Увс аймагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөв
Увс аймгийн Сагил суманд Улаанбаатарын 12.32 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Газар хөдлөл тус сумын төвөөс баруун урд зүгт 23 километрийн зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Манай улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.
Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа бүртгэгджээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Сэтгэгдэл