БСШУСБХ болон ТБХ-ны хамтарсан ажлын хэсгийн тайланг сонслоо
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр (2021.10.19) 12 цаг 23 минутад 52.8 хувийн ирцтэйгээр эхлэв.
Хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн тайланг сонслоо.
Тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулав. Тус ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Биеийн тамир, спортын улсын хороо болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын албаны хүмүүстэй цахим хурал хийж, мэдээлэл авсан. Уг ажлын хүрээнд Концессын гэрээгээр нийслэлийн БГД (10, 28-р хороо), СХД (8, 21-р хороо), ХУД (7, 8, 12-р хороо), БЗД (26-р хороо) болон Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор” төсөл, арга хэмжээний явцтай танилцаж, зарим төслүүдийн үлдэгдэл санхүүжилтийг 2022 оны төсөвт тусгуулан шийдвэрлүүлэхээр Сангийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгсөн. Мөн Чингис хаан музей, Үндэсний номын сан, Сүхбаатар дүүргийн спорт цогцолборын барилгын ажлын явцтай танилцаж, ажлыг түргэн шуурхай гүйцэтгэж ашиглалтад оруулахад тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон. Түүнчлэн ажлын хэсгийн гишүүд төрийн холбогдох байгууллагуудын төлөөллийг байлцуулан барилгын материал үйлдвэрлэгчидтэй цахим уулзалтуудыг зохион байгуулж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Тус ажлын хэсгээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан шалгаж, дараах санал, дүгнэлт гаргасан:
1. Дэлхийн зах зээлийн барилгын материалын түүхий эдийн үнийн өсөлт, тэдгээрийн нийлүүлэлтийн хомсдол болон тээвэрлэлтийн асуудалд хүндрэл үүссэнээс шалтгаалж, боловсрол, соёл, спортын салбарт хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээнүүд удааширч өнөөдрийн байдлаар 25.5-37.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
2. Гол нэр төрлийн 12 барилгын материал, үүнд хөөсөнцөр, арматурын нийлүүлэлт, тээвэрлэлтийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан хомсдол үүссэн.
3. Барилгын материалын үнийн өсөлтөөс (дунджаар 45 хувь) шалтгаалж, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний төсөвт өртгийг нэмэгдүүлэх нөхцөл үүссэн.
4. Олон жил үргэлжилж буй он дамжсан төсөл, арга хэмжээний өртөг нэмэгдэж, эдийн засаг, нийгмийн үр ашиг буурч байна.
5. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Байнгын хорооны тогтоолын төсөлд тусган боловсруулж, Ажлын хэсгээс Байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Б.Пүрэвдорж, С.Чинзориг, Б.Жаргалмаа, Ж.Батжаргал, Л.Энх-Амгалан нар Ажлын хэсэг, дэд хэсгээс орон нутаг дахь төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, арга хэмжээний талаар асуулт асууж, тодруулга авч байсан бол Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Сандаг-Очир нар худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалтын эрх зүйн зохицуулалтад “хамгийн хямд” гэсэн утга бүхий заалтыг хасч, тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах санал гаргасан. Энэ нь чанаргүй худалдан авалт, он дамжсан төсөл, арга хэмжээ болох үндэслэл болж байна гэсэн тайлбар хийв. Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг тухайн төсөл, худалдан авах ажиллагаанд хяналт, хариуцлагын асуудлыг тодорхой болгох санал хэлсэн.
Ийнхүү гишүүдээс гаргасан горимын саналыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25.6 дахь хэсэг, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдах авах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцсан ажлын хэсгийн санал, дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан тогтоолын төсөлд тусгахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл