С.Одонтуяа: 1.8 их наяд төгрөгийн гадны зээл, тусламжийн зарцуулалт туйлын бүрхэг байгаа нь харамсалтай
УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай ярилцлаа.
-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувьд тань асуухад А.И.Филатоваг цагаатгасан тухай шийдвэр гарсан байна. Эхлээд энэ тухай мэдээлэл өгөхгүй юү?
-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2.3, 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын хувьд А.И.Цэдэнбал-Филатовагийн нэр төрийг сэргээж, цагаатгуулахаар шүүхэд хандаж, өргөдөл хүсэлт гаргасан. Уг асуудлаар үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд болон судлаач, түүхч эрдэмтэд, төрийн бус байгууллагуудаас төрийн байгууллага, албан тушаалтанд удаа дараа хандаж байсан хэдий ч албан ёсоор шийдвэрлэгдээгүй өнөөдрийг хүрсэн юм. Энэ сарын 7-нд А.И.Филатоваг цагаатгуулах тухай өргөдлийг Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатовад олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй байна гэсэн үндэслэлээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатоваг цагаатгаж шийдвэрлэлээ.
-Тухайн үеийн хэлмэгдүүлэлтийн талаар нарийн мэдээлэл төдийлөн түгээмэл биш. Ер нь яг яаж хэлмэгдсэн юм бэ?
-1990 оны дөрөвдүгээр сарын 18-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлиг гарч нам, төрийн дээд албанд 44 жил хүчин зүтгэсэн Ю.Цэдэнбалд олгосон БНМАУ-ын Маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар зэрэг цолыг цуцалж хураан авахдаа мөн эхнэр А.И.Филатовад олгосон БНМАУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Сүхбаатарын одон зэрэг шагналыг нь хураан авсан байдаг. Ийнхүү төрийн тэргүүн байсан нөхөрт нь оноосон бүх ял шийтгэлийг “Хүүхдийн төлөө фонд” гэдэг олон нийтийн байгууллагын ТУЗ-ийн дарга гэх албан тушаалтай байсан эхнэрт нь ижил оноосон нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрх, НҮБ-ын “Олон улсын Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг олон зүйл заалтаар ноцтой зөрчсөн явдал байсан юм.
А.И.Филатова дөч гаруй жил ханилсан нөхрийнхөө хамт 1984-1991 он хүртэл долоон жилийн турш Москвад гэрийн хорионд байсан бөгөөд нөхрийгөө оршуулсан өдөр нь буюу 1991 оны дөрөвдүгээр сарын 29-нд прокурорын байгууллага шөнө дөл болтол түүнээс байцаалт авч эд хөрөнгийг нь комиссын худалдаагаар зарж борлуулах, битүүмжилсэн байсан хадгаламжийн мөнгийг нь хураан авах баримт үйлдсэн байдаг. Харин шалгалтын явцад “Хүүхдийн төлөө фондын” хөрөнгөөс ашиглан завшсан үйлдэл нь тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль ёсны үндэслэл тогтоогдоогүй тул БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан А.И.Филатовад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор тогтоосон байдаг юм. Гэвч албан ёсны шүүхийн шийдвэрээр түүнийг цагаатгасан баримт бичгийг өдий болтол гаргаагүй байсан учраас хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар шүүхэд өргөдөл гаргасан юм.
-XX зуунд улс орныхоо хагас зуун жилийн түүхийг бүтээсэн удирдагчийн талаар хэр их баримт, материал үлдсэн байдаг юм бол?
-Төр, засгийн шугамаар түүхийн холбогдолтой бичиг баримтын зүйлс нь харьцангуй сайн хамгаалагдаж үлдсэн юм байна. Харин манай улсын 40 гаруй жилийн түүхтэй холбоотой 670 нэрийн 1880 гаруй эд зүйлийг амьдарч байсан байрнаас нь хураан авсан байдаг. Хувийн архив, гэрэл зураг, ном, бэлэг дурсгалын зүйлс зэргээс нэлээд нь Үндэсний түүхийн музей болон архивт очоогүй алдагдсан нь тухайн үеийн баримт материалаас харагддаг юм.
