Ажлын хэсэг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай танилцав

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, тус ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар өнөөдөр (2022.02.14) ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай ажлын хэсгийн чиг үүргийн хүрээнд танилцлаа.

Энэ үеэр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн цогцолбор газрын хамгаалалтын менежмент, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга А.Мөнгөнбаяр нар мөн мэдээлэл хийхдээ тусгай хамгаалалттай газар нутагт суурьшлын бүс үүссэн асуудал болон орчны бохирдол, экологийн тэнцвэртэй байдал алдагдахад хүрсэн талаар онцлов.

Байгууллагуудын мэдээллийг сонссоноор ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг нар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, мэргэжлийн хяналт, газрын алба зэрэг холбогдох байгууллагын албан тушаалтнуудаас зарим мэдээллийг тодруулж, хариулт авахын зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах бодлогыг цаашид илүү боловсронгуй болгох талаар саналаа хуваалцсан. Энэ үеэр байгууллага хооронд эрх мэдлээ булаалдах болон чиг үүргээ түлхэлцэх байдлаар асуудлыг хүндрүүлж буй байдал ажиглагдаж байна. Эрх зүйн зохицуулалтыг сайжруулна гэхээс илүүтэй одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоо бүрэн хэрэгжүүлж ажиллах нь дутмаг байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч тэмдэглэсэн. Тэрбээр мөн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гээд Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл зэрэг тусгай хамгаалалтад авсан газар нутагтаа зөндөө газар олгосон. Энэ газруудад газрын харилцаа үүсэж, зориулалтаас өөрөөр ашиглах, байгалийн унаган төрхийг алдагдуулах зэргээр бий болсон замбараагүй байдлыг тусгай хамгаалалттай бусад газар нутгуудад давтахгүй байх ёстой. Бүх алдаа завхралыг ажлын хэсэг засах боломжгүй. Эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж таарах байх. Цаашид дахин ашиглах гэрчилгээ өгөхгүй байх, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа нэрийн дор газар ашиглалтын харилцаа үүсгэж, гэрээ байгуулсан хэрнээ гэрээнд зааснаас өөрөөр газраа ашигласан тохиолдолд эрхийг цуцлах зэрэг норм, стандартыг тогтоож өгөх нь зүйтэй юм. Одоо газрын харилцаа үүсчихээгүй байгаа эрүүл газруудаа хамгаалалтын бүс рүү нь оруулж хамгаалагдах газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Тулгамдсан эдгээр асуудлыг зөв харж, шийдэх талаас ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, шийдвэрлэх талаас ажиллана” хэмээн ярив.

Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм. Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгож, эдгээрт ашиглах гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлж байна.

Ажлын хэсэг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт буюу тусгай хамгаалалттай газар нутагт орон нутгийн шийдвэрээр 2800 орчим айлд өмчлөлөөр газар олгосон асуудлын дагуу газар дээр нь очиж үзэж танилцлаа. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шийдвэрээр газар олгогдох ёстой байтал орон нутгийн шийдвэрээр газар олгосон нь маргаан үүсгэж, эцэстээ Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас шүүхэд хандаад буй юм байна. Түүнчлэн, тусгай хамгаалалттай газар нутгийн эхэнд буюу Туул голын эхэнд суурьшлын бүс бий болгож, нохой чарга ажиллуулдаг компаниудад зөвшөөрөл олгосноор Улаанбаатар хотын ард иргэдийн ундны ус бохирдох зэрэг ноцтой асуудал үүссэн. Үүнийг төр засгийн хэмжээнд авч үзэж, шийдвэрлэхгүй бол болохгүй боллоо гэж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Дуламсүрэн ярилаа.


Ажлын хэсэг мөн Нийслэлийн Баянзүрхийн товчоо, Богдхан уулын Хүрхрээгийн ам зэрэг тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, Дүүргээс газар олгож, суурьшлын бүс үүсгэсэн нь маргаан дагуулан олон жил болж буй асуудлыг газар дээр нь очиж үзэж харах үеэрээ холбогдох байгууллагуудаас нөхцөл байдлын талаар мэдээллийг авлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [150.129.140.161] 2022-02-16 12:09:24

Өө энэ байнгын хорооны шалгалтын бүрэлдхүүнд нь горхи тэрэлж богдын дарга одоо бояамны тхг ын дарга болсон нөхөр наад газруудыг чинь олгож шийдвэр гаргаж бүдүүн могой ч багтах газаргүй болгосон нөхөр өөрөө байж байна шүүдээ сууришлын бүс бий болгосон бүх газар олголт хийсэн нөхөртэй хамт шалгалт хийж байгаа байнгын хорооны батжаргал мөнхцэцэг нар ард түмэн улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргалаа юу ийм байхад улс орон хөгжлөө юу төв аймагийн ард түмний эрх ашгийг хамгаалсан шийдвэр гарлаа юу хөрья даа батжаргал дарга минь наадуул чинь бөтжаргал мөнхцэцг хоерын толгойг яаж угаахаа дэндүү сайн мэднэ дээ

Зочин [202.126.90.64] 2022-02-16 00:47:37

Нам даралтын зуухаар ажилладаг аж ххуйн нэгжүүдийн үйл ажллагааг зогсооё. Хоттой адилхан утаатай болсон шүү дээ

Зочин [202.131.227.82] 2022-02-15 09:12:21

Тусгай хамгаалалттай газар гэчихээд ямар аргаар яаж аваад хүн ч явах боломжгүй болтол хашчихаад зөвшөөрлийг яаж авдаг юм болдоо эрх мэдэлтэй хэдэн идэж ханахгүй луйварчид авчихаад байгаль орчин бохирдуулаад ядаж л зөвшөөрлөө өгчихөөд хойноос нь хараа хяналтгүй бохироо хаа сайгүй цутгаад хогоо овооруулаад заваан байна

Зочин [203.17.23.197] 2022-02-15 06:56:53

Наана чинь байгаа олон уурын зуухууд чинь агаар бохирдуулж байна


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000