С.Батчулуун: Ерөнхийлөгч дахин нэр дэвших юм бол энэ гэрээг биелүүлсэн байх ёстой

Aдмин / Хууль

“Ард түмний онц зөвлөл” буюу “АТОЗ” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч С.Батчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед оффшорын асуудал олны анхаарлын төвд ороод байна. “Ард түмний онц зөвлөл” буюу “АТОЗ” хөдөлгөөн 2017 онд оффшорчидтой тэмцэх зорилгоор үүсэн байгуулагдаж байсан шүү дээ. Танай хөдөлгөөн анх үүссэн цагаас эхлээд оффшортой тэмцэх чиглэлд ямар үр дүнтэй ажилласан гэж үзэж байна вэ?

-2016 онд Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум Панамын баримт бичгийг цацсан. Би өөрөө улстөрч хүний хувьд түүнээс ч өмнө Монголын улс төрийн голомт нэг л биш, сэтгэлд хүрэхгүй байгааг анзаардаг байсан. Дэлхий дахинд зарлагдсан оффшорын ноцтой баримт бичиг дэлгэгдэж, түүнд Монголоос 49 иргэн холбогдсон байгааг харахад Монгол төрийн голомт бохирдсон гэдэг нь тодорхой болсон. 1990 оны Ардчилсан хувьсгалд оролцож явсан анхдагч гишүүний хувьд надад олон зүйл бодогдсон. Ингээд энэ асуудалтай тэмцэх хүчирхэг байгууллага байгуулъя гэж шийдсэн. Оффшортой тэмцлээ гээд би юу хожих вэ? Харин үр дүнд хүрч чадвал миний үр хүүхэд, Монголын ирээдүй арай эрүүл нийгэмд амьдарна. Ийм учраас төр, нийгэмд үйлчлэх ард түмний нэгдэл буюу “Ард түмний онц зөвлөл” төрийн бус байгууллагыг санаачилж, үүсгэн байгуулсан. Энэ бол тодорхой зорилготой байгууллага, улс төрийн нам шиг карьер хөөх байгууллага биш. Зорилгодоо хүрвэл татан буулгаж ч болно. Эхний ээлжинд АТОЗ-өөс УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлсэн ч тэр үеийн УИХ-ын гишүүд, УИХ-ын дарга дүлий царайлсан. Иймд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маш товчхон хариулт өгсөн. “Дэмждэггүй юм аа гэхэд эсэргүүцэх арга алга” гэж хэлсэн. Энэ бол 2017 оны өдий үед болсон явдал.

Би бол үндсэн зорилгоо анхнаасаа мэдэж байсан. Төрийн бус байгууллагууд төв талбайд гарч жагсаад, шаардлага хүргүүлээд амжилтад хүрчихдэггүй. Иймд “АТОЗ” бусад төрийн бус байгууллагуудаас өөр арга менежментээр явъя гэж шийдсэн. Жагсаж цуглаж, орилж хашгирахаас илүү маш ухаалаг гэрээ хийе, үүнийг дараагийн Ерөнхийлөгчтэй байгуулъя, тэр гэрээгээр маш том хариуцлага тооцъё гэдэг санаа төрсөн. Одоо энэ гэрээ үйлчилж байна. Энэ гэрээг дөрвөн жил мартаж болно. Гэхдээ энэ гэрээнд орсон нэг чухал заалт нь “гэрээг хэрэгжүүлэхийн төлөө арга хэмжээ авахгүй бол сайн дураараа огцорно” гэсэн заалт юм. Тийм учраас одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших гэж байгаа бол энэ гэрээг хэрэгжүүлэхийн төлөө явахаас өөр арга байхгүй.

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “АТОЗ” болон нэр дэвшигч Х.Баттулга Ард түмний гэрээ байгуулсныг санаж байна. Бусад нэр дэвшигчид нь санал тавьсан уу? Яаж хүлээж авсан бэ?

-Ер нь ийм гэрээг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч зүгээр ч нэг байгуулчихгүй. “АТОЗ”-тэй гэрээ байгуулах юм бол ард түмний саналыг авна гэсэн ойлголт төрөх хэмжээнд байхын тулд манай байгууллага 2017 оны хавар улс төрийн акцуудаа хийсэн. Үүний үр дүнд “АТОЗ” маш олон дэмжигчтэй болсон. Ингээд бид 2017 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболд, С.Ганбаатар, Х.Баттулга нарт гэрээний төслөө явуулсан. Энэ гэрээний хамгийн нандин заалт нь “оффшорын мөнгийг оруулж ирэхгүй юм бол огцорно” гэдэг заалт. Үүнийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурвал энэ гэрээ өөрөө үйлчилнэ гэдэг зорилготой.

МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарт энэ гэрээг байгуулах эрмэлзэл маш их байсан боловч өөрийн эрх мэдэлгүй байсан учраас байгуулж чадаагүй. МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын зүгээс надтай хоёулхнаа уулзах санал тавьсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэрээний төслийг хүлээн аваад ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь манай гэрээн дээр ажиллаад дүн шинжилгээ хийсэн байх. Хэд хоногийн дараа Х.Баттулга нэр дэвшигчийн зүгээс энэ гэрээ бол миний өөрийн хүсэж яваа зүйлтэй нийцэж байна, гэрээ байгуулъя гэсэн хариу өгсөн. Ингээд гэрээг байгуулсан.

Хэрвээ Ард түмний гэрээг аль ч нэр дэвшигч хүлээж аваагүй бол энэ ажил тэр жилдээ нас барах байсан. Хүлээж авсан учраас гүйцэтгэлийг нь гурван саяулаа хараад сууж байна. Гэрээ хийчихээд хэрэгжүүлэхийг эрмэлзэхгүй байх нэг тал байна. Бид талбай дээр хэд хэд жагсаад л дуусна. Гэвч Х.Баттулга хэлүүлэлтгүй хийсэн. Яагаад гэвэл анх гэрээ байгуулахдаа бидэнд хэлсэн. Анхнаасаа Ерөнхийлөгч болъё гэдэг нь оффшортой тэмцэх хүсэл зориг байсан байх. Өөрийнх нь санаанд таарсан болоод л байгуулсан байх гэж боддог.

-Ард түмний гэрээг ямар баримт бичиг, хууль тогтоомжид үндэслэж боловсруулсан бэ? Ард түмний гэрээ гэж нэрлэхийн тулд нийт ард иргэдийн дэмжлэгийг олох ёстой байх. Хэдэн хүн гарын үсэг зурсан юм бэ?

-Бид гэрээнийхээ төслийг Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцуудын дагуу боловсруулсан. Бүх заалтаар нь ярина гэвэл цаг хүрэхгүй. 200 орчим нүүр гэрээ байгаа.

Өнөөдрийн байдлаар манай гэрээнд 1.1 сая сонгогч гарын үсэг зурсан байна. Энэ бол бидний дөрвөн жилийн ажлын дүн. Тиймээс хүссэн ч хүсээгүй ч Ерөнхийлөгч энэ гэрээг биелүүлэх ёстой.

Манай байгууллага улс төрийн нам биш учраас хатуу гишүүнчлэлгүй. Дэмжигчдээ бүртгэж байгаагүй, бүртгэх ч сонирхол байхгүй. Нийгэмд хүргэх мэдээллүүдээ хүргэдэг.

-Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хугацаанд Ард түмний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадсан гэж “АТОЗ” үзэж байна уу? Биелүүлж чадахгүй бол огцрох заалттай гэж та дээр хэллээ шүү дээ.

-Гэрээ хийснээс хойш нэг хэсэг Ерөнхийлөгч юу ч хийхгүй байгаа юм шиг харагдаж байсан. Гэвч бид гэрээндээ итгэж байсан. Ерөнхийлөгч дахин нэр дэвших л юм бол энэ гэрээг биелүүлсэн байх ёстой. Оффшортой тэмцэх нь маш хүнд ажил гэдгийг ч бид ойлгож байсан. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс шаардаж шахуулаагүй. 2017, 2018, 2019 онд бидний зүгээс ч Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьж байгаагүй. Хэрвээ энэ гэрээнд гарын үсэг зурчихаад биелүүлэхгүй бол 2021 оны сонгуулиар “АТОЗ” Ерөнхийлөгчийн хувьд сөрөг хүчин болно. Бид үүнд найдсан.

“АТОЗ”-ийн хийсэн нэг чухал ажил нь дээр дурдсан хоёр конвенцыг гаргаж ирж тавьсан явдал. Энэ хоёр конвенцыг одоогийн Ерөнхийлөгчид санал болгосон.

-Таны дурдсан хоёр конвенцыг хэрэгжүүлэхгүй байгаа учраас Монгол Улс оффшортой тэмцэж чадахгүй байна гэж та үзэж байна уу?

