Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна

Aдмин / Нүүр

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд ойн аж ахуй, эрчим хүч, бэлчээрийн зохицуулалтын чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, дээрх бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Азийн хөгжлийн банкны дэд Ерөнхийлөгч Ахмет М.Саийд,

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, дэд захирал Уша Рао-Монари,

Засгийн газрын гишүүд,

Эрхэм хүндэт Элчин сайд нар болон цахимаар оролцож байгаа зочид төлөөлөгч нарт энэ өдрийн мэнд хүргэе.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 26 дугаар бага хурлыг угтан дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахаар Монгол Улсын авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцэн, санал солилцож, зөвлөлдөхөөр цугласан та бүхэнд баярлалаа.

Хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахлын хямралтай нүүр тулж буй энэ үед байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, зоримог, шийдвэртэй алхам авах шаардлагатайг санууллаа.

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний ирээдүйн оршин тогтнолд заналхийлж буй талаар эрдэмтэн, судлаачид сэрэмжлүүлж, дэлхийн удирдагчид хэлэлцэж эхэлснээс хойш 20 гаруй жил улс орнууд дор бүрнээ хичээн ажилласаар ирлээ. Гэсэн ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл улам эрчимжсээр байна.

Дэлхийн шийдвэр гаргах түвшний удирдагчид, төр засаг, аж ахуйн нэгж, олон нийт хамтран бодитой үр дүн гаргахаар бүх нөөц бололцоогоо дайчилсан эсэхийг бидний үр хүүхэд, ирээдүй хойч үе маань шүүн хэлэлцэнэ гэдгийг мартаж болохгүй.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн бүх цаг үеийн хамгийн чухал асуудал гэж үзэж байна.

Би Онцгой байдлын сайдаар ажиллаж байсан хүний хувьд уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөө болох ган, зуд, үер, ой хээрийн түймрийн учруулах нөлөө, хор хохирлыг мэднэ.

Уур амьсгалын өөрчлөлт энх цагийн чимээгүй дайсан гэдгийг бие сэтгэлээрээ, ажил, үүргээрээ мэдэрдэг учир цаашид улам хичээн ажиллах болно.

Дэлхий нийтээр ялгаруулж буй нийт хүлэмжийн хийн 0.1 хувийг манай улс ялгаруулдаг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд илүү их өртөж байгааг нотлох баримт олон байна.

Сүүлийн 170 жилд дэлхийн гадаргуу дээрх температур 1.09 хувиар өссөн байхад Монголд сүүлийн 80 жилийн хугацаанд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна гэсэн үг. Үүний улмаас манай улсын нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, 45 хувь нь хүнд болон нэн хүнд хэлбэрээр цөлжсөн байна.

Сүүлийн 10 жилд тохиолдсон цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн тоо 1990-ээд онтой харьцуулахад гурав дахин өслөө. Зөвхөн 2020 онд гэхэд цаг агаарын аюултай үзэгдэл 90, гамшигт үзэгдэл 11 удаа болжээ.

Гамшигт үзэгдэл, аюултай үзэгдлийн цаана эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эх орны тусгаар тогтнолын салшгүй хэсэг болох хүрээлэн буй орчин, ан амьтан хамт яригддаг билээ.

Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхийн төлөө бүрэн хүчин чадлаа дайчилж ажиллах болно.

Эх газрын эрс тэс, хүйтэн уур амьсгалтай, одоогоор нүүрснээс өөр эрчим хүч, дулааны хангалттай эх үүсвэргүй манай улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Монгол Улс “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувь хүртэл бууруулна.

Шинэ технологи, инновацийг эрчимтэй нэвтрүүлж, ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлснээр цаашид 27.2 хувь хүртэл ахиулахыг зорьж байна.

Монгол Улс хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, газрын ургамлын нөмрөг, ялангуяа ойн доройтол, хомсдлыг сааруулах, нөхөн ургалтыг дэмжиж хамрах хүрээг тэлэх, усны нөөцийн хомсдлоос сэргийлэхэд онцгой анхаарч, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн өрнүүлээд байна.

Энэ хөдөлгөөнд төр, хувийн хэвшил, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид, ард иргэд маань нэгдэж, идэвхтэй хамтран ажиллаж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна.

Монгол Улс төдийгүй бүс нутгийн тулгамдсан асуудал болоод буй цөлжилт, шар шороон шуурганы эсрэг бодитой тэмцэхэд энэ хөдөлгөөн чухал ач холбогдолтой.

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд эдийн засгийн зөв хөшүүрэг, арга хэрэгслийг ашиглан ажлын байр нэмэгдүүлж, иргэдийн амьжиргааг дээшүүлэх замаар ядуурлыг бууруулахад тодорхой ахиц гарна.

Хөдөлгөөний хүрээнд мод тарьж ургуулахын зэрэгцээ агро-ойн паркийг хөгжүүлэх, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл, хүнсний ногоо тарьж дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй экспортод гаргахыг зорьж байна.

Мөн орон нутгийн иргэдийг чадавхижуулж, оролцоог нь түлхүү ханган, ажлын байр нэмэгдүүлэх зэргээр Тогтвортой хөгжлийн олон зорилтыг хамарсан ажил хийх болно.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан, байгаль орчин, түүн дотроо цөлжилт, шар шороон шуурганы эсрэг цогц төлөвлөгөө, тодорхой зорилтуудыг боловсруулахыг Засгийн газарт чиглэл болгосон. Засгийн газар асуудлыг хэлэлцэн Үндэсний хороо байгууллаа.

Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, түнш болон донор орнууд, иргэд, олон нийтийн оролцоог хангаж, урт хугацааны ногоон санхүүжилтийн тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь туйлын чухал юм.

Бид жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувиас багагүй хэмжээний хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг зориулж байж тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байна.

Мэдээж улсын төсөв, хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, түүн дотроо донор орнууд, олон улсын байгууллагууд та бүхний мэдлэг туршлага, үнэтэй зөвлөмж, шууд болон шууд бус хэлбэрийн санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэй.

Үр дүнд нь бид Тогтвортой хөгжлийн зорилтоо амжилттай биелүүлж, нийгэм, эдийн засгийн хүртээмжтэй бөгөөд тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлж, нэн ялангуяа цар тахлын дараах ногоон, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн сэргэлтийг авчрах суурь тавигдах юм.

Эцэст нь хэлэхэд дэлхий нийт төдийгүй Монгол Улсад тулгарч буй байгаль орчны эрсдлийн эсрэг үр дүнтэй тэмцэж, үр хойч үедээ эрүүл орчин, ногоон ирээдүйг өвлүүлэхэд бидний хамтын хүч, тууштай бодлого, нэгдмэл байдал туйлын чухал юм.

Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт Та бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит үр дүнтэй, ажил хэрэгч санал, санаачилга, зөвлөмж гаргана гэдэгт төрийн тэргүүний хувьд итгэж байна.


Сэтгэгдэл

Үүр [202.126.89.129] 2021-10-26 04:17:19

Saihan medee bn

sdfsdfsdsdfs [103.229.121.20] 2021-10-23 02:54:13

Цөлжилттэй тэмцэх гэж байгаа бол эхлээд ямааныхаа тоог бууруул. Уул уурхай гол усанд халтай бол ямаа бэлчээрт халтай. Улсад татвар төлдөггүй малчдын ямааны сүйрүүлсэн байгалийг малчдаар өөрсдөөр нь сэргээлгэ. Малчдад татвар ноогдуул. Малчид өөрсдөө мод тарь. сда юм аа. Малчид бол зүгээр л МАН-ын үнэнч оркууд

Зочин [202.9.41.29] 2021-10-22 04:40:48

Бурхны оронд очоод ирэхээр модны алергийтэй болчдым байх даа чааваас. Өөр хийх ажил байхгүйм боловуу?

зочин [139.5.219.186] 2021-10-22 04:24:57

Монголыг цөлжилтийг зогсоох гэж байгаа бол их зардал гарна. Цөлжиж байгаа газар мод сөөг, шаваг, ,харгана тарих хэрэгтэй. хашаанд мод тарих шал өөр юм. Ямаа мод иднэ. Нэг мод багадаа 400 л ус хэрэглэнэ. Арчилж чадах уу₮ Эхлээд дагаж далдагнана. Мөнгө их гарна. Зам таихдхх адилгүй. Өрөө төлж чадахгүй удс орон яах бол_

ЗОЧИН [202.126.88.220] 2021-10-22 01:35:24

ЛАМ , БӨХЧҮҮДЭЭР МОД ТАРИУЛ ӨӨР ХИЙДЭГ АЖИЛГҮЙ ХҮМҮҮС МАЛЧИН АЙЛ БҮР ГАДНАА ТӨГӨЛТЭЙ БОЛОХ САНААЧЛАГЫГ ДЭМЖИЖ УРИАЛЖ ӨГӨӨЧ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ

Зочин [103.229.121.237] 2021-10-21 21:19:53

ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн маань "Этүгэн хөрст-эх орон-ирээдүй хойч"-оо гэсэн агуу санаачлагыг МОНГОЛ ХҮН бүр дэмжин өөрийн бүхий л боломж чадлаараа дэмжин хувь нэмрээ оруулхыг УРИАЛЖ байна.

Зочин [202.21.127.167] 2021-10-21 06:26:59

Монголынхоо асуудлыг шийдчихээд дэлхийнх рүү орчлоо. Аймаар юмаа, Хүүк.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.