Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч Зэвсэгт хүчний 017 дугаар ангид ажиллаж байна
Батлан хамгаалахын сайдын баталсан удирдамжийн хүрээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг БХЯ-ны харьяа байгууллагууд болон Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудад ажиллаж байна. Ажлын хэсэг Улсын төсвийн болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын явц болон гүйцэтгэлтэй танилцахаас гадна төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн үйл ажиллагаа, өвөл сургуулийн бэлтгэл ажил, Батлан хамгаалах сайдын 2021 оны А/230 дугаар тушаалын хэрэгжилттэй танилцаж үнэлэлт дүгнэлт өгч ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд тус ажлын хэсэг өнөөдөр Зэвсэгт хүчний 017, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангиудад ажиллаж байна.
Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Улсын төсвийн болон Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын 90 орчим хувь дуусаж ашиглалтад орсон бол үлдэж байгаа 10 орчим хувь нь он дамжин хийгдэх төлөвлөгөөт ажлууд байна. Мөн ажлын хэсгийн гол зорилго нь Батлан хамгаалах салбарын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зөвлөлийн үйл ажиллагаа яг тухайн газраа хэрхэн явагдаж байгаатай танилцах юм. Түүнчлэн ажиллаж байгаа байгууллага, нэгтгэл ангийн бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайдын зүгээс баримталж буй бодлого, хийгдэж байгаа ажлын талаар мэдээлэл олгоход чиглэгдэж байна. Тухайлбал, ойрын хугацаанд буюу ирэх 11 дүгээр сарын 15 гэхэд 200 цэргийн байрыг ашиглалтад оруулах, цэргүүдийг хэрэглээний халуун, хүйтэн устай болгох, шинээр цэргийн албанд ирээд байгаа оюутан цэргүүдийн хичээлийг тасалдуулахгүй байх үүднээс цахимаар хичээлд нь хамруулж байхын тулд ангийн интернэтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэрэг олон төрлийн мэдээллээр хангахын зэрэгцээ чиглэсэн үүргүүдийг өгч ажиллаж байна” гэлээ.
Ажлын хэсэг дээрх хоёр ангиас гадна БХЯ-ны харьяа байгууллагууд болон 011, 015, 032, 084, 150, 303 дугаар ангид ажиллаад байгаа юм гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл