Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн 26.4 га талбайд барихаар төлөвлөсөн.
Төсөл хэрэгжүүлэх байршлыг сонгохдоо дэд бүтцийн бэлэн байдал, эрчим хүчний хэрэглээний төвлөрөл, газар ашиглалтын боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Тухайлбал, ДЦС-2-ын үнсэн сангийн талбай нь төвийн эрчим хүчний системтэй шууд холбогдох дэд бүтцээр хангагдсан. Энэ нь шинэ станцыг цахилгаан, дулааны сүлжээнд холбох зардал, баригдах хугацааг бууруулах давуу талтай. Мөн шинээр их хэмжээний газар чөлөөлөх, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага харьцангуй бага байгаа нь төслийн давуу тал болж байна. Дулааны хоёрдугаар цахилаан станцын үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш буюу 65 жил хуримтлагдсан үнсийг зөөх ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн. Төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 25 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байгаа бөгөөд төслийн талбайд геологийн судалгааны өрөмдлөгийн ажлууд дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмжийн захиалгууд хийгдсэн. Мөн төслийн газар чөлөөлөлт, дэд бүтцийн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
ДЦС-5 нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах стратегийн ач холбогдолтой байршилд байрлах юм. Тухайлбал Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг хүн ам, орон сууцны эрчимтэй нэмэгдэж буй бүсүүдийн дулаан, цахилгааны хэрэгцээ жилээс жилд өссөөр байна. Шинэ станц эдгээр бүсийн эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Дулааны тавдугаар цахилгаан станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ. Станц 2028 онд ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэх юм. Ингэснээр төвийн эрчим хүчний системд тулгараад буй хүчин чадлын дутагдлыг бууруулах, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах нөхцөл бүрдэнэ.
Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




































































Сэтгэгдэл