Нийгмийн сэтгэл зүйг яаралтай эмчлэх шаардлагатай
Нийгмийн сэтгэл судлалыг нийгмийн үзэгдлийг судалж, хүмүүсийн хооронд зэрэгцэн оршихуйг зохицуулдаг хууль, зарчмуудыг тайлахыг хичээдэг шинжлэх ухаан гэж ихэвчлэн тодорхойлдог. Тиймээс сэтгэл судлалын салбар нь нийгмийн янз бүрийн байгууллагуудыг судлах, бүлгийг бүрдүүлж буй хүмүүсийн зан үйлийн хэв маяг, үүргийг зохицуулах нөхцлийн цогц байдлыг гаргаж авахаар хичээдэг.
Нийгмийг бүрдүүлэгч хүмүүсийн аж байдал, сэтгэлийн боловсрол, тухайн хүмүүсийн анхдагч болон хоёрдогч, дараа дараачийн хэрэгцээнүүд хэрхэн хангагдсан, эсвэл хангагдах эсэхээс хамааран нийгмийн харилцаанд оролцож буй үйлдэл нь харилцан адилгүй байдаг. Хүний мөн чанар өөрөө л сайхан таатай байхаар асуудлаа шийдэхийг эрмэлздэг, хүрээлэн буй орчин хамаагүй гэх ч нийгмийн сэтгэл зүй амьдралын хэвшил, үзэлд маш том нөлөөлөл үзүүлдэг. Мөн нийгмийн сэтгэл зүй эрүүл, таатай эерэг байхад хүн бүрийн оролцоо чухал төдийгүй үүнд улстөр, нийгэм, эдийн засгийн орчин ч хамаатай.
Монголын нийгмийн сэтгэл зүй түгшүүртэй гэж хэлж болно. Цахим орчинд төдийгүй амьдрал дээр ч сөрөг хандлага, дайралтуудыг өдөр тутамдаа мэдэрдэг боллоо.
Нийгмийн харилцааны цахим хэрэгслийн хэрэглээ их, нийтэд чиглэсэн чанаргүй мэдээллийн сайтууд олон, түүнчлэн аз жаргалтай амьдралын хэв маяг мөнгө, илүү материаллаг зүйлүүд рүү чиглэсэн сөрөг давалгаанд “хордож” байна. Хүн амын дунд явагдсан судалгаагаар нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн амьдралын чанар, аз жаргал буурсан нь илрэв. Энэ нь нийгэмд ажилгүйдэл, архидалт, амиа хорлолт, гэр бүл салалт өссөнтэй холбоотой. 2002 оноос хойших гэрлэлт ба салалтын тоон утгаас авч үзэхэд өдөрт 10+1 гэр бүл салж, тухайн гэр бүлийн хүүхдийн тооноос хамаараад жилд арав гаруй мянган хүүхэд хагас гэр бүлд өсч торниж байна. Хүний оюун санаа, сэтгэцийн эрүүл мэнд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт дэмжлэг муугаас нийгмийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд ужгирдаг.
Нөгөө талд улс төрийн хэт шоу, сөрөг шийдэл, хохиролтой шийдвэрүүд амьдралд хэт хурдан тусгалаа олдог учраас хүмүүст бухимдал төрүүлдэг.
Тухайн бухимдал нийгмийн нэгж хэсэг, бүлгүүдээр дамжиж нийгэмдээ тархан, хариу үйлдлүүд нь бүгд сөрөг байдаг. Ер нь нийгмийн сэтгэл зүй гэмтээд удлаа.
Сэтгэлзүйчдийн сүүлийн үеийн судалгаагаар монгол хүний 60 хувь нь ямар нэгэн байдлаар сэтгэцийн эмгэгтэй, сэтгэлзүйн хувьд тогтворгүй гэсэн үзүүлэлт гарчээ. Дэлхийн төвшинд байдаг л тоо.
Гэтэл монголчууд цөөхүүлээ, тиймээс нэн тэргүүнд бодох ёстой асуудал. Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал бүх талаар нийгмийн сэтгэлзүйд нөлөөлж байна.Гадаад хүчин зүйлд нийгмийн орчин ихээхэн нөлөөтэй.
Нийгэм бохирдолтой, бухимдалтай байгааг олон талаас тайлбарлаж болно. 1990-ээд оны үе гэхэд 60-70 жил нэг хэмнэлээр явж ирсэн улс төр, эдийн засгийн байдал, нийгмийн амьдрал огцом өөрчлөгдөв. Энэ өөрчлөлтөд хүмүүсийн сэтгэлзүй бэлтгэгдээгүй байсан нь хүндээр тусч тэр үеийн хүүхдүүд өнөөдөр улс орны жолоодлогыг гартаа авсан. Үүний нөлөө ч бий Бид өсвөр үе, залуучууддаа ямар хөрөнгө оруулалт хийж, юу анхаарч, яаж тусалж дэмжиж байна вэ. Түүгээр 30 жилийн дараа тэр залуус гарч ирнэ. Тэгэхээр өнөөдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал 30 жилийн өмнөхтэй холбоотой.
Үзэл бодол нь төлөвшөөгүй, үнэ цэнэ нь байхгүй болчихсон хүмүүс хөгжилд нөлөөлж байдаг. Улс төрийн болоод эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал нь хүмүүсийг бухимдуулж, уурлуулах үндэс юм. Гол нь тогтворгүй байдал их нөлөөтэй. Гэр бүлийн тогтворгүй байдал хүүхдийн хөгжил төлөвшилд шууд нөлөөлдөг.
1990-ээд онд толгой дараалан гэр бүл салж, хүүхдүүд өнчирч, хэсэг бүлгээрээ гадаад явж, тавиул хүүхдүүд олширсон. Одоо тэд эцэг, эх болсон. Нийгмийн уур бухимдал, стрессийн талаар ярихад ийм олон хүчин зүйлийг дурдах хэрэгтэй.
Нийгэм ёс суртахууны доройтолд орж, ёс суртахуун уланд гишгэгдсэн.Ёс суртахуунтай газар хууль ч хэрэггүй гэж үг бий. Ёс суртахуун өөрөө амьдралын хэм хэмжээг зохицуулдаг. Гэтэл өнөөдөр ёс суртахуун асар их доройтсныг бид алхам тутамдаа харж байна. Ёс суртахууны доройтол нийгмийн үе шат бүрт бузар муухай, байж болшгүй үйлдлүүд газар авахад хүргэдэг. 20-30 жилийн өмнө ийм зүйл байсан уу гэвэл байсан. Түүнээс хойш өссөн. Наад зах нь зам тээврийн ослын тоог хар. Хүмүүс согтуугаар жолоо барьж, бие биедээ зам тавьж өгөхгүй хурд хэтрүүлдэг.Осол аюулгүйн дүрмээ баримталдаггүй. Энэ бүхэн ёс суртахууны доройтолтой холбоотой.
Хамгийн их хөрөнгө оруулалт хийх, харах ёстой өнцөг бол ирээдүй хойч үе, үр хүүхэд. Тэд ирээдүйд улс эх орныг авч явах төрийн түшээ, эцэг эх болох учир багаас нь анхаарах ёстой. Өнөөдөр төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн хүүхэд ирээдүйд хэн болох вэ. Хүчирхийлэл хүүхдийн сэтгэхүй, бодол санаа, тархины хөгжилд шууд нөлөөлдөг.
Америкийн судлаачид гурван настай хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад эрүүл, эцэг эхийн хайранд өссөн хүүхдийн тархи байх ёстой хэмжээндээ, харин хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тархи агшсан үзүүлэлт гарчээ. Агшсан тархитай хүүхэд аливааг зөвөөр, сайнаар бодох чадвараа алдчихсан, эргэцүүлэх, харьцуулах, анхаарлаа хандуулах, ургуулан бодох чадваргүй болсон гэсэн үг.
Бага насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд маш их хохирол амсдаг. Тиймээс бүх шатанд хүүхдүүддээ анхаарч, гэмт хэргээс сэргийлж, хамгаалах хэрэгтэй. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдөө өнөөгийн хүүхдүүдэд таарч тохирох хүмүүжил, төлөвшлийн арга барилд суралцах цаг үе иржээ.
Хүний хөгжлийн анхны суурь эхийн хэвлийд бүрэлдэн, бойжих үеэс эхэлдэг. Монголчууд эмэгтэй хүнийг хүүхэд олмогц ургийн сайн сайхан, аз жаргалын төлөө өвөрмөц маягаар анхаарч ирсэн уламжлалтай.
Жирэмсэн эхийг монголчууд Тулгар эх гэж нэрлэх бөгөөд Тулгар эхийн ойр орчмын хүмүүс нэг талаасаа хүүхэд төрүүлэх эхийг нөгөө талаасаа ургийг хүндэлж зөв бойжиход тусалж байгаа юм.
Эхийн сэтгэл зүйг тайван байлгахад нөхөр буюу өрхийн тэргүүн чухал үүрэг гүйцэтгэдэг.
