Ажлын хэсгийн гишүүд Биеийн тамир, спортын улсын хорооны үйл ажиллагаа болон зарим дүүргийн спорт цогцолборын барилгын үйл явцтай танилцлаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн нар өнөөдөр (2021.05.12) Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон түүний харьяа нийслэлийн зарим дүүргийн спорт цогцолборын барилгын явцтай танилцлаа.

Биеийн тамир, спортын тухай хуулийг 2003 онд баталж, 2017 онд таван бүлэг, 29 зүйл бүхий шинэ хуулийг баталсан бөгөөд 2020 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн 2019 онд Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн 11 актыг батлуулсан.

“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт биеийн тамир, спортын салбарын бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэх хэд хэдэн зорилтыг дэвшүүлсэн байдаг.

Биеийн тамир спортын салбарын удирдах байгууллага болох Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороог Засгийн газрын 2020 оны 47 дугаар тогтоолоор бүтэц, зохион байгуулалтын хувьд өөрчлөн Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллага болгосон. Уг тогтоолоор нийт 72 хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар баталсан ч одоогийн байдлаар 48 хүний орон тоотойгоор ажиллаж байна. Тус агентлаг найман нэгжтэй бөгөөд улсын хэмжээнд харьяа 31 байгууллагыг хариуцан хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпын түвшинд хүргэх үндсэн зорилготой ажилладаг.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад өмчийн бүх хэлбэрийн 686,880,0 мкв талбай бүхий 1068 спортын заал, 3360288 м.кв талбай бүхий 852 спортын гадаа талбай үйл ажиллагаа явуулж, ашиглагдаж байна. Засгийн газрын 2019 оны 247 дугаар тогтоолоор 32 спортын төрлийн 701 нэр төрлийн тоног, төхөөрөмж хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан. 2013 онд 271 сая төгрөгийн спортын хэрэглэл, тоног төхөөрөмж орж ирсэн бол дээрх хуулийн өөрчлөлтийн хүрээнд 2020 онд 46 аж ахуйн нэгж, 5 иргэний импортолсон нийт 2,8 сая ам.долларын үнэ бүхий спортын зориулалттай тоног, төхөөрөмж, хэрэглэлд ногдох 379,2 сая төгрөгийг гаалийн албан татвараас чөлөөлсөн гэдгийг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц хэллээ.

Мөн тэрбээр, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад байна. Иргэдийн бие бялдрын хөгжлийг үнэлэх, тогтолцоог сайжруулах хүрээнд хүний биеийн био метрийн үзүүлэлт, биеийн 5 чанарын үзүүлэлтийг тодорхойлох, “Биеийн тамир, спортын үйлчилгээ”-ний зөвлөмж өгдөг механизм бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг онцлохын зэрэгцээ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сумдад орон тооны биеийн тамирын арга зүйчийг ажиллуулах чухал заалт тусгасан. Үүнийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны жилийн эцсийн байдлаар 60 арга зүйч ажиллаж байгаа бол 2022 онд 50, 2023 онд 90, 2024 онд үлдсэн 130-аар нэмэгдүүлж, нийт 330 суманд биеийн тамир хариуцсан арга зүйчтэй болно гэж байлаа.

2016 оноос эхлэн биеийн тамирын салбарыг цахимжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Салбарын мэдээллийн дэд бүтцийг байгуулах хүрээнд босоо удирдлага зохион байгуулалтын тогтолцоонд ажиллах болсноор 32 байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээг бий болгох, удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаанд программ хангамжийг нэвтрүүлэх, нийт 747 албан хаагчдыг техник хэрэгслээр хангах, холбогдох сургалт, заавар, дүрмийг боловсруулах ажлуудыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Салбарын үйл ажиллагааг цахим суурьтай болгох хүрээнд нэгдсэн мэдээллийн цахим сангийн программ хангамжийг хөгжүүлж байна. Дээрх сангийн хөгжүүлэлтийн хүрээнд цол зэргийн систем, статистикийн систем, шигшээ багийн систем, спортын байгууллагын систем, спортын тэмцээн уралдаан, сорилын системүүдийг тус тус хөгжүүлэн салбарын үйл ажиллагааны нэгдсэн платформ үүсгэсэн. Салбарын үйлчилгээг цахим суурьтай болгох хүрээнд мэдээллийн цахим сандаа тулгуурлан цол зэрэг, тэмцээн уралдаан, сорил, ажил үйлчилгээг “e-Mongolia” системд холбох суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн мэдээллийн цахим сантай холбогдон ажиллах спортын контентыг бий болгохоор төлөвлөн эхний ээлжид үндэсний спорт болон бие бялдрын түвшин тогтоох сорилоор цахим контент хөгжүүлэхээр төлөвлөн ажлыг эхлүүлээд байна. Хэрэглэгчийн нэгдсэн систем хөгжүүлэх хүрээнд салбарын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд нэгдсэн мэдээллийн цахим сангийн хөгжүүлэлтийн ажил хийх явцад тодорхой хэмжээний дата, мэдээлэл үүсэх, энэхүү өгөгдлүүдийг холбогдох стандарт шаардлагад нийцүүлэн салбарын үйл ажиллагаанд оролцогч талууд зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд уян хатан байдлаар ашиглах боломжийг бүрдүүлсэн хэрэглэгчдийн нэгдсэн систем хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл танилцуулав.