-Монгол Улс энэ конвенцуудад элсчихээд огт хэрэгжүүлэлгүй дарчихсан шүү дээ. Яагаад гэвэл элссэн конвенцуудаа орчуулаад үзсэн чинь төрийн өндөр албан тушаалтан хулгай хийхийг хориглосон гэрээ байхгүй юу. Хамгийн чухал заалт нь гэхэд, аливаа улсын төрийн өндөр албан тушаалтан өөр улсын өөрийн адил төрийн өндөр албан тушаалтантай улсынхаа ашиг сонирхлыг зөрчин ашиг сонирхлын гэрээ хийхийг хориглоно гэж байгаа юм. УИХ-ын гишүүд ч энэ конвенцуудын талаар сайн мэддэггүй. Хамгийн харамсалтай нь Оюу толгойн гэрээг байгуулахдаа энэ конвенцуудаа барьж байгаад хийсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй.

Бүх асуудлын гогцоо энэ хоёр конвенцид байгаа. Монгол орон дэлхийн хүчирхэг орон биш. Тиймээс нэгэнт нэгдээд орчихсон конвенцуудынхаа зүйл, заалтыг мөрдөөд явах хэрэгтэй. Конвенцид нэгдсэн 100 гаруй орон бүгдээрээ л биелүүлэх ёстой. Манай УИХ нэгэнт соёрхон баталсан конвенц учраас хэрэгжүүлэх ёстой. Хэрвээ манай улс дээрх конвенцуудаар хүлээсэн үүргээ биелүүлж байсан бол авлигачид, оффшорчид ингэж даврахгүй.

Иймд Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцыг ард түмэнд таниулах нь “АТОЗ”-ын ажил гэж бид үзсэн. Ингээд 2017 оны хавар НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, зарим орны ЭСЯ, олон улсын байгууллагуудад Монгол Улс энэ конвенцуудыг зөрчиж байгаа талаарх мэдээлэл хүргүүлсэн. FATF-ийн зүйл заалтуудыг зөрчиж байна гэдгийг нь мэдэгдэж, хар, саарал жагсаалтад оруулсан хүмүүс нь бид гэж үздэг. НҮБ-ын конвенцид “тухайн улсын энэ чиглэлийн төрийн бус байгууллагын хүсэлтийг Засгийн газрын хүсэлтээс дээгүүрт тавьж үзнэ” гэсэн заалт бий. Энэ заалтад үндэслээд бид Монгол Улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцыг уландаа гишгэж байна гэдэг мэдээллийг өгсөн. Монгол Улс хар, саарал жагсаалтад ороход нөлөөлсөн олон асуудал байдаг байх. Тэдгээрийн нэг нь бидний өгсөн мэдээлэл гэж бид үздэг. Тухайн үед биднийг “эх орноо хар жагсаалтад орууллаа” гэж шүүмжилж байсан. Төр бидэнд уурлаж байсан. Нөхцөл байдал ийм байхад оруулахгүй яах юм бэ? Оруулж байж л төр сэрж санана, зөв бодлого хэрэгжүүлнэ шүү дээ.

-Танай хөдөлгөөн үүсэн байгуулагдсан 2017 оны үеийг 2021 онтой харьцуулбал оффшортой тэмцэх чиглэлд хэр ахиц дэвшил гарсан гэж үзэж байна вэ?

-Тэр үед хүмүүсийн мэдлэг, ойлголт их муу байсан шүү дээ. Оффшор гэдэг үгийг янз янзаар хэлнэ, бичнэ. Оффшор бүсүүд бол банк, санхүүгийн чиглэлээр дэлхийд их өндөр итгэл хүлээсэн орнууд. Панамын баримт бичиг сөхөгдөх хүртэл монголчууд энэ талаар мэдлэггүй байсан. Би ч гэсэн сайн ойлгодоггүй байсан. Би эдийн засагч, банк, санхүүгийн мэргэжилтэн биш. Гэсэн ч судлахаас өөр аргагүй болсон. “АТОЗ”-ын явуулсан ажлын нэг чухал үр дүн нь өнөөдөр Монголд оффшор гэхээр мэдэхгүй хүн байхгүй болсон.

-Ерөнхийлөгч Х.Баттулга ч өөрөө оффшортой юм биш үү? Хэвлэлээр тэгж бичээд байна шүү дээ. Та бүхэнд эргэлзээ төрж байв уу?