1995 оны аравдугаар сарын 6-ны өдөр “Комсомольская правда” сонинд А.И.Филатова ярилцлага өгсөн байдаг. Тэрээр “Хүүхдийн төлөө фондын” ТУЗ-ийн даргаас өөр албан тушаал хашиж байгаагүйгээ, энэ ажлыг эрхэлж байхдаа хүүхдийн олон арван цэцэрлэг, сургууль, олон улсын хүүхдийн Найрамдал зуслан, Залуу техникчдийн ордон, Пионерийн ордон, Гэрлэх ёслолын ордон зэрэг хүүхэд, залуучуудын төлөөх бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн шийдвэрлүүлж байснаа ярьсан нь үлдсэн. Тэрээр 2001 онд 81 насан дээрээ өөд болсон. Харин түүний хүү Ц.Зориг “Сүүлчийн долоон жил” гэсэн ном гаргасан байдаг юм.
Монголын хүүхэд, залуучуудын сайн сайхны төлөө хийж чадах бүхий л боломжит санаачилга, сэтгэл, зүтгэлээ дайчилж явсан энэ эмэгтэйн олон жил гутаан доромжлогдсон нэр төрийг сэргээж, амьд сэрүүн ахуйд нь уучлал гуйж амжаагүй нь нэн харамсалтай ч, ямар ч л байсан Монгол Улс түүнийг албан ёсоор цагаатгаж, түүхэнд гавьяа зүтгэлийг нь хэвээр үлдээж байгаа нь шударга ёсонд нийцсэн улс төрийн чухал ач холбогдолтой юм.
-Хүний эрх, эрх чөлөөний талаарх илтгэлийг байнгын хороогоор хэлэлцсэн. Ер нь та хүний эрхийн асуудалд ямар үзэл бодолтой байдаг вэ?
-Манай улсад хүний эрхийн талаар зөв ойлголтыг хэвшүүлэх хэрэгтэй. Шийдвэр гаргагчдын дунд ч тэр, иргэдийн дунд ч байдаг буруу ойлголт бол хүний эрх зөрчигдсөн талаар ярихаар тухайн эрх нь зөрчигдсөн хүний талаар муулаад, шүүмжлээд, давхар яллаад үндсэн асуудлыг бүдгэрүүлээд байдаг. Тэр хүн хэн байх нь чухал биш, төрийн тэргүүн байна уу, дарга цэрэг байна уу, ял эдэлж байгаа хоригдол байна уу хамаагүй тухайн хүний Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн үү. Зөрчигдсөн бол хэрхэн хамгаалсан юм гэдгийг анхааран авч үзэх ёстой.
-Танай намын дотоод асуудлын талаар асуумаар байна. Намын жирийн гишүүдээс 100 мянган гарын үсэг цуглуулж, Онц их хурал зарлах тухай УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Х.Тэмүүжин нар мэдээлсэн. Гэтэл нөгөө талд хэсэг залуус хэвлэлийн хурал хийсэн. Хоёр талд Онц их хурал зарлах юм биш биз дээ. Тэгвэл шүүх хүлээж авах юм уу?
-Би Ардчилсан эмэгтэй-чүүдийн холбооны тэргүүний ажлыг хийдэг. Миний хувьд өнөөдрийг хүртэл хоёр талаа эвлэрүүлэхийн төлөө нэлээд хүчин чармайлт гарган ажилласан. Нэгдэх эвлэрэх уулзалтуудыг зохион байгуулж өөрөө ч оролцсон. Харамсалтай нь үр дүнд хүрээгүй ээ. Эхэндээ намын гишүүд маань зөв бурууг ялгаж салгахыг хичээж байсан бол сүүлдээ нэгдчихээч дээ гэж аймаг дүүргүүдээс гишүүд хандаж байсан. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний хувьд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээс уг асуудлаар санал асуулга явуулсан бөгөөд гишүүдийн олонх нь дэмжсэнээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо эвлэрэн нэгдэхийн тулд Онц их хурлыг дэмжиж байгаа юм.
-Сонгуулийн өмнөхөн Оросоос авах Спутник вакциныг гацаасан хүн нь та болон таны нөхрийг гээд Л.Оюун-Эрдэнэ сайд мэдээлээд байсан. Та энэ асуудалд тайлбар өгөхгүй юү. Ерөнхий сайд ямар учраас тийм мэдээлэл тараав. Та шүүхэд хандсан уу?
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн Газрын 100 хоногийн тайлан мэдээллийн үеэр“УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт вакцины татан авалтад саад хийсэн” хэмээн баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдэгдэл хийж цахим орчинд худал мэдээлэл тараасан. Энэ мэдэгдлийг нь сонсоод би ч их гайхсан. Хэт олонхоос бүрдсэн Засгийн газарт шийдвэр гаргах бүх эрх мэдэл байгаа ба вакцин гэрээлэх, оруулж ирэхийг бүрэн хариуцаж байгаа. Гэтэл сөрөг хүчний ганц гишүүн Засгийн газрын ажил гацаасан гэж мэдэгдэж буй нь нэг талаас туйлын хариуцлагагүй явдал ба нөгөө талаар ийм юм ярьж буй Засгийн газар ямар чадамжтай вэ гэдэг нь тодорхой харагдсан. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж буй ганц гишүүн яаж нөлөөлж чадах вэ дээ. Харин төсвийн хэлэлцүүлгээс эхлэн вакцины мөнгийг төсөвт суулгах, чанартай вакцин худалдан авах хэрэгтэйг сануулж ирсэн. Гэтэл гадны тусламж дэмжлэгт найдахын зэрэгцээ байгаа багахан төсвөө машин тэрэг, байшин барилга, тавилга хэрэгсэлд зарцуулж байгааг шүүмжилж байсан. Мөн “Засгийн газрын 100 хоног 170 хүний нас баралттай эхэлж байна шүү” гэж шүүмжилсний төлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баримт нотолгоогүй, хариуцлагагүй мэдээлэл тараан, нэр төрд халдсан. Энэ хэргээр миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно.Өнөөдрийн байдлаар Ковидоор нас барсан хүний тоо 400 хүрсэнд маш их харамсаж байна. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.
-Хил гааль дээр бөөгнөрөл үүсч манай эдийн засаг тэнд түгжигдчихээд байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн амьжиргаа ч муудлаа. Сөрөг хүчний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос чөлөөт зах зээлд шилжсэн 1990-ээд оны эдийн засгийн гүн хямралаас хойш анх удаа 2020 онд Монгол Улсын эдийн засаг 5.3 хувь хүртэл агшив. Энэ хямралыг дотоодын нийт бүтээгдэхүүн буурах төдийхнөөр төсөөлж болохгүй. Томоохон компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдсоноор ажлын байраа цомхтгож, тухайн салбарт хийгдэх гадаадын хөрөнгө оруулалт буурав. Харин ажлын байрны 80 шахам хувийг бий болгодог жижиг, дунд үйлдвэрүүдийн эзэд хямралаас шалтгаалан хаалгаа барьж, ажилтнуудаа халахын зэрэгцээ өөрсдөө ч ажил орлогогүй болж өр, зээлийн дарамтад оржээ. Бүхэлдээ ажилгүйдэл өссөнөөс, орлогогүй иргэд ядуурлын түвшин рүү унаж байна. Макро түвшинд баялаг бүтээгч үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хямарснаас улсын төсвийн татварын орлого буурлаа. Эрүүл мэнд, боловсрол, төрийн алба татварын орлогоор л санхүүждэг тул дагаад үйл ажиллагаанд нь хүндрэл учирч байна. 2020 онд улсын төсөв 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарсны шалтгаан нь энэ. Түүхэндээ Монгол Улсын төсвийн алдагдал ийм өндөр дүнтэй гарсан удаа өөр байхгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 29 хувиар буурч, Улсын өр Төв банкны гадаад өглөгийг оруулснаар ДНБ 92.4 хувь болж өсчээ. Хүнсний бүтээгдэхүүний инфляци өссөөр 8.5 хувьд хүрээд байгааг Азийн хөгжлийн банк анхаарууллаа. Инфляциас шалтгаалан иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх, ажлын байрыг хадгалах, ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Засгийн газар яаралтай хариу арга хэмжээнүүд хэрэгжүүлэх шаардлага үүсчээ.
