Голомт банкнаас зээлийн бүтэц өөрчлөх зөвлөмжийг хүргэж байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Ковид-19”-ийн цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор 11 дүгээр сарын 1-нээс 2021 оны 7-р сарын 1-ний өдрийг хүртэл зээл хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийн хүрээнд Голомт банк цар тахлын хүнд үед харилцагчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор харилцагчдын зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлтийг авч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор харилцагч танд зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай зөвлөмж болон харилцагчдын зүгээс зээл хойшлуулахтай холбоотойгоор ирүүлж буй түгээмэл асуулт, хариултуудыг бэлтгэн хүргэж байна.

Зээлийн бүтэц өөрчлөх зөвлөмж

Зээлийн бүтэц өөрчлөх гэдэгт Зээлийн хугацаа сунгах, эргэн төлөх хуваарь өөрчлөх, төлөлтийг хойшлуулах зэрэг өөрчлөлтүүдийг хэлдэг.

  • Хугацаа сунгах гэдэгт зээл төлж дуусах эцсийн хугацааг сунгахыг ойлгоно.
  • Эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулах гэдэгт сар бүрийн төлөх дүнг өөрчлөхийг ойлгоно.

Зээлийн бүтцэд өөрчлөлт оруулахтай холбоотой ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ

  1. Зээлийн бүтэц өөрчлөх /зээлийн хугацаа сунгах, төлөлт хойшлуулах, эргэн төлөх хуваарийг өөрчлөх зэргийг “зээлийн бүтэц өөрчлөх” гэдэг/ хүсэлтээ хэрхэн өгөх вэ? Ямар төрлийн зээлийн хувьд хүсэлт өгөх боломжтой вэ?

Харилцагч та бизнес, орон сууц, цалин, хэрэглээ, автомашин, тэтгэврийн зээлийн бүтэц өөрчлөх хүсэлтээ https://zeel.golomtbank.com/ -д хандаж, цахимаар гаргах боломжтой. Харин кредит карт, төслийн зээл, хадгаламж барьцаалсан зээлийн бүтэц өөрчлөх хүсэлтийг авахгүй байгаа болно.

  1. МИК-ийн 5, 6, 8 хувийн орон сууцны зээлийн бүтэц өөрчлөх хүсэлтээ банканд ямар хугацаанд багтаан гаргах вэ?

МИК-ийн орон сууцны ипотекийн зээлийн хүсэлтийг 2021.01.30-ны дотор цахимаар хүлээн авна.

  1. МИК-д зарагдаж амжаагүй 5, 6, 8 хувийн орон сууцны зээлийн хувьд хэрхэн шийдвэрлэх вэ?

МИК-д зарагдсан орон сууцны ипотекийн зээлтэй ижил зарчмаар хойшлогдоно.

  1. Банкны энгийн орон сууц, хэрэглээ, цалин, бизнесийн зээлийн төлөлт хойшлуулах хүсэлтийг хэдний өдөр хүртэл хүлээн авч байгаа вэ?

Банкны энгийн зээл /МИК-ийн 5, 6, 8 хувийн орон сууцны зээлээс бусад/-ийн бүтэц өөрчлөх хүсэлтийг 2020.12.20-ны дотор цахимаар хүлээн авна.

  1. Байгууллагын зээлийн нөхцөл өөрчлөх зээлийн хүсэлтийг хэрхэн өгөх вэ?

Харилцагч байгууллага зээлийн бүтэц өөрчлөх хүсэлтээ corporate@golomtbank.com и-мэйл хаягаар илгээнэ үү. Банк хүсэлт гаргасан харилцагчидтай 2020.12.01-ний өдрөөс эхлэн эргэн холбогдож, тус байгууллагын санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэнэ.

  1. Гадаадад түр хугацаанд оршин суугаа, мөн хөл хорионд байгаа харилцагчдын хувьд зээлийн бүтэц өөрчлөх хүсэлт гаргах боломжтой юу? Хэрхэн гаргах вэ?

Боломжтой. Та хүсэлтээ https://zeel.golomtbank.com/ цахим хаягаар ирүүлнэ.

  1. Кредит карт, төслийн зээл, хадгаламж барьцаалсан зээлийн бүтэц өөрчлөх хүсэлтийг яагаад авахгүй байгаа вэ?

Харилцагч та кредит картын сар бүрийн доод төлөлтөө хийгээд буцааж ашиглах боломжтой байдаг тул төлөлтийг хойшлуулахгүй. Төслийн зээлийн хувьд эргэн төлөх хуваарийг Азийн хөгжлийн банк, Хөгжлийн банк зэрэг тухайн төслийг санхүүжүүлэгч байгууллагуудаас тогтоосон байдаг тул Голомт банк зээлийн бүтцийг дангаар өөрчлөх боломжгүй. Хадгаламж барьцаалсан зээл нь харилцагчийн хадгаламжийн дуусах хугацаатай уялдсан байдаг юм.

