Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны аравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээнэ
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.
Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов.
Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ. Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов.
Товч мэдээ
· Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайдад даалгав.
· Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас олгосон зээлийн асуудлыг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр тогтлоо.
· Авлигын төсөөллийн индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцууллаа.
· Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд болон Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт даалгав.
Сэтгэгдэл
зочин [66.181.161.76] 2021-10-28 03:20:13
Хятад улс шиг ажиллах хэрэгтэй манай төр засаг уок тэр улсад халдвар бараг алга бн шүү дэ тэр түвшид очиж байж тэр өндөржүүлсэн бэлэн байдал тэр урлаг соёлын арга хэмжээгээ ярь зорилтот бүлэг архаг суурь өвчтэй хүмүүс хөгшчүүл үхэж дуусах нь энэ хүмүүс хамаагүй юу үх гэж байгаа юм уу засгийн газраа.