Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зурлаа
Хамтарсан Ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд Шадар сайд С.Амарсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Гурван улсыг дамнасан, дэд бүтцийн энэхүү мега төслийн ТЭЗҮ-ийг хугацаанаас нь өмнө амжилттай боловсруулж дуусгасанд баяртай байна. Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн “Газпром” НХН-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.
Байгалийн хийн хоолойн төсөл цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтран баталсан төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна.
Энэхүү төслийг эрчимжүүлэх зорилгоор “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 3 болон 10 дугаар саруудад Монгол Улсад хоёр удаа ажлын айлчлал хийж, уг уулзалтуудын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараа дараагийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна" хэмээн онцолсон.
Энэхүү төсөл нь техникийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэдэг нь ТЭЗҮ-ээр тодорхой болсон учраас 2022, 2023 онд талууд хамтран инженерийн нарийвчилсан судалгаанууд болон байгалийн хийн хоолойн барилга байгууламжуудын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Монголын хэсэг дээрх хий дамжуулах хоолойн нийт урт нь 960 км бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хийг тээвэрлэх юм.
ОХУ, БНХАУ болон Монгол Улсын төрийн дээд түвшний уулзалтуудын үеэр байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудал тогтмол яригдаж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг дэмжин ажиллахаа гурван улсын төр, засгийн өндөр албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэж ирсэн нь төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх гол үндэс гэдгийг талууд энэ үеэр онцлон тэмдэглэж байлаа.
Өнөөдөр үзэглэсэн Протоколд нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа болох “Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-аас БНХА руу байгалийн хий дамжуулах хоолой барих, ашиглах төслийн Техник, эдийн засгийн үндэслэл”-ийн үр дүнг батлах, хоёрдугаарт, "Зураг төсөл"-ийн үе шатанд шилжих, зураг төсөл, хайгуул судалгааны ажлуудыг гүйцэтгэх талаар тусгажээ.
Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд талуудын хүчин чармайлтын дүнд амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын хувьд харилцан ашигтай, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах том бүтээн байгуулалт болно гэж Монголын тал итгэл дүүрэн байгаагаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газар үүнд өндөр ач холбогдол өгч, өмнөө тавьсан зорилтуудыг богино хугацаанд биелүүлэхийн төлөө бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно хэмээн хэллээ.
Сэтгэгдэл
зочин [192.82.72.65] 2022-01-25 15:23:03
Энэ яг хэрэгжих болов уу? эсвэл оросуудын ээлжит? Энэ хийн хоолойноос болж Монголчууд дахиад нэг асуудлаар оросын хараат болох вий дээ? яана аа? Нэг л гайхаад байна даа, энэ ер нь ямар учиртай хоолой юм бол оо?