-Тэгэлгүй яах вэ. Х.Баттулгатай гэрээ хийдэг нь зөв үү, буруу юу, бас нэг оффшорчинтой гэрээ хийчихсэн юм биш үү гэж би эргэлзэх ёстой. Гэхдээ дэлхий дээр 150 гаруй оффшор бүс бий. Миний хамгийн их сонирхдог нь Хонг Конг, Сингапурын бүс нутаг. Энэ бүс нутаг дахь оффшор мөнгөний асуудал Панамын баримт бичиг шиг задрах юм бол юу гарч ирэхийг хэн ч мэдэхгүй. Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас өөрсдийн гаргаж тавьсан баримтын өмнө хариуцлага хүлээдэг, эх сурвалжаа баталдаг. Дэлхийн 100 гаруй орны оффшорчдыг зарлахад нэг нь ч худлаа мэдээлэл байна гээгүй. Энэ бол эх сурвалж нь хөдөлшгүй, яаж ч няцааж болохгүй баримт бичиг гэж үздэг. Панамын баримт бичгийн дагуу БНХАУ, ОХУ, Англи зэрэг орнууд оффшорчдоосоо салж байна.

-Оффшорын асуудал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хурцаар хөндөгдсөн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд эхэлсэн үед буюу өнгөрсөн оны сүүл үеэс эхлээд оффшорын асуудалд олны анхаарлын төвд дахин орлоо. Ер нь оффшорын асуудал Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор босож ирдэг асуудал юм уу гэж олон нийтийн зүгээс харж байгаа байх?

-Олон нийт яг л тэгж хардаг. Чи нөгөө 17 тэрбум доллар оруулж ирнэ гэсэн, яасан бэ, чи амаа таглуулсан уу гэж асуудаг. Надад ийм асуулт өдөр бүр ирдэг. Гэхдээ энэ амар ажил биш. Би Туул голоос хувингаар ус утгаад ирэхтэй адил ажил биш. Малын хулгайчийг мөрдөхтэй зүйрлэхгүй ажил. Монгол Улсад үүрлэсэн луйварчид, залилангийн гэмт хэрэгтнүүдийг мөрдөхөөс ч хэцүү ажил. Яагаад гэвэл олон улсын харилцан ойлголцол, улс орнууд хоорондоо санал нэгдэх хэмжээнд явагддаг. Энийг иргэд тэр бүр ойлгодоггүй.

Өнөөдөр энэ ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл амархан хийчихгүй байгаа биз дээ? Үүнийг Монголын төр л хийхгүй юм бол, УИХ-ын гишүүд, дарга, Ерөнхий сайд нь эрмэлзэхгүй юм бол хэзээ ч бүтэхгүй ажил.

-Тэгэхээр төр, засаг оффшорын асуудлаар яаж ажиллах ёстой юм бэ?

-Ер нь оффшор бүсээс мөнгө орж ирэх асуудал хууль эрх зүйн орчны хувьд их заримдаг шинжтэй байгаа. Яагаад гэвэл Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, Үндэстэн дамжсан мөнгө угаах санхүүгийн гэмт хэргийн эсрэг конвенцид 2005 онд элсчихээд дарчихсан байхгүй юу. Уул нь дээрх конвенцын заалтуудыг Эрүүгийн хууль, Захиргааны хэргийн шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хууль зэрэг шаардлагатай хуулиудад оруулж батлах юм бол Сингапур шиг болно. Сингапур авлигаас ингэж л салсан. Сингапур газрын доорх баялаггүй хэрнээ өндөр хөгжлөө. Авлигатай тэмцэж чадсан учраас ингэж хөгжсөн хэрэг. Одоо бол манай төр, засаг таг дүлий байна шүү дээ.

-“АТОЗ” цаашид ямар үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? Тэмцлээ хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Цар тахлын хөл хорионы улмаас манай үйл ажиллагаа хязгаарлагдмал байлаа. Бид одоо оюунлаг байдал, мэдлэг боловсролоо ашиглан бичиг цаасны хэлбэрээр тэмцлээ үргэлжлүүлнэ. Мөн бидэнд олгогдсон эрхийнхээ дагуу тэмцэлд орно. Ер нь бидний ажилд хамгийн их хүндрэлийг ард түмэн үзүүлдэг. “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав” гэгчээр өөрт нь тусалж, санаа тавих гэсэн хүнтэй заргалдана гэдгийг манай ард түмэн хийж байна. Тэр нь юу вэ гэхээр оффшорчдыг дахиад л сонгочихдог. Монгол хүн бүр энэ талаар эргэцүүлж бодох хэрэгтэй.