Эхийг сэтгэл санаа хямарч, бузар мууг бодож, гомдон шаналах нь ургийн хүмүүжил төлөвшил, зан ааш, оюун ухаанд муугаар нөлөөлж согогтой, хүмүүжилгүй хүүхэд болно гэж үздэг.
Тухайлбал: Тулгар эхийг айлгаж цочоох, сэтгэлийг нь донсолгон түгшээхгүй байх хэрэгтэй. Эс гүйцэтгэвээс үр зулбах, дутуу төрөх, хүүхэд цочимтгой болох аюултай гэж үздэг. Мөн горьдоох, гомдоохыг цээрлэнэ. Мөн жирэмсэн эмэгтэйд гар хүрэхийг хатуу хориглодог. Ийнхүү хүүхэд төрж, мэдээ орох цагаас гэр бүлийн гишүүд бусадтай маргалдах, хэрүүл тэмцэл хийхээс зайлсхийн өөрийн явдал мөрөө цэгцлэн, муу үйл хийхээс цээрлэн хүүхдэд элдэв гай харгахаас сэргийлдэг.
Монгол ёс заншилд гэрийн хүмүүжил асар их үүрэгтэй. Гэрийн хүмүүжилд дараах хэдэн чиглэлийг баримталж байжээ. Тухайлбал: багаас нь бэрхшээл зовлонг давж сургах, үнэнч шударга байх, аав, ээж, ахмад хүмүүсийг хүндэтгэх ёсонд сургах, дүү нараа асрах гэх мэт. 6-7 наснаас нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хийх ажил хүмүүжилд ялгаатай хандаж, хөвүүн нь аав, ах нараа дагаж адуу манах, морь уургалах, мал хариулах, ан агнах, аян жинд явах зэрэг ажлыг сурдаг бол охин нь эх, эгч нарынхаа дэргэд үйл оёх, хоол унд хийх, цагаан идээ боловсруулах сааль саах зэргээр гэр орны ажилд суралцдаг аж.
Гэрийн хүмүүжлийн гол арга нь ХӨДӨЛМӨР. Хүүхдийг хэр чадалд нь тохирсон ажил хийлгэдэг нарийн дэгтэй байжээ. “То гүний 3 үсэгт” хэмээх сургаалд:
• Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сургана
• Хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана
• Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна
• Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих эцэг эхээ хүндэтгэхийг сургана гэжээ.
Хүүхдийг ийнхүү амьдралын ухаан суулгаж, амьжиргааны дөртэй болгохдоо аливаа ажлыг үгээр биш, биеэрээ үлгэрлэж дагаж дуурайлган сургадаг нь гэрийн хүмүүжлийн нэг онцлог аж.
Хүүхдийг амьдрах ухаанд сургахдаа:
Эрхийг сурахаар бэрхийг сур
Зуу сонссоноос нэг үз гэсэн зарчмаар хүмүүжүүлж байжээ.
Бас хүүхдэд
1. Гашуунаар бүү тэтгэ
2. Амттанаар бүү цатга.
3. Өнгөнд бүү шунуул
4. Тансагт бүү умбуул
5. Улайг бүү үзүүл
6. Нойронд бүү автуул хэмээн сургажээ.
Ахмад үеийнхэн хүүхдийг “Эвий минь, хөөрхий минь” гэж үнсч үнгэж эрхлүүлдэггүй байж. Магтаал маш цөөн хэрэглэдэг, тэгэхдээ учиргүй хөөргөдөггүй тун даруухнаар: “Миний хүү овоо шүү” гээд нутаг орондоо нэр хүндтэй, ажилч хичээнгүй ахмад хүний нэр зааж ... тэр гуай шиг хүн болох нь гэдэг байжээ.
Бас хүүхдийг чадан ядан хийсэн зүйлийг голдоггүй, буруу байвал үглэж, хараадаггүй, харин биеэрээ үлгэрлэж үзүүлээд өөрөөр нь дахин хийлгэдэг байжээ. Хүүхдийг багаас нь өлчир болгохын тулд зун намрын улиралд хөл нүцгэн явуулж, зуны эхэн сараас намрын адаг сар дуустал голдуу сүү, тараг, аарц, ээдэм, өрөм, бяслаг идүүлж мах төдийлөн хэрэглүүлдэггүй байж.
Хүүхдэд зөв хүмүүжил төлөвшүүлэх анхдагч орчин нь гэр бүл, эх хоёр. Тэдний үлгэр дууриал онцгой нөлөөтэй.
