ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Монгол геном” төслийн үйл ажиллагаатай танилцлаа

Aдмин / Технологи

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл болон ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал Д.Гантулга нар өнөөдөр “Монгол геном” төслийн багийнхантай уулзлаа.

Энэ үеэр тус төслийн удирдагч доктор Ж.Амарсанаа төслийн хэрэгжилт, ач холбогдлын талаар танилцуулга хийсэн юм.

Ж.Амарсанаа доктор хэлэхдээ “2017 онд БНХАУ-д 175 монгол хүний геномын кодыг задлан шинжилж нийтэлсэн байдаг. Тэр шинжилгээнд Монгол улсын иргэд сайн дураараа оролцсон. Энэ өдрөөс хойш хүний генийг бүтэн унших технологийг Монгол улсад яаралтай нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн. Улмаар тус багийнхан өнгөрсөн 3 жилийн турш энэхүү технологийг нэвтрүүлэх, дэд бүтэц, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж, програм хангамж зэргийг бүрдүүлж, 2019 оны 11-р сараас үе шаттайгаар судалгаагаа эхлүүлээд байна. Өнөөдөр Монгол эрдэмтэд, эх орондоо Монгол хүний удмын мэдээллийг бүрэн унших боломжтой болсон” гэлээ.

Монгол геном төсөл нь анагаах ухаан, хавдар судлал, биологи, генетик, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, хүн судлал, Чингис хаан судлал, газар тариалан, мал аж ахуй, хүнс судлал, хуульзүй, вирус судлал, микробиологи, түүх гээд нийгмийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулах ач холбогдолтой аж.

Тодруулбал, удамшлын өвчин, төрөлхийн гажигуудыг оношлох, эмчлэх боломж бүрдэнэ. Хорт хавдрын генийн өөрчлөлтийг нарийвчлалтай тодорхойлох боломж нээгдэнэ. Хорт хавдрын эмчилгээний сонголт хийх боломжийг бүрдүүлнэ. Монгол улсад дархлааны эсээр хорт хавдрыг эмчлэхэд шаардагдах тулгуур технологиудын нэг бий болно. Хувь хүнд тохирсон анагаах ухааныг хөгжүүлэх суурь бүрдэнэ. Монгол хүний гарал үүслийг тодорхойлоход томоохон хувь нэмэр оруулна. Чингис хаан судлалд генетикийн аргаар шинэ баримт, нотолгоо бий болгоно. Монгол улсын хэмжээнд тулгамдсан асуудал болоод цус ойртолтыг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлж эхэлнэ. Хувь хүний бодисын солилцооны онцлог, оюуны болон бие мах бодийн биологийн чадамжууд, дархлааны онцлог, өвчлөл, стресс даах чадвар гэх мэт олон шинж чанарыг нарийн тодорхойлох боломжтой болно. Эпигенетикийн шинжлэх ухааныг Монгол улсад хөгжих суурь тавигдана.Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг таних, илрүүлэх боломж бүрдэнэ. Нэн ховор, ховор амьтан, ургамалыг геномын мэдээллийг уншиж тогтоох, хадгалах боломжтой болно. Жишээ нь мазаалай, ирвэс, монгол бөхөн, тахь, хавтай, алтан гагнуур, зүүн гарын гоёо зэрэг амьтан ургамлын ген фонд бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хурдан морь, ямаа, малын үүлдэр угсааг судлах, сайжруулахад хувь нэмэр оруулна. Гэмт хэргийн илрүүлэлт, шүүх эмнэлгийн зарим асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Цар тахал, хоруу чанартай вирус, бактерийн мөн чанарыг таньж, оношилгоо, эмчилгээг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулах юм байна.

Монгол геном төслийн үйл ажиллагаатай танилцсны дараа ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Монгол хүний геномыг бид одоогоор бид мэдэхгүй байгаа. Гадаад улс орнуудад ямар нэг хэмжээгээр хийгдсэн судалгаа байдаг боловч монгол хүн, монгол хүнийнхээ геномийн судалгааг анх удаа монголдоо хийнэ гэдэг бол ихээхэн ач холбогдолтой. Энэ төсөл цаашдаа тэлж монгол хүнийг эмчилж, эдгээх генийн өөрчлөлтөөс болж үүсдэг өвчнүүдээ хаана, ямар давтамжтай гарч байна гэдгийг тогтооход хэрэг болно. Энэ том ач холбогдолтой төслийг, төр-хувийн хэвшил хавсарч хийж байж жинхэнэ ач холбогдолдоо хүрч очно” гэсэн юм.

Хэдийгээр Монгол улсад төр-хувийн хэвшил хамтарч ажиллах зохицуулалт байхгүй ч хоёр байгууллагын эрдэмтэн судлаачид монгол хүний геномийн судалгааг хамтарч хийх талаар эхний шатны яриа хэлэлцээрийг өнөөдөр эхлүүллээ.


Сэтгэгдэл

Зочин [43.242.243.183] 2022-01-07 11:22:54

Сайн ажил болж Амжилт

Зочин [203.91.115.51] 2022-01-07 07:31:18

"Монгол хүн монгол хүнийхээ генийг монголдоо хийнэ." Маш тэнэг бөгөөд амбийцлаг сонсогдож байгаа биз? Зүгээр л эх орондоо генетикийн шинжилгээг бүрэн хэлбэрээр хийдэг болно. Энэ нь технологийн дэвшлийг нэвтрүүлж буй томоохон алхам болох юм. Ингээл болоо. Эрхбиш шинжлэх ухааны хүрээлэнгийн тэргүүлэгч шүү дээ. Тэгсэн мөртөө жалганы эзэн өвгөний сэтгэлгээтэй.

Зочин [64.119.16.144] 2022-01-08 12:21:13

Генийн шинжилгээг эх орондоо хийнэ. Маш чухал судалгаа. Чи атаархаж, хар хэд амлаж байж харваж үхэж далд оров оо


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.