Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөсөн хэргийн дараагийн шүүх хурал гуравдугаар сард болно
Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амь насыг хөнөөсөн хэргийн дараагийн шүүх хурлыг Туркийн Истанбул хотод гуравдугаар сард явуулахаар болсон байна.
Энэ хэргийн эхний шүүх хурал мягмар гарагт Истанбул хотын Чаглаян дүүргийн шүүхэд болжээ. Туркийн Прокурорын газар гэмт хэрэгт холбоотой Саудын Арабын 20 иргэнийг буруутгаж байгаа юм. Шүүх хурлын үеэр хэргийг эчнээгээр хянан хэлэлцсэн бөгөөд НҮБ-ын шүүхээс гадуурх цаазын ялын талаарх тусгай илтгэгч Агнес Калламард оролцжээ.
АНУ-ын “Washington Post” сонины сэтгүүлч байсан Жамаль Хашогги 2018 оны 10 дугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар луу орсныхоо дараа амиа алдсан юм. Саудын Арабын эрх баригчид Хашоггийг Консулын газарт амиа алдсаныг эхэндээ няцааж байсан боловч дүрс бичлэг, дуу бичлэг нийтлэгдсэний дараа хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч, түүнийг Консулын газрын ажилтнуудтай маргалдсаны улмаас амиа алдсан гэж мэдэгдсэн билээ. Туркийн цагдаа нар сэтгүүлчийн цогцсыг олж чадаагүй юм.
Хашоггийг хөнөөсөн хэргээр таван хүнд цаазын ял, өөр гурван хүнд гэмт хэргийг нуун дарагдуулахад оролцсон хэргээр 24 жилийн хорих ял оноосноо Саудын Арабын Прокурорын газар өнгөрсөн оны сүүлчээр мэдэгджээ.
www.montsame.mn
Сэтгэгдэл