Биеийн тамир, спортын салбарт нэгдсэн бодлого, төлөвлөлт, төсвийн үр ашигтай хуваарилалт, хөрөнгө оруулалт дутагдсаар ирснийг салбарынхан хэлж байна. Тухайлбал, Биеийн тамир, спортын улсын хорооны 2021 оны төсөв 16 орчим тэрбум төгрөг батлагджээ. Салбарын хэмжээний төсөв, хөрөнгө оруулалт 40-50 тэрбум төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа нь улсын нийт төсвийн 0.5 орчим хувийг эзэлж байна. Батлагдсан төсвийн дийлэнх хувийг тамирчдыг бэлтгэх, тэмцээн уралдаанд зарцуулдаг бөгөөд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх арга хэмжээнд хүрэлцдэггүйг тус хорооныхон гишүүдэд уламжилж, цаашид улсын төсвийн ядаж 1.0 хувийг биеийн тамир, спортын салбарт зарцуулахад анхаарах хэрэгтэйг хэллээ.

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг таван сарын өмнө эхлүүлжээ. Энэ төв нь судалгаа шинжилгээ, туршилт хийх, сургалт дасгалжуулалтын шинэ арга барил нэвтрүүлэх, үндэсний шигшээ багийн тамирчдаас бэлтгэлжилтийн түвшин тогтоох сорил авах, биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчдад сургалт зохион байгуулахаас гадна биеийн тамир, спортоор хичээллэгч иргэд, олон нийт, тамирчдад спортын анагаах ухааны лавлагаа тусламж, спортын гэмтлийг эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээг амбулатори хэлбэрээр үзүүлдэг.

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн суурь болгож Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2017 онд 287.0 сая төгрөгийн нөхөн сэргээх эмчилгээний хамгийн дэвшилтэд тоног төхөөрөмж, 2019 онд 270.0 сая төгрөгөөр тамирчдын дээд, доод үе мөчний ажиллах чадварыг тодорхойлох, сэтгэл зүйн байдлыг тодорхойлох, биеийн баланс тодорхойлох гэх мэт судалгааны багаж, тоног төхөөрөмж, биомеханик, биеийн хөдөлгөөнд анализ хийдэг “Dartfish” программ сургалт дасгалжуулалтад нэвтрүүлсэн байна.

Гишүүдийг ажиллах үеэр тус төвд Япон улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид сорил тестүүдээ өгч байлаа. Цаашид тоног төхөөрөмжүүдийн тоог нэмэх шаардлагатай гэлээ.

Спортын төв сургуулийн барилгын ажлыг эхлүүлэхэд дэмжлэг хүслээ

Улсын хэмжээнд спортын төрөлжсөн сургалттай 12 сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний нэг нь Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль бөгөөд 2009 онд байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл Спортын төв ордонд байрлаж, үйл ажиллагаагаа байна. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд 2 га газрыг холбогдох байгууллагуудаас шийдүүлж, барилгын зураг төслийн ажлыг бэлэн болгосон ч санхүүжилтийн асуудал тулгарчээ.

Тус сургууль жилдээ 70-80 хүүхдийг спортын 8 төрөлд сонгон шалгаруулж авдаг байна. Одоогийн байдлаар 500 гаруй сурагч, 60 гаруй багш, дасгалжуулагч, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийг багаас нь спортоор хичээллүүлж, тамирчдын залгамж халааг бэлтгэхэд төрөөс санхүү хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, хүний нөөцийг бэлтгэх зэрэг асуудлыг цогцоор нь урт хугацааны нэгдсэн бодлогоор дэмжих хэрэгтэйг сургуулийн захирал Ч.Зоригтбаатар хэлж байлаа. Тус сургуулийн төгсөгчдөөс гурван тамирчин “Токио- 2020” олимпын эрхээ авчээ.