Хүүхдийг хүн болгоно гэдэг маш ухаалаг уйгагүй нарийн чимхлүүр ажил. Энэнд сурган хүмүүжүүлэх ухааны мэдлэг зайлшгүй хэрэгтэй.
Ардын сурган хүмүүжүүлэх зүйн 10 зарчим:
1. Хүүхдээ зөв хайрлах
2. Хүүхдээ хамгаалж явах
3. Хүүхдээ сайнаар үлгэрлэх
4. Хүүхэдтэйгээ хамт үйл хийх
5. Хүүхэдтэйгээ хамт наадах
6. Хүүхэддээ амьдрах ухаан заах
7. Хүүхдээ чих зөөлөнтэй өсгөх
8. Хүүхэддээ хүчий нь хэлэх
9. Хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу
10. Хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга.
Хүүхэд маш их дууриамтгай зантай. Эцэг эх нь ямар ааш зантай биеэ яаж авч явдаг, аливаа юманд яаж ханддагийг яг дууриадаг. Хүүхэд ахуйн амьдралд хамгийн хайртай, үнэтэй хүн нь ЭХ. Эхийн ёс суртахуун нь хүүхдийн ёс суртахуун төлөвшихөд онцгой нөлөөтэй.
Эцэг эхийн ямагт анхаар ч явууштай зүйл бол:
• Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж зодолдохыг цээрлэх
• Эцэг эхийн шаардлага нэгдмэл байх
• Үгийг оновчтой зөв хэрэглэх
• Амалснаа биелүүлэх
Үгийн хүмүүжүүлэх нөлөөг ухаардаггүйгээс байнга үглэж, яншсаар хүүхдийг хэнэггүй дөжирсөн зантай болгодог.
Хүүхдийг ёс суртахуунтай болгон төлөвшүүлэх хэд хэдэн арга бий:
• Эцэг эхийн хувийн үлгэр дууриал
• Эцэг эхийн итгүүлэх, тайлбарлах, урамшуулах үг яриа
• Уран зохиол, урлагийн бүтээлүүд ашиглан хүүхдийн ухамсар сэтгэлд нөлөөлөх гэх мэт.
• “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн цэцэг үг шиг хүүхдэд ёс суртахууны хүмүүжлийг төлөвшүүлэхэд сайшаал зэмлэлийг зөв хослуулах нь чухал.
Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйд хүүхдийг:
• 0-5 насанд нь хан хөвүүн мэт асар
• 6-10 насанд нь биедээ сүүдэр мэт дагуул
• 11-15 насанд нь биеийг нь даалга
• 16 наснаас нь найз нөхөр мэт харилц хэмээжээ.
Эцэг хүний цээрлэх найман зүйл:
1. Бор дарсанд үл шунах
2. Болчимгүй үгэнд үл автах
3. Болох болохгүй хэргийг үл сэдэх
4. Үр хүүхдээ үл хараах
5. Үнэнч ханийг үл гомдоох
6. Үйлийн хэцүүгээс үл шантрах
7. Үйтэн хуарын өнгөнд үл автах хэмээн сургажээ.
Уламжлалт ёс заншил устахын хэрээр бидний үр хүүхэд залуу үе хэн гэдгээ мэдээгүй, цээрлүүштэй бүхнийг үйлдэн улмаар арилжааны зорилготой элдэв кино, нэвтрүүлэг, тоглоомд донтох, сэтгэхүй нь хэвийн бус улмаар бүхлээрээ хэрцгий, хэвгий, доншуур, дулдуй, залхуу, завхай, бурангуй, бүрхэг болох аюул нүүрэлжээ.
Д.ЭНХБАТ
Эх сурвалж: "Ардчилал" сонин
Сэтгэгдэл
yhaarchgaa!!!zaluus aa!!!sasiniig sydal?.... [148.60.92.227] 2022-05-03 09:54:27
yadyyrlaas garch baij niigemiin setgel zyi zasrana?....deer ni Mongol hyn sasinlag baij zasrana,es tegbees adgyystai yag adilhan !!!!hyniig sasinaar ni oyun yhaantai yum gedeg yos bii!!!!eneegiin zaluus munhag tamryygaa yabj baina?hezee negen chagt had mergeed ergeed sasinlag boloh ni damjiggyi ee!!ter chagt nygeleen namchilah gebel oroitson hereg bolno!!!
Зочин [220.195.71.106] 2022-05-03 08:44:24
Dan sorog har medee zonhilj baihad shuud noloolno
Зочин [202.9.46.144] 2022-05-03 06:40:30
Нийгэмийн сэтгэл зүй эрүүл бус байна.