай үед зэвсгийн үйлдвэрлэл явуулах боломжгүй. Тийм болохоор одоо байгаа нөөцөөрөө л байлдаж байна. Мөн экстрим үзэл баримтлалтай учраас яг Иранд тусалж байгаа улс алга. Шинжээчид байгаа нөөц нь сарын дотор барагдана гэж үзэж байгаа. Азаар манайх энэ бүс нутгаас газрын тос авдаггүй учраас нэг их мэдрэгдэхгүй байна. Орос эдийн засгийн хоригтой байгаагаас манайд үзүүлж буй эерэг тал нь гэж үзвэл Ангарскийн нефть боловсруулах үйлдвэр газар зүйн байршлын хувьд түгжигдмэл. Зах зээл нь асар хол. Бүтээгдэхүүнээ зөвхөн дотооддоо нийлүүлж, экспорт гэвэл Монгол Улсаас өөр улс байхгүй. Тэгэхээр манайхтай булаацалдаад, өрсөлдөөд байгаа улс байхгүй гэсэн үг. Манайх тэнд хоёр тэрбум ам.долларын орлого оруулдаг учраас манайхыг алдахгүй байхын төлөө л ажиллаж байгаа. Тийм болохоор одоогоор үнэ ханшаа нэмэх боломжгүй.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
































































Сэтгэгдэл