Гэхдээ яг энэ асуудлыг ард түмэн эсэргүүцэхгүй байх гэж найдаж байна. Зүй зохистой алхам гэж харах байх. Нийгмийн ой санамж амархан мартдаг. Сая хууль, шүүхийнхэн ёс бус асуудалд холбогдлоо гэж байна. Гэхдээ Ё.Сагсай гэдэг прокурор иймэрхүү асуудалд холбогдож байсан. Мөн Үндсэн хуулийн цэцийн дарга ч ёс зүйгүй асуудалд орооцолдож байсан. Одоо нийгэм мартчихсан байгаа биз? Тэгэхээр оффшорын асуудлыг ард түмэн тэгээд л мартчихна. Бид дараагийн ээлжид гэрээнийхээ төслийг дараагийн УИХ-ын гишүүдэд таниулахын төлөө ажиллана.

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН З.БОЛД


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.68] 2021-02-28 19:24:41

Энэ нөхөр чинь бөөрөнхийлөөд дүлэгнээд байх юм. Нэг ТББ-д том нэр өгчихөөд тэрүүгээр мөнгө хийгээд явдаг хүн байна л даа. Энэ байгууллагатай гэрээ хийсэн хийгээгүй Ялах нэг нь ялаад л явна шүү дээ

Зочин [66.181.161.44] 2021-02-27 19:16:39

Ерөнхийлөгч болохоороо маргаашнаас оффшороос их хэмжээний мөнгө оруулж ард түмний өрийг дарна гээд 4 жил худлаа шаалаа юу ч өөрчлөгдсөнгүй. Шагнал замбраагүй тараалаа хийсэн юм ганц алга муу жонхуу

Зочин [64.119.18.98] 2021-02-27 18:58:32

Битгий горьд. Женког байхад Оффшор, Оюутолгой, Хонгил гуравт ямарч ахиц өөрчлөлт гарахгүй

Zochin [66.181.161.78] 2021-02-27 15:40:19

Haana bna ter 60 ter bum offshar koruulj ur darah nitatvar tulugchiin munguur undsen huuli zurchij bj heden ahmaduudiig zeeltei zeelguigeer ni ylgavrlan gaduurhaj zarimd ni 6 sayiig ni teglej zarimd ni gants sayiin surgiig tsonhnii tsaanaas zadgai munguur huursnaas uur yu hiisiin

Зочин [202.126.90.18] 2021-02-27 09:08:12

Jenkogiin hugshin buunii nohoi bairnaasaa garch hursaj ehlev daa ch ard tmnii esreg hutsna daa

Зочин [59.153.84.139] 2021-02-25 17:03:34

Доржханд гэж бас нэг салхинд хийссэн хамхуул гараад ирлээ. Гал түймэрлүү хийсч орж сүйд болох вэ дээ хөөрхий

Зочин [59.153.114.74] 2021-02-25 15:01:07

ОФФШОРТОЙ ТЭМЦЭЭД ГАРГААД ИРСЭН НЬ ХАА БАЙНА. ОФФШОРТОЙ ТЭМЦЭНЭ ГЭЭД ЯРИХААР ОЛОНД ТАНИГДАНА БАС ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХДОГ ЮМ ГЭЭД БОДООД ЯРИАД БАЙГАА ЮМАА БОЛИ АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ТЭНЭГ ЮМ ЯРИХАА БОЛИ

Зочин [66.181.161.115] 2021-02-25 13:22:37

Өчишдөр сү. Батболдын овшоорийн талаар үзлээ. Хүн намын дарга доржханд яагаад eрөнхийлэгч лүү дайраад байгаа нь. Тэр Уланбаярын Туул гэдэг нь одоо суусан эхнэрийх нь. Дүү нь учираас

Зочин [66.181.161.34] 2021-02-25 12:45:21

СҮ ч нэг их татагдчих эр биш ээ , Сү - г УИХ - ээс татна гээд монголчууд босох юм гэнэ , харин тэгсэнд орвол : " монголчууд аа , гадаад өрийн чинь 80 : - г даая - намайг ерөнхийлөгч болгочих " гэвэл " - монголчууд 99,99 :% саналаа өгнө ... Өөрөө ч " ам халсан " үедээ нэг иймэрхүү " наймаа - ямарав " гэсэн үг унагаасан гэдэг юм ...


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.