  1. Ажлаа хэвийн хийж буй, орлого нь саатаагүй бол зээлийн бүтэц өөрчлөх хүсэлт илгээх боломжтой юу?

Боломжтой. Гэхдээ харилцагч та зээлээ төлөхөд ямар нэгэн хүндрэл үүсээгүй бол хойшлуулахгүй байхыг зөвлөж байна. Учир нь МИК-ийн орон сууцны ипотекийн зээлээс бусад зээлийн хувьд төлөлтийг хойшлуулах нь хойшлогдсон хугацаанд хүү тооцогдож, зээл ба хүүний төлбөрүүд хуримтлагдан цаашид нэг дор өндөр дүнгээр төлөгдөх, улмаар таны өрийн дарамт нэмэгдэх сөрөг үр дагавруудтай байдгийг анхаарна уу.

  1. Хамтран зээлдэгч нь зээл хойшлуулах хүсэлт гаргах боломжтой юу?

Боломжгүй. Зөвхөн үндсэн зээлдэгч өөрөө хүсэлт гаргах шаардлагатай.

  1. Харилцагчийн утас болон и-мэйл хаяг өөрчлөгдсөн тохиолдолд цахимаар хүсэлт гаргах боломжтой юу?

Боломжтой. Харин банк тантай цахимаар болон биечлэн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээ хийхдээ Банканд бүртгэлтэй и-мэйлд хандах тул та Голомт банкны Интернэт банк болон Смарт банкны аппликэйшнээр орж утас, и-мэйл хаягаа шинэчлэх ёстойг анхаарна уу.

  1. Зарим банкнаас МИК-ийн орон сууцны ипотекийн зээлийг 2020.11.01-ний өдрөөс хойшлуулна гэж мэдээлэл өгч байна. Танай банк яагаад хүсэлт өгсөн хугацаанаас эхэлж хойшлуулахаар байгаа вэ?

Монголбанк болон МИК ОССК-аас бүх банканд 5, 6, 8 хувийн орон сууцны ипотекийн зээлийг хойшлуулах талаар нэгэн ижил заавар ирүүлсэн. Тус зааварт харилцагч хүсэлт гаргасан өдрөөс хойш 2021.07.01 хүртэл хойшлуулна гэж заасан байгаа болно. Үүнийг Монголбанкны зөвлөмжөөс лавлан харж болно. https://www.mongolbank.mn/news.aspx?tid=1&id=2674

  1. Банк цахим хүсэлт гаргасан харилцагчтай хэзээ эргэн холбогдох вэ?

Голомт банк 12 сарын 01-ний өдрөөс эхлэн харилцагчдын хүсэлт өгсөн дарааллын дагуу хүсэлтэд бүртгэгдсэн утас, и-мэйл хаягаар эргэн холбогдоно. Хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалж, тодорхой хугацаа орохоор байгааг ойлгоно уу.

  1. Хэзээнээс хойших төлбөрөө хойшлуулах боломжтой вэ? 2020 оны 11 дүгээр сарын төлөлтийг хойшлуулах боломжтой юу?

Та цахимаар хүсэлтээ өгсний маргааш өдрөөс хойших эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой. Харин өмнө нь төлөгдсөн зээлийн төлөлтийг буцаах боломжгүй юм.

  1. Зээл төлөх өдөртөө төлөлт хойшлуулах хүсэлт өгчихсөн байхад яагаад зээлийн төлбөр суутгаад эсвэл данс битүүмжлээд байгаа вэ?

Харилцагчийн үндсэн данснаас зээлийн төлбөр суутган авах гүйлгээ нь тухайн өдрийнхөө үүрээр хийгддэг тул банк хүсэлт хүлээн авсны маргааш өдрөөс хойших төлбөрүүдийг хойшлуулах боломжтой. Иймд харилцагч та хуваарьт өдрөөсөө урьтаж бүтэц өөрчлөх хүсэлтэй гаргана уу.

  1. Зээлийн бүтэц өөрчлөхөд ямар нэгэн шимтгэл, хураамж төлөх үү?

Зээлийн бүтэц өөрчлөхтэй холбоотой ямар нэгэн шимтгэл, хураамж төлөхгүй.

  1. Зээл болон кредит картын төлбөрт торгуулийн хүү бодогдох уу?

Голомт банк нь хөл хорио тогтоосон хугацаанд бүх зээл болон кредит картын торгуулийн хүүг зогсоосон байгаа болно.

  1. Төлөлт хойшлуулах хугацаанд хүү хуримтлагдах уу? Хуримтлагдсан хүүг хэзээ төлөх вэ?

