Г.Лхам: Урин дулааны цагт хууль бусаар мод бэлтгэх болон ашигт малтмал олборлох, ан агнах гэмт хэрэг түлхүү үйлдэгддэг

Aдмин / Хууль

Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Г.Лхамтай Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар ярилцлаа.

Он гарснаас хойш Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн бэ?

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар 238 бүртгэгдсэн байна. Үүнийг төрлөөр нь авч үзвэл хууль бусаар мод бэлтгэх 144, хууль бусаар ашигт малтмал олборлох 5, химийн хорт, аюултай бодисыг эргэлтэд оруулах 8, ой хээрийн түймэр тавих 1 бүртгэгдсэн байна.

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажил нь зөвхөн илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулснаар Байгаль орчны тухай багц хуулиудын хэрэгжилтийг бүрэн хангаж чадахгүй. Тиймээс иргэд олон нийт, бүх шатны шийдвэр гаргагчдын экологийн боловсролыг дээшлүүлж, бүх нийтийн дэмжлэгийг авах нь хамгийн чухал юм.

Урин дулааны цагт хүрээлэн байгаа орчны эсрэг ямар төрлийн гэмт хэрэг түлхүү үйлдэгддэг вэ?

Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан хууль бусаар мод бэлтгэх болон хууль бусаар ашигт малтмал олборлох, ан агнах гэмт хэрэг түлхүү үйлдэгддэг.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээдгүй ухуулга сурталчилгааны ажлууд хийгдэж байна. Мөн “Амьтны тухай хууль”-ийн 9.2 дахь хэсэгт “Ахуйн болон тусгай зориулалтаар жил бүрийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд шувуу агнах, загас барихыг хориглох” тухай заалт байдаг. Урин дулааны улирал эхэлж газар гэсэж байгаатай холбоотой хууль бусаар ашигт малтмал олборлох хэрэг, зөрчил нэмэгддэг. Эдгээр гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр бид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Эдгээр гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл нь юу байдаг вэ?

Гол шалтгаан нөхцөл нь иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, мэдээ мэдээлэлгүй байгаагийн улмаас, мөн амар хялбар аргаар мөнгө олох зэргээс үүдэлтэй. Эдгээр хууль бус үйлдлүүдэд хуульд заасан арга хэмжээ тооцдог гэдгийг иргэд төдийлөн мэдэхгүй байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил өсөх нэг шалтгаан болж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлд заасан, мөн Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд зааснаар арга хэмжээ тооцдог. Хууль бусаар ашигт малтмал олборлох, хууль бусаар ан агнах зэрэг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 болон 24.5 дугаар зүйлд зааснаар тус тус хариуцлага хүлээлгэх талаар хуульчилсан байдаг.

Экологийн асуудал хариуцсан алба хаагчид хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?

Экологийн цагдаагийн алба болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газруудтай хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тухайлбал он гарснаас хойш “Эко-2022”, “Усан сан” бүхий хэсэгчилсэн арга хэмжээ, Лондонгийн амьтан судлалын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Эрэлч нохой” арга хэмжээнүүдийг тус тус зохион байгуулсан. Түүнчлэн энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн “Байгалиа хамгаалъя” арга хэмжээг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас 2020 оноос эхлэн “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд “Ногоон дуу хоолой” уриан дор жил бүр арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд Ногоон дуу нэрийн дор “Зөв мод, зөв арчилгаа” уриатайгаар арга хэмжээ зохион байгуулж байна. Иргэдийг мод тариад орхих биш цаашид хэрхэн зөв арчилж ургуулах тал дээр анхаарч ажиллаж байна.

Мөн 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 онд иргэд, олон нийтэд чиглэсэн “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Цаашдаа үе шаттайгаар ажил, арга хэмжээнүүд зохион байгуулна.

Арга хэмжээний хүрээнд хийгдэж буй онцлог ажлуудаасаа дурдвал.

Аян, арга хэмжээний хүрээнд иргэдийг мод тарихад уриалсан сэдэл өгсөн, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүүхэд залуучуудад зориулсан дуу бүтээх, хотын төвд бүтээлч самбар байршуулах, олон нийт өргөнөөр зорчдог газруудын хананд зорилтод зураг зуруулах, гэр хорооллын төвлөрсөн цэгт зурагт зураг зуруулах, гэр хорооллын ногоон байгууламж бүхий жишиг айл тохижуулах зэрэг бүтээлч ажлыг хийсэн.

Мөн ойн хомсдол, доройтлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор түймэрт өртсөн, хөнөөлт шавжид нэрвэгдсэн, мод бэлтгэсэн талбайг ойжуулах зорилгоор мэргэжлийн болон сайн дурын байгууллагуудтай хамтран мод тарих өдөрлөг арга хэмжээг үе шаттай зохион байгуулсан.

Энэхүү арга хэмжээ нь иргэдийг мод тарихад уриалсан, мод тарих, ургуулах соёлыг дэлгэрүүлсэн, хандлага, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн, буруу дадал хандлагад эерэгээр нөлөөлсөн, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлсэн үр дүнтэй ажил болсон. Цаашид ч бид үе шаттайгаар байгальд ээлтэй ажлуудыг хэрэгжүүлэх болно.

Урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгнө үү?

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс дан ганц хууль хяналтын байгууллага тэмцэх бус иргэн бүрийн оролцоо чухал. Бидний хийсэн буруу үйлдлээс болж байгаль эх минь дахин сэргээгдэхээргүй устгагдаж байна гэх ойлголт өгөх зорилгоор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх дорвитой арга хэмжээ авч, ард иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээ, мэдээллээр хангах төлөвлөгөө гаргаж ажиллах нь иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо чухал юм.

Цахим орчин хөгжсөн бүх төрлийн мэдээлэл авах боломжтой энэ үед иргэд маань өөрсдөө мэдээллээ авч, ухамсартай байгаарай гэж уриалж байна.

Иргэн бүр эх дэлхийгээ хайрлаж, хамгаалаасай гэж хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.191.41] 2022-05-14 14:54:51

Бэлгийн халдлага түлхүү гардаг

зочин [43.242.242.59] 2022-05-13 04:26:50

цагдаа хувцас гоё зхисон сайхан бүсгүй бн

1 [192.82.64.216] 2022-05-12 01:43:25

Зүүнхараад өвөл, зунгүй л мод бэлтгэдэг. Нэг ёсны өдөр бүр хийдэг жирийн ажил болсон


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.