Биеийн тамир, спортын салбарт улсын төсвийн 1.0 хувийг зарцуулах хэрэгтэй гэв
Спортын төв ордны барилгын хувьд 1958 онд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан. Барилгыг шинэчлэх шаардлагатай ч санхүүжилтийн асуудал мөн л тулгарчээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ТЭЗҮ-г шинэчлэх талаар тусгасан. Төсвийн хөрөнгө хүрэлцэхгүй учраас гадаадын зээл, тусламжид хамруулах ажлыг судалж эхэлжээ. Төсөв хөрөнгө хангалтгүй ч өөрсдийн боломжоор заал, танхимууддаа засварлаж, тамирчдын хувцас солих өрөө, ариун цэврийн өрөөг засжээ.

Газрын өмчлөлтэй холбоотой маргаан биеийн тамир, спортын салбарт ч тулгарчээ. Өмнөх удирдлагуудын хариуцлагагүй байдлаас болж алдсан газруудаа эргүүлэн авах ажлуудыг эхлүүлж, Техник спортын төвийн барилгыг 6 жил шүүхээр явсны эцэст 2019 онд гурван шатны шүүхийн шийдвэрээр төрийн өмчид буцаан авч чаджээ. Мөн хэд хэдэн газрын маргаан шүүхийн шатанд явж байгааг салбарынхан хэллээ.

УИХ-ын ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн Нийслэлийн Сүхбаатар болон Баянзүрх дүүргүүдийн спорт цогцолборын барилгын үйл явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Сүхбаатар дүүргийн спорт цогцолборын барилгын ажлыг МУИС-ийн 4 дүгээр байрны хойно 2011 оноос баригдаж эхэлсэн. МУИС болон дүүргийн спорт хорооны дунд газрын маргаан шийдэгдэхгүй явсаар 2018 оноос барилгын ажлыг үргэлжлүүлжээ. Тус барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2015 онд зохион байгуулж “Грийн ресурс” ХХК шалгарчээ. “1000 хүний суудалтай, 25х15 хэмжээтэй усан бассейн, спорт заал бүхий дүүргийн спорт цогцолборын санхүүжилтэд энэ оны төсөвт 1.5 тэрбум төгрөг тавигдсан. Нийт гурван блок барилга баригдана. Үндсэн барилгын ажил 40 хувьтай явж байна. Захиалагч байгууллагатай гэрээгээ сунгасны дараа ирэх 6 дугаар сараас ажлаа барилгын ажлыг эхлүүлнэ” гэж талбайн инженер Б.Улсболд хэлэв.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа тус дүүргийн спорт цогцолборын барилгын асуудал дөрвөн яам, 12 сайдын “нүүр” үзжээ. Баянзүрх дүүргийн 1000 хүний суудалтай, усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил анх 2013 онд эхэлсэн. Барилгын гүйцэтгэл 80 хувьтай явж байгаа ч үерийн аман дээр баригджээ. Үүнээс үүдэн барилгын ажил цааш үргэлжлэхэд хүндрэл үүссэн учраас үерийн далангийн асуудлыг шийдэх шаардлагатай. Зураг төслийг нь гаргаж, ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон ч төсөвт мөнгө байхгүй. 2018 оноос хойш санхүүжилт тавигдаагүй. Барилгын үлдсэн гүйцэтгэлийг одоогоор хийх боломжгүй болсон. Төсөвт өртөг 3.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Үүний дийлэнх зардал нь үерийн даланд зарцуулагдахаар байна гэдгийг “Атимос трейд” ХХК-ийн захирал Я.Батцэцэг ажлын хэсгийн гишүүдэд уламжлав.

УИХ-ын ажлын хэсгийн гишүүд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт оновчгүй, нэгдсэн бодлогогүй явж ирсэн нь төсвийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байгааг тэмдэглээд спортын салбарыг тогтолцоог шинэчилж, цогц бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Мөн нийтийн бие тамирыг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд ирэх сард багтаан холбогдох дүгнэлт, шийдвэрийн төслөө Байнгын хороонд танилцуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

[66.181.179.26] 2021-05-13 21:31:39

тендерээр гүйцэтгэгчид нь тендерт ирүүлсэн мөнгөнөөс илүү мөнгөөр санхүүжүүлдэгээ больчих. тэгвэл ёстой үнэн тендер шалгардаг болно.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.