МИК-ийн 5, 6, 8 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хувьд хүсэлт гаргасан өдрөөс 2021.07.01 хүртэлх хугацаанд хүү бодогдохгүй, хуримтлагдахгүй болно.

Харин банкны энгийн орон сууц, хэрэглээ, цалин, автомашин, тэтгэвэр, бизнесийн зээлийн хувьд төлөлт хойшлогдох хугацаанд хүү тооцогдож, хуримтлагдах бөгөөд харилцагч та хуримтлагдсан хүүг зээлийн төлөлт эхлэх сараас эхлэн тодорхой хугацаанд сар бүр хуваан төлнө.

  1. Яг ямар зээлийн хүүг царцааж байгаа вэ?

Зөвхөн МИК-ийн орон сууцны ипотекийн зээлийн хувьд хүүг царцааж байгаа буюу хойшлуулсан хугацаанд хүү тооцохгүй, хуримтлуулахгүй байгаа болно.

  1. Банкны энгийн зээлийн төлөлтийг хойшлуулахад яагаад хойшлуулсан хугацаанд хүү бодож байгаа юм бэ?

Банкны энгийн зээл нь иргэд, байгууллагын харилцах, хадгаламжийн эх үүсвэрээр санхүүждэг. Энэхүү эх үүсвэр нь хадгаламжийн хүү, үйл ажиллагаа, эрсдэлийн зардал гэх мэт өндөр өртөгтэй байдаг тул хүү бодолтыг зогсоох боломжгүй байдаг.

Харин МИК-ийн орон сууцны ипотекийн зээлийн хувьд эх үүсвэрийн дийлэнх хувийг төрөөс хөнгөлөлттэйгээр санхүүжүүлдэг тул богино хугацаанд хүүг царцаах боломж үүсдэг юм.

  1. Хугацаа хэтэрсэн өртэй зээл байгаа тохиолдолд хэрхэн шийдвэрлэх вэ?

Банк хугацаа хэтэрсэн өртэй зээлийн бүтэц өөрчлөх хүсэлтийг мөн адил хүлээн авч буй бөгөөд харилцагч тус бүр дээр судалгаа хийж шийдвэрлэнэ. Судалгааны явцад харилцагчтай эргэн холбогдох болно.

  1. Даатгалын төлбөр яагаад хойшлогдохгүй байгаа вэ?

Энэхүү зээл хойшлогдох хугацаанд харилцагчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, бизнест учирч болзошгүй гэнэтийн эрсдэл арилахгүй хэвээр байх тул даатгалын төлбөр сар бүр хэвээр төлөгдөнө.

  1. Зээл, хүүгээ төлөх өдөр нь болсон хэдий ч банкны таталт хийгдээгүй байна. Иймд миний зээл хойшилсон гэсэн үг үү?

Банк хүсэлт гаргасан иргэдийн зээлийн автомат суутгалыг түр зогсооно. Харилцагч та банктай нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулсны дараа төлөлтийг албан ёсоор хойшлуулна.

  1. Харилцагч зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг хэрхэн баталгаажуулах вэ?

МИК-ийн 5, 6 8 хувийн орон сууцны зээлийн хувьд МИК ОССК-аас тодорхой чиглэл ирсний дараа танд эргэн мэдээлэх болно.

Иргэдийн бусад зээлийн хувьд банк нэмэлт өөрчлөлтийн гэрээг цахимаар эсвэл шуудангаар баталгаажуулах боломжийг бүрдүүлнэ. Энэхүү боломж бүрдмэгц танд эргэн мэдэгдэх болно.

Харин байгууллагын зээлийн хувьд Харилцагч та хөл хорио цуцлагдсаны дараа банканд биечлэн очиж зээлийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зурах шаардлагатай.

  1. Хадгаламж барьцаалсан зээлээ төлөхгүйгээр цуцалж, хааж болох уу?

Хадгаламж барьцаалсан зээлээ хаасны дараа хадгаламжийн дансыг сунгах эсвэл хаах боломжтой болдог. Иймд та Голомт банкны лавлахтай холбогдон, хадгаламж барьцаалсан зээлээ хаалгах хүсэлтээ өгнө үү.

  1. Зээл төлөхдөө бусад банкны мобайл банкнаас шилжүүлж болох уу?

Мобайл банкнаас банк хоорондын шилжүүлэг хийх боломжгүй байдаг. Харин гар утасны Смарт банк аппликэйшн эсвэл Интернэт банкнаас бусад банк руу шилжүүлэг хийх боломжтой. Харилцагч та зээл, хүүгээ төлөхдөө зээлийн гэрээнд тусгасан үндсэн данс руу зээлийн төлбөрөө шилжүүлнэ.