-Хэр хэмжээний санхүүжилтийг гадаадын орнуудаас татсан бэ?
-Хангалттай. 21 аймгийг Улаанбаатар хоттой холбосон замыг санхүүжүүлсэн Чингис бондтой тэнцүү шахуу мөнгийг авсан байна. 1.8 их наяд төгрөгийн гадны зээл, тусламжийн зарцуулалт туйлын бүрхэг байгаа нь харамсалтай. Олон Улсын байгууллага, хөгжлийн түнш орнуудаас нийт 651.9 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн зээл, тусламж авахаар гэрээ байгуулжээ. Үүний 532.5 сая ам.долларыг төсвийн дэмжлэг хэлбэрээр, 119.4 сая ам.долларыг төслийн санхүүжилт болгон авахаар тохирсон юм. Гадаадын зээл тусламжийг юунд хэрхэн зарцуулсан талаарх тайланг өнөөдрийг хүртэл хэн ч гаргасангүй. Цар тахлын байдал зээл авахын өмнөх үеэсээ хэдэн зуу дахин дордсон байгаагаар бол мөнгийг цар тахлын эсрэг зарцуулсан эсэхэд эргэлзмээр!
-Засгийн газрын зүгээс эдийн засгаа аврах гарцыг эрэлхийлж чадаж байна уу?
-Манай улсын үйлдвэрлэж, экспортолсон бараа бүтээгдэхүүнүүд өмнөх жилээс илт багассан байхад эсрэгээр зах зээл рүү их хэмжээний мөнгийг нийлүүлжээ. 2021 оны дөрөвдүгээр сарын мөнгөний нийлүүлэлт гэхэд 26.6 их наяд төгрөгт хүрчээ. Гэтэл яг нэг жилийн өмнө манай санхүүгийн зах зээлд 20.2 их наяд төгрөг эргэлдэж байв. Ганц жилийн дотор мөнгөний нийлүүлэлт 6.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь инфляцийг хөөрөгдөж байгаа үндсэн шалтгаан юм. Оны эхэнд хоёр хувь байсан инфляци одоо зургаан хувьд хүрсэн нь үр дүн. Цаашид ч өсөх хандлагатай байна. Инфляци өсөх нь бага, дунд орлоготой иргэдийн хувьд маш муу үзүүлэлт. Нэг жишээ гэхэд 2016 оны тавдугаар сард үхрийн ястай мах нэг кг нь 8590 байсан бол энэ оны мөн үед 14289 төгрөг, хонины цул мах нэг кг нь 7771 төгрөг байсан бол 12125 төгрөг болж 56-66 хувиар үнэ нь өсчээ. Эдгээр тоог нийслэлийн статистикийн газрын сайтаас харж болно.
-Манай улсын гадаад өрийн талаар ямар бодолтой байна вэ?
-Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2016 оны сонгуулиар МАН нэг хүнд 12 сая төгрөг ногдож байна. Нас барсан хөгшид ар гэртээ 13 сая төгрөгийн өр үлдээж байна. Дөнгөж төрсөн хүүхэд 13 сая төгрөгийн өр гэртээ авчирлаа гэх бохир сурталчилгаа явуулж байсан. Тэр хэмжүүрээр нь авч үзвэл өнөөдөр манай иргэн бүр 29 сая төгрөгийн өртэй болсон байгааг ҮСХ болон Монголбанкны сайтад бэлээхэн байна. Энэ бол Монгол Улсын нийт өрийн хэмжээ. Харин Засгийн газрын нийт өр 2020 онд 27.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.0 их наяд 2016 оны хоёрдугаар улирлаас хойш 11.3 их наяд төгрөгөөр өссөн байна. Их наяд төгрөгөөр бүхэл бүтэн 330 сум шинээр барьчих тооцоог нэг эдийн засагч хийж байсныг санаж байна. Гэтэл ийм хэмжээний мөнгө хаачсан, юу хийсэн нь тодорхойгүйгээр зээлэгдэж, төлөх үүрэг нь иргэдийн нуруун дээр буухаар хүлээгдэж байна даа. Ам, ажлын зөрүү хэр их байгааг эндээс ойлгочихож болно.
-Ингэхэд энэ Засгийн газрын хийсэн ажлуудаас сайн зүйл харагдаж байна уу?
-Гадаадад байгаа монголчуудын асуудалд шуурхай хандан, нислэгүүдийг олноор зохион байгуулж чадсан. Ямартаа ч гадаадад байгаа иргэдээс ирэх гомдлууд зогссон.
Сэтгэгдэл
Иргэн [150.129.142.241] 2021-06-21 11:46:37
Ардчилсан Нам дотроо асуудалд хамгийн амьдралд ойр ханддаг нь Одонтуяа мөн УИХ-ын гишүүн асан Нарантуяа гэж боддог доо. Ийм эмэгтэйчүүдээ дэмжиж ажил хийлгэхийн оронд элдвийн коммент бичиж ч байх гэж. МАН одоо гадаад дотоодын хандиваар орж ирсэн мөнгө, Ковидын үеийн болон сонгуулийн зардлаа ил тод тайлагнах цаг болсон. Ард түмэн бид үүнийг шаардах эрхтэй, Шаардаж ч байна
Зочин [202.55.188.86] 2021-06-21 04:14:02
Ардчилсан намын хэдэн гишүүн дотроо арай сэхээтэн нь энэ бүсгүй. Харин 2эхнэрийн хууль өргөн барих гээд байгааг нь ойлгодоггүй ээ.Хэрэв энэ хууль батлагдвал Одонтуяаг өөрийг нь 2дахь эхнэрээ болгох гэж зүтгэнээ.Яадаг юм тэжээлгээд гоё ш дээ.
иргэн [202.70.34.70] 2021-06-21 01:23:28
Сарангэрэл мэт нь сагсайтал баяжсан шүү дээ, шалгаач ээ.
Зочин [192.82.74.238] 2021-06-20 23:41:41
АН-нхан бүх юмыг өөрсөд шиг бодож илүү их идэж ууж байна гэж хардаад байгаа болохоос хүн идээд байхаар юм байхгүй шүү дээ. Тусламж л гэнэ дандаа хувцас,эм тариа,ариутгагч шүү дээ Одонтуяа Эрдэнэгийн гудас идэх юмгүй үхэхнээ.
Зочин [66.181.185.193] 2021-06-21 00:48:18
MAH iin zasgiin gazar hamgiin muu ajillaj bna Ta buhen toon yzyyleltiig haral daa barag DNB temtseh hemjeenii ur shirtei bolchloo
Зочин [192.82.78.108] 2021-06-20 15:16:33
Za tanai nam l uls orniig samarsan shuu de hijneen uildwer bailaa han uul duuregt buh uildwer baisan shu teriig bugdiig n temer bolgoj uragshaa zeelgeed oeond n baahan oron suutc bariulsan ter uildweruudee bailgaj bsn bol ajilguijuud baihgui baih bsn daa
varane [66.181.161.71] 2021-06-20 14:13:01
элбэгдоржтой эхлээд учираа ол
t [202.9.46.116] 2021-06-20 13:20:33
ardiin namiin gishuud demjigchideer tuluuley.Ted nariin lhiisen ajil.
Зочин [66.181.184.153] 2021-06-20 12:00:10
Одонтуяа авгай ганц үнэн үг хэлэв.Энэ их хачин авгай янз бүрийн бүтэхгүй зүйл сэдээл эргүүтээд байдаг хөгшиндөа
Oogii [202.9.46.64] 2021-06-20 11:05:47
Saixan uuj iddeg baix. Medex xvn baixgvi yum chine.
zochin [66.181.161.53] 2021-06-20 06:34:49
orinhni asudal yavaa.....zz
зочин [64.119.17.81] 2021-06-20 06:09:48
эх хүн та вакцин саатуулахаа зогсооно уу????????
Зочин [192.82.76.140] 2021-06-20 05:55:58
Дотоодод халдвар ихсэхэд гаднаас ирах Монголчуудын хөдөлгөөн байхгүй болсоноор хэл ам нь багассан. Түймрээр бол цурам тавих юм даа. Даанч 400 гаран хүний амь насаар тоглож. Хүрэлсүх ч гайтай муухай хүн юм.
Зочин [192.82.76.140] 2021-06-20 05:53:06
Хүрэлсүх л шаагаа